ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.ГАНСҮХ: Улстөржөөгүй үлдсэн ганцхан байгууллага бол ҮАБЗ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-09

ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Энэ талаар ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тайлбар өглөө. Тэрбээр “Энэ бол хуурамч мэдээлэл. Гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараалаа. Улс төрийн зорилгоор ийм мэдээлэл тараасан байх гэж ойлгож байна. ҮАБЗ-ийн ажил алба бол төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид төрийн албаны болон цэргийн тангараг өргөсөн тусгай албан хаагчид байдаг. Энэ албан хаагчид ҮАБЗ болон Монгол Улсын язгуурыг эрхийг хамгаалах эрхээ хуулийн хүрээнд чин шудрагаар биелүүлж байгаа. Бид ОХУ-д ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учир машинаар явж ажилласан. Бидний үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг. Иймд пи ар сурталчилгаа хийх шаардлагагүй.

Манай албан хаагчид тусгай үүрэг биелүүлэхээр яваад буцаж, ирсэн. Түүнчлэн унаж явсан машин гааль, хяналтаар шалгагдсан. Машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй, байх ч боломжгүй. Харин Ерөнхийлөгч болон хуучин Ерөнхий сайдын хооронд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын үед ҮАБЗ ийм хууль бус үйл ажиллагаа хийхгүй, хийдэг ч үгүй гэдгийг дахин хэлье. Өнөөдөр хил хамгаалах, гааль, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын харъяа байгууллагууд. Энэ байгууллагуудыг даваад их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм тэнэг үйл ажиллагааг хийх ч үгүй. Үүнийг харин эрх мэдэлтэнгүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс эсвэл улс төрийн хүчин ийм зүйл хийдэг. Улстөржөөгүй үлдсэн ганцхан байгууллага бол ҮАБЗ-ийн ажлын алба” гэв.