ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.ЖАВХЛАН: Төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийг олгох боломжгүй, НОСК өөрөө хариуцах хэрэгтэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-09

Эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг Сангийн яам, Монголбанкнаас дэлгэрэнгүй танилцуулах үеэр цөөн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө. 

-Зээлийг арилжааны банкаар дамжуулах уу. Хэрвээ барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгж, бизнесийнхэн яах вэ?

-Өнгөрсөн онд олгосон зээл багадсан. 2020 онд нийт банкны системээр дамжиж гардаг зээл 15 хувиар буюу гурван их наяд төгрөгөөр багассан. Тэр хэмжээгээр зах зээлд хүлээлт үүсчихсэн. Орон зай нь дутагдаж байна гэсэн үг. Энэ удаа зээл олгохдоо хүртээмжтэй байх, зөв хүндээ очих боломжтой болгох үүднээс мэргэжлийн  байгууллагаар дамжуулж олгох бодлогын шийдвэр гарсан байгаа.

-Зээлээ зориулалтын бусаар ашиглахад хяналт тавих уу. Өмнө нь зээл авчихаад зориулалтын бусаар ашигласан зөрчил нэлээд гарсан байдаг?

-Зээлээ зориулалтын бусаар ашиглахыг банкууд маш амархан илрүүлнэ. Банк мөнгөний урсгалыг хянах дэд бүтэц нэг үеэ бодвол маш сайжирсан. Мөн төв банк болон Засгийн газраас давхар хяналт тавиад явна. Зориулалтын бусаар ашигласан байвал Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээ нь зогсох, хөнгөлөлт авсан хүүг нь эргүүлж төлүүлэх зэрэг банканд  ч мөн эрсдэл давхар учрах гэрээний зохицуулалт хийсэн. 

-Эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед төсөвт тодотгол хийх үү?

-Тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Энэ нь өөрөө Төсвийн тухай хуулиараа нөхцөл нь тодорхой болсон байх шаардлагатай бөгөөд одоо төсвийн тодотголыг ярих эрт байна. Төсвийн орлого хоёрдугаар сард 100 хувиас  бага зэрэг давсан үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн хөдөлгөөн идэвхжихийн хэрээр орлого хэвийн байдалдаа ирж байна. Төсвийн хөрөнгө оруулалт дээр одоогоор эрсдэл үүсээгүй. 

-НОСК-аас төрийн албан хаагчдад олгосон орон сууцны санхүүжилтийг Сангийн яамнаас олгох уу. Мөн жирийн иргэдийн орон сууцны ордерыг өнөө хэр нь гаргаж өгөхгүй байна?

-НОСК-аас өнгөрсөн жил  коронавирусийн эсрэг эрсдэлтэй нөхцөлд нүүр тулж ажилласан төрийн албан хаагчдад орон сууцыг нь биет байдлаар олгочихоод санхүүжилтийг нь хүлээж байгаа юм билээ. Өнгөрсөн жил бүх бондоо гаргаж, арилжаалаад тухайн ондоо буюу 2020 ондоо багтаад мөнгөө өгөлцсөн байх ёстой. Сангийн яам, Засгийн газар хүүгийн хөнгөлөлтийн зөрүүг нь төсөвлөчихсөн байсан. Гэтэл одоо болохоор үүнийг зориуд улс төржүүлээд Сангийн яамны гадна хүмүүс жагсаагаад байна. Сангийн яам мөнгө өгөхгүй шүү дээ. Мөнгө ч төсөвлөөгүй. Түүнчлэн 2020 онд НОСК, Монголбанк хоёрын хооронд арилжаа нь явж, санхүүжилт нь гараад, төсөвт сууснаар хүүгийн хөнгөлөлтийг нь өгөх ёстой байсан. НОСК өөрөө гаргаж чадахгүй хариуцлага бас хугацаа алдсан. Төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийн мөнгө өгөх ямар ч боломжгүй. НОСК өөрөө хариуцах хэрэгтэй.