ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Даргын сунгаа: АН даргын сунгаагаа эхэлсэн ч, “Шонхор” таурынхан будлиантуулахаар улайрав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-09

УИХ-ын сонгуулийн дараа намын тамгаа Ц.Туваанд хадгалуулчхаад зугтаж алга болсон С.Эрдэнэ гэгч нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “оромж”-ноосоо гарч ирэн намаа орвонгоор нь эргүүлэх тоглолтыг амжилттай хийж байна. “Шонхор” таурынхаа түрээслэгчгүй болсон хэдэн өрөөнд цэнхэр лого байршуулчхаад АН-ын үйл ажиллагааг илт баллуурдсан тоглолт хийх бүрт нь жинхэнэ байранд нь сууж буй АН-ынхан юу ч хэлэхгүй гүрийж байлаа. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө нам байгуулж, Баянголынхоо хэдэн залуустай хамт улс төр хийж буй түүний үйлдлийг үл тоож, яаран дөвийлгөхийг хүсээгүй нь тодорхой. Гэвч С.Эрдэнэ “Чингисийн одон” тарааж, жижигхэн улс төр хийж суухыг хүссэнгүй ээ. Нам дамжсан бүлэглэл буюу Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтнүүдтэй нэгдэж нийлэн намаа хоёр хуваах ажлыг хийж, Улсын дээд шүүх хүртэл дотоод асуудлаа өндрийг нь авахуулж чадав. Өөрийнхөө тамгыг хүчингүй болгуулж, Ц.Тувааны тамгыг ч мөн хүчингүй болгож чадсан. Ардчилал хоёр хуваагдсан мэт харагдах тусмаа ашиг хүртэх Ардын намынхны захиалгыг биелүүлж, том сонгуулийн өмнө Ардчилсан нам С.Эрдэнэ гэгчийн хүсэл ёсоор удирдан чиглүүлэх даргагүй сууцгааж байна. Учир нь Улсын дээд шүүх С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын хэн хэнийг нь намын дарга гэж үзээгүй. Ингэхээр тэр хоёрын хэн нь ч намын дарга биш гэсэн үг. Углуургаараа харвал, Төв талбайн өмнөх цэнхэр байшинд оршин тогтнож буй Ц.Тувааны удирдлагад байсан хүмүүс л улс төрийн шийдвэр гаргаж, намын даргын сунгааг зохион байгуулах учиртай билээ. Тэр ч ёсоор Дотоод сонгуулийн хороо энэ сарын 28-ны өдөр Намын даргынхаа сонгуулийг улс орон даяар зохион байгуулах мэдэгдэл хийж, нэр дэвшигчдийг бүртгэв.

 

АН-ын залуу үеийн өрсөлдөөн ба Н.Алтанхуяг хасагдсан шалтгаан

 

Гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийг хийхээр болсон гэх мэдээллийг АН-ын ДоСХ-ны дарга И.Мөнхжаргал өгсөн даруйд С.Эрдэнэ “Шонхор” таурынхаа гурван давхарт байрлах хэвлэлийн албаараа дамжуулан АН-ын даргын сунгааг дөрөвдүгээр сарын 28-нд явуулна гэх мэдээллийг төлбөртэй тарааж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг зарлахаас хэдхэн өдрийн өмнө гэсэн үг. Ингэснээр АН ирэх сонгуульд хожигдоно. Ардын нам харин С.Эрдэнэ нарын дэмжлэгээр санаснаа биелүүлнэ гэсэн үг. Ямар ч хамаагүй үнээр намаа ялагдуулахын тулд тэрбээр явган заль хэрэглэж эхэлсэн нь тодорхой болсон. Тухайлбал, өглөө нь “Хамтдаа асуудлаа шийдье, эвлэрээд цаашаа явъя” хэмээн Ц.Тувааныг хурал руугаа дуудчхаад тэрхүү зургаа ашиглан “С.Эрдэний нам хүчтэй байна, Ц.Туваан өөрөө хүлээн зөвшөөрч манай хуралд суулаа. Манай “Шонхор” таурын нам хүчирхэг” гэсэн мессеж түгээхийг оролдсон хэрэг.

Гэвч тэр орой нь ДоСХ-ны дарга И.Мөнхжаргал гарч ирэн “С.Эрдэнэ хууль зөрчин, намын дүрмээ үл тоож эрх баригч намд үйлчиллээ. АН-ыг намын даргагүй Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахаар улайрч байна” хэмээн мэдээлэл хийсэн байдаг. Ингээд АН-ын даргын сунгааг эхлүүлж буйгаа зарласан бөгөөд нийт 18 нэр дэвшигч өрсөлдөхөөр хүсэлтээ өгчээ.

Тухайлбал, ЕТГ-ын дарга асан З.Энхболдын дэмжлэгтэй Б.Тулгат, М.Чимэддорж, П.Мөнхтулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэболд, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын талаас дэмжлэгтэй Хуульч О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Олон улсын бодлого судлаач Д.Пүрэвдаваа, мөн АН-ын шинэ үеийн залуус болох Б.Отгонбат, Б.Амарсайхан, С.Билэгсайхан, О.Амартүвшин, С.Эрдэний дэмжлэгтэй хүмүүс болох Т.Энхсайхан, Ц.Уртнасан нар өрсөлдөхөөр хүсэлтээ өгчээ. Ихэнх нь боловсорч гүйцээгүй түүхий залуус байгаа ч эртнээс яригдсан чанартай кандитат ч энэ жагсаалтад олон байна. Тэд бол О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Ж.Батсуурь нар. Эдгээр нэрсээс харахад хууль ёсны сунгаа мөн гэдгийг нэр дэвшигчдийнх нь жагсаалт харуулж байлаа. Харин “Алтангадас” фракцийг АН-аас салгаж удирдаж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, фракцийнхаа дүү П.Галиндэвтэй хамт өрсөлдөх хүсэлтээ өгсөн ч хоёулаа намаас хөөгдсөн гэх шалтгаантай байсан учраас өрсөлдүүлэх боломжгүй гэжээ. Гэхдээ СХД-ийн намаас ирүүлсэн албан бичгээс харвал С.Эрдэнэ намын даргаар ажиллаж байхдаа намаас хөөсөн тогтоол нь хууль бус учраас Н.Алтанхуяг, П.Галиндэв нарт өрсөлдөх боломж байгаа аж. Гэвч Н.Алтанхуяг УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдсөн учраас Намын даргын сунгаанд өрсөлдөх боломж бүрдэхгүй байгаа гэх асуудал яригдсан байна. Угтаа, Н.Алтанхуяг гишүүнийг намын сунгаанд оруулахгүй байх үүднээс С.Эрдэнийн талынхан бүх чадлаараа чармайж, намын даргын сунгааг юу ч биш болгож жонхууруулах ажлаа хийж байх аж. 

 

С.Эрдэний “нам” дотоод сонгуулийг будлиантуулах ажлаа эхлүүлэв

 

Хууль ёсны байрандаа хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, бүр намын даргын сунгаагаа зарлачихсан АН-ын үйл ажиллагаа С.Эрдэнэ тэргүүтнийг мөн л хөдөлгөөнд оруулав. Тэрбээр, АН-ын даргын албан ёсны сунгаа зарлах, нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэл маргааш /03.10/ болж, ирэх сард сонгууль явуулна гэх мэдээллийг өнөөдөр хэд, хэдэн сайтуудаар зэрэг түгээжээ. Тэрхүү мэдээлэл цацагдаж эхлэхтэй зэрэгцэн албан ёсоор өрсөлдөхөөр нэрсээ бүртгүүлээд байсан дөрвөн ч хүн намын даргын сунгаанаас нэрээ татсан гэх мэдээлэл гарлаа. Цаашдаа ч санаатай нөгөө талаас зарласан сонгуульд нэр дэвшсэн хүмүүс нь нэрээр татаснаар энэ сонгууль жинхэнэ биш байжээ гэх мессеж өгөх зорилго агуулсан нь тодорхой байгаа юм. Өөрөөр хэлбэл, маргааш зарлах С.Эрдэний намын сунгаанд бүртгүүлэх бололтой, тэд. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр С.Эрдэний намаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан О.Чулуунбилэг, “Нэг ардчилал” фракцийн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ өөрөө өрсөлдөхөөр яригдаж байгаа аж. Мөн Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэболд зэрэг зохион байгуулалттайгаар өрсөлдөөнд нэрээ бүртгүүлсэн нэр дэвшигчдийн зүгээс “АН нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө авч байна” гэсэн мессежийг санаатай түгээж эхэлсэн нь тодорхой болов. Түүнчлэн, Ц.Оюунгэрэл бүртгэлээ хийлгэсэн ДоСХ-доо танай ашиглаж байгаа тамга хүчинтэй юм уу гэх мэтээр бичиг явуулж эхэлсэн нь энэхүү сонгуулийг будлиантуулах Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарын санаархал биелэлээ олж эхэлснийг нотлох ажээ. Ц.Оюунгэрэл шиг чамбай нэр дэвшигч хэзээ ч хууль бус тамгатай намын ДоСХ-д бүртгэл хийлгэхгүй нь тодорхой билээ. Мөн АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй С.Эрдэнэболд дэнчингийн мөнгө авч болохгүй гэдгийг дахин сануулна хэмээн албан бичиг үйлдсэнээ өчигдөр олон нийтийн сүлжээнд байршуулав.

Угтаа Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэболд нар дэнчингийн мөнгө нэр дэвшигчдээсээ нэхлээ гэх мессежийг зохион байгуулалттай түгээх, мөн дотоод сонгуулийн хорооны тамга жинхэнэ биш юм байна гэсэн яриа гаргаснаар энэ сонгуулийг хүчингүй болгохоор улайрч эхэлжээ хэмээн олон нийт хардаж байна.

Гэтэл нэг нэр дэвшигчийн гаргах ёстой 93 сая төгрөг нь сонгуулийн зардлаа өөрсдөө бүрдүүлж буй асуудал юм гэдгийг хуульч О.Алтангэрэл тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр нэр дэвшигчид 330 сум, 21 аймагт өөрсдийгөө таниулах ёстой. Жирийн гишүүдийнхээ саналыг авахын тулд тараах материал хийх, мөн цөөн хүнтэй уулзалт хийх зэргээр сурталчилгаа явуулна. Нэмээд хэн нь хэн бэ гэдгээ харуулахын тулд хэвлэлийн сурталчилгаа ч хийж таарна. Энэ бүхэнд намаас гадна нэр дэвшигчид өөрсдөө мөнгө босгосноор 1.2 тэрбум төгрөгөөр 16 хүний сурталчилгааг хийхээр төсөв гаргажээ. Энэ нь МАН-ын ойгоо тэмдэглэсэн 7 тэрбумаас хэд дахин бага мөнгө. Гэтэл АН нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө босголоо, эгэл жирийн гишүүд нь арайхийн олж байна гэсэн мессеж шидэж, зарим нь хандив цуглуулах нэрээр жүжиг тавьж буй нь сонгуулийн үнэ цэнгүй болгох нэг хэсгийн захиалга биз ээ.