ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ ҮҮ?

O.Admin
2021-04-15

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан жагсаал цуглаан зохион байгуулахыг АН-ын гишүүдэд уриалж эхэлсэн талаарх мэдээлэл энэ сарын 13-нд  цахим орчинд тархсан. Тэгвэл дээрх мэдээлэл хоёр хоногийн дараа буюу өнөөдөр батлагдах үйл явдал өрнөлөө. Нэгдсэн загвар, хийц бүхий уриа лоозонгоор жигдэрсэн иргэд Зайсан толгойн урд цуглаж хөл хориог мөрдүүлж байсан цагдаагийн алба хаагчдад багагүй хүндрэл учруулж байгаа аж.

Учир нь 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд буюу маргааш Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж үзсэн иргэн Т.Доржханд нарын мэдээллийг хэлэлцэх юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэн байх бөгөөд зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан. Уг өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж мэдээлэл гаргагчид үзсэн юм. Үндсэн хуулийн судлаач төдийгүй хуульчид ч “Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй”  хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс  Үндсэн хуулийн Цэцийн байранд хоёр ч удаа өөрийн биеэр очиж, УИХ дах АН-ын бүлгийн гишүүдийг ч мөн Цэцээс тайлбар шаардан очуулж байсан зэрэг үйлдэл нь Цэцэд удаа дараа нөлөөлөх гэсэн оролдлого гэж хуульчид тайлбарлаж байгаа билээ.

Иргэд хэдэн зуугаараа өвчилж, амь насаа алдагсдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн Цэцэд шахалт үзүүлэх гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан нь батлагдвал түүнийг Ерөнхийлөгч байх эрхтэй хүн мөн үү, үгүй юу гэх эргэлзээг нийтэд бий болгох нь гарцаагүй.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтөөр  “Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно” гэж заахдаа өмнөх Ерөнхийлөгчид  хоёр дахь удаагаа сонгогдохын тулд аль нэг нам эвсэлд үйлчилдэг, хууль шүүхийг ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг  зэрэг үйлдлийг таслан зогсоохын тулд “зөвхөн нэг  удаа сонгогдоно”  хэмээн заасан байдаг.