ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шадар сайд С.Амарсайхан "Март-8"-ныг тэмдэглэхгүй байхыг уриаллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-05

Монгол Улсад өнөөдөр коронавирусийн батлагдсан тохиолдол 2000 давж, өдөрт 40 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа юм. Тэр дундаа эх сурвалж тодорхойгүй шинэ голомт үүсэж эхэлсэн учраас Шадар сайд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхгүй байх санаачилга дэвшүүлжээ. Учир нь үйл ажиллагаа нь хэвийн болсон аж ахуйн нэгжүүд баярын үйл ажиллагаа зохион байгуулах, мөн урлагийнхан олноор тоглолт зохион байгуулахаар зар тарааж байгаа нь дахин цар тахлыг дотооддоо хяналтгүй алдах шалтгаан болоод байгаа юм.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан “Уриалж байна. Эрсдэл байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг. Бид ХАМТДАА эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан.

-Настан буурлуудтайгаа цахимаар золгосон.

-Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна.

-Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95 хувь хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна.

...Харин одоо "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу “Мартын 8”-ны баярыг хавтгайруулан тэмдэглэж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг эрчүүд, эмэгтэйчүүдээсээ уриалж байна. Байгууллага, хамт олон, иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах нь үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулах, ажил амьдрал хэвийн үргэлжлэх, улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломжийг бүрдүүлнэ” хэмээжээ.