ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дараах хэргүүдийг эзэн холбогдогчгүй хэмээн “ХААХ” санал гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-05

Өнгөрөгч 2019-2020 онд олны анхаарлыг татсан томоохон хэргүүд гарч байсан. Тэгвэл эдгээр хэргүүдээс цөөнгүйг нь эзэн холбогдогч олдоогүй гэх үндэслэлээр хааж байгаа аж. Уг хэргүүдийн талаар тоймлон хүргэе.

 

Г.Батхүү агсаны хэргийг хааж байна

 

УИХ-ын Дэд дарга, УИХ-ын гишүүн асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд уулзалтад орж байхдаа хоёр давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Уг хэрэгт холбогдуулан цөөнгүй хүмүүсийг шалгаж байцааж, мөн хамгийн сүүлд уулзсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг ч талийгаачийн ар гэрийнхэн нь буруутгаж байлаа. ОУПХ, Хүний эрхийн байгууллагад талийгаачийн хүүхдүүд хандаж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байв. Тэгвэл хоёр жил орчим шалгасан уг хэрэгт эзэн холбогдогч олдоогүй учраас хэргийг хаах санал гарсан аж. Талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлт нь тархинд цус харвасны улмаас гэж гарсан байдаг. Гэсэн ч зүүн нүд нь хөхөрсөн зэрэг олон шалтгааны улмаас түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан байж магадгүй хэмээн хэргийг шалгаж байсан юм.

 

Сагсчин залуусын хэрэгт эзэн холбогдогч байхгүй учраас хаана

 

Өнгөрөгч хоёрдугаар сард Монголын сагсанбөмбөгийн Дээд лиг “23 Стормс” багийн тоглогч Т.Их-Уул, Отгонтэнгэр Их сургуулийн сагсанбөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт найзынхаа төрсөн өдөрт уригдсан байхдаа муудалцаж, нэгнээ хутгалж хөнөөсөн билээ. Талийгаач Т.Их-Уул нь Х.Цогтсайханыг хутгалсныхаа дараа өөрөө түргэн тусламж дуудсан байдаг. Гэсэн ч их хэмжээний цус алдсаны улмаас найз нь амиа алдсан гэдгийг дуулгасны дараа 15 давхар руу гарч өндрөөс үсрэн амиа алдсан билээ. Тэгвэл уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж дуусаад эзэн холбогдогч нь байхгүй, нас барсан учраас хэргийг хаах санал хүргүүлжээ.

 

Жагсаал зохион байгуулсан гэх үндэслэл байхгүй учраас хэргийг хаана гэв  

 

Өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Төв талбайд иргэд эх, үр хоёрыг эмнэлгээс тусгаарлалтын өрөө рүү авч явахдаа хүнлэг бус хандсан үйлдэлд дургүйцэн жагсаал зохион байгуулсан. Тэгвэл энэхүү жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулж, төрийн эргэлт хийхээр санаархлаа гэсэн мэдэгдлийг маргааш нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийж, албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн юм. Харин Төрийн тэргүүний зүгээс “Энэ бол нам дамжсан бүлэглэл эрх мэдэлд хүрэхээр улайрсан үйлдэл. Иргэд сайн дураар нэгдсэн жагсаалыг зохион байгуулалттай хэмээн гүтгэлээ” гэсэн мэдэгдэл хийсэн байдаг. Тэгвэл энэ жагсаалын ард хэн байсан, үнэхээр санхүүжүүлэгч байсан уу гэдгийг Цагдаа, Тагнуулын байгууллага шалгаж эзэн холбогдогч байхгүй гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал санхүүжүүлсэн гэх баримт, үндэслэл олдоогүй учраас хэргийг хаах талаар санал гарсан байна.

 

Төв талбайд шатаж амиа алдсан залуугийн хэргийг хаана

 

Хоёрдугаар сарын 08-ны өдөр Төв талбайд шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байх үеэр 34 настай залуу өөр дээрээ шатахуун асгаж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Хэрэг гарах үед залуугийн ойр явсан хоёр залуу болон цагдаагийн албан хаагчид хувцсаараа галыг унтраасан ч гал амьсгалын замыг нь боогдуулсны улмаас амиа алдсан байдаг. Талийгаачийг улс төрийн зорилготой амиа хорлох үйлдэл хийсэн үү гэдгийг Цагдаа, Тагнуулын байгууллагаас өнгөрсөн хугацаанд шалгасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, шагнал гардуулах өдөр зориуд зохион байгуулалттай үйл ажиллагаа явсан уу, залуу санамсаргүй байдлаар амиа алдсан уу гэдгийг шалгаж үзээд улс төрийн холбогдолгүй гэж үзэн хаах санал хүргүүлсэн бололтой. Талийгаачийн аав нь хүүг нас барснаас хойш өнөөдрийг хүртэл хүүгийн фэйсбүүкийг хэн нэгэн ашиглаад байна гэх мэдээллийг eguur.mn сайтад ярьжээ.  

 

Талийгаач М.Алтан-Оргилын хэргийг хаах уу

 

Өнгөрөгч оны долдугаар сарын 27-ны өдөр “Street dreams” шоуны ялагч, реппер Orice буюу М.Алтан-Оргил айлд хоноод таван давхрын цонхоор даавуу унжуулан бууж байхдаа хөл алдаж, өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед талийгаачийг найз охиныдоо хоноод гарч байсан гэх мэдээлэл гарсан ч талийгаачийн албан ёсны найз охин нь гарч ирэн “Надтай хамт байгаагүй. Тиймээс талийгаачийг зориуд санаатай амь насыг нь хөнөөсөн байх магадлалтай” хэмээн мэдэгдсэн. Мөн талийгаач аав, ээж нь ч хүү маань бусдад дээрэмдүүлсэн гэж цагдаад гомдол гаргаж байсан. Гэтэл тэр асуудлыг шалгаж үзээгүй, мөн шүүх эмнэлгийн дүгнэлт учир битүүлэг гарсан, танихгүй бүсгүйн гэрт яагаад байсан зэргийг шалгаж үзэхгүйгээр хэргийг хаах санал гаргасан аж. Гэвч талийгаачийн ээж, аав нь энэ хэргийг дахин шалгаж үзэх ёстой хэмээн эсэргүүцэж байгаа юм. Цагдаагийн байгууллага хэргийг хаах санал хүргүүлэхдээ “Задлан шинжилгээний хариу гадны нөлөөгүй гарсан” гэх үндэслэл гаргасан байна.