ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Уртнасан сайд аялал жуулчлалын салбарынхнаас ажил хэрэгч, шуурхай гэсэн үнэлгээ авав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр томилогдсон даруйдаа л “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Тэр тусмаа түүхэн аялал жуулчлал маш чухал. Том бүтээн байгуулалт хийж чадсанаар Монгол Улс жилдээ олон жуулчин хүлээж авах боломж бүрдэнэ” хэмээн ярьсан. Улс орныг хөгжүүлэх тэргүүлэгч зургаан салбарын нэг нь яах аргагүй аялал жуулчлал гэдгийг дуулгаж, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт суулгасан байдаг.

Тэгвэл Ерөнхий сайдын албанд томилогдсоны дараа ч энэ чиглэлд анхаарал хандуулж, коронавирусийн дараа аялал жуулчлалыг хэрхэн сэргээх, дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллах баг бүрдүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Энэ хүрээндээ БОАЖ-ын сайдаар сэтгүүлч мэргэжилтэй Н.Уртнасан гэх бүсгүйг томилсон. Олон талаараа нийгэмд ил гарч танигдаагүй, попорч яваагүй учраас түүнийг хэрхэн ажиллах бол, ямар туршлагатай хүн юм бэ хэмээн олон нийт тандаж, сэтгүүлчид ч салбарынхаа төлөөлөлд зарим талаараа шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэгвэл Н.Уртнасан сайд ажлаа авсан даруйдаа хэд, хэдэн орны Элчин сайд нартай уулзалт хийж, зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн цар тахлын дараа сэргээх талаар ажил хэрэгч уулзалт хийгээдхэв.

Тухайлбал, жуулчдын асар их урсгалтай Хятад улсаас жуулчид татах талаар БНХАУ-ын Элчин сайдтай маш үр дүнтэй уулзалт хийсэн бол Япон улсын Элчин сайдтай байгаль орчноо хамгаалах, орон нутгийг ногооруулах, моджуулах асуудлаар болон жуулчин татах чиглэлээр мөн уулзалт хийсэн байна. Тэр ч байтугай ажлаа аваад сар гаруйн хугацаа өнгөрч буй атлаа  аялал жуулчлалын салбарынхныг гурван ч удаа дуудан уулзаж, цар тахлын дараа салбараа ямар байдлаар шинэ шатанд гаргаж, хөгжүүлэх вэ гэсэн гарц шийдлийг ярилцжээ. Аялал жуулчлалын салбарын 2300 аж ахуйн нэгжийн 88 мянган ажлын байрны төлөө ажиллаж чадах мэдрэмжтэй хүн иржээ хэмээн салбарынхнаасаа ажил хэрэгч, шуурхай гэсэн үнэлэлт авлаа. Ямартай ч өмнөх сайдтайгаа адилхан хурдан сэтгэж, хурдан шийдвэр гаргаж чадах чадамжтай гэдгээ сар гаруйн хугацаанд харуулж байгаа учраас ирэх жилээс энэ салбар эргээд хөл дээрээ босно гэх итгэл ч төрж буйгаа салбарынхан нь уулзалтын үеэр онцолжээ.