ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэлхийн банктай хамтарна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-05

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Дэлхийн банктай 30 гаруй жилийн турш хамтран ажиллаж агаар орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалах чиглэлд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Өнөөдрийн уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгаль хамгаалах, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ойрын болон урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцлаа.

Энэ үеэр сайд Н.Уртнасан хэлэхдээ Дэлхийн банктай хамтран хөрсний бохирдол, ойжуулалт, хаягдал усыг дахин ашиглах, байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт зэрэг томоохон ажлууд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Суурин төлөөлөгч Андрей Михнев Дэлхийн банкнаас Ковид-19 цар тахал аялал жуулчлалын салбарт үзүүлж байгаа нөлөөллийн талаар томоохон судалгааны ажлыг хийж, дуусах шатандаа орсныг онцолсон бөгөөд эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа Аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, чадавхжуулах ажлын хүрээнд хамтран ажиллах боломжуудыг судлана гэдгээ илэрхийлсэн юм.

 Уулзалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд хамтран ажиллаж үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.