ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хэн, хэн үлдэх вэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-25

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох нэгэнт тодорхой болсон билээ. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга батламжилж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх учиртай. Харин шинэ Засгийн газарт хэн, хэн багтаж сонгогдон ажиллах вэ гэдэг нь олон нийтийн анхаарал татаж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн хувьд багтаа залуу хүмүүсийг түлхүү сонгон авч, ажиллуулах бодлогыг барьж байгаа. Гэхдээ дан ганц залуусаас бүрдсэн баг ажлын туршлага дутаж магадгүй. Түүнээс гадна цар тахалтай тэмцэж байгаа онцгой нөхцөлд бүх салбарт өөрчлөлт, хөдөлгөөн хийхгүй байхыг олон нийт анхааруулж байгаа. Ихэнх сайд нар өөрсдийгөө үлдээхийн тулд пиар хийж, салбарын хүмүүсээ хүртэл шахалтад оруулан жагсааж байгаа нь худлаа биш.

Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдлаас үүдэн жагсаал болж, төр засаг ганхсан байтал Т.Мөнхсайхан суудалдаа үлдэхийн тулд улайрах ажээ. Мөн Боловсролын сайдад Ч.Ундрам, Эрүүл мэндийн сайдад Ж.Чинбүрэн, П.Анужин, Шадар сайдад Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын даргад Д.Амарбаясгалан гэх мэтээр шинэ хүмүүс ч яригдаж байна. Тэгвэл Л.Оюун-Эрдэний тухайд хуучин танхимаас нэр цэвэр туршлагатай хүмүүсийг авч үлдэнэ гэдгээ намынхаа бүлэгт танилцуулсан гэх. 

Тодруулбал, туршлагатай, нэр цэвэр, ажлаа мэддэг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Барилга хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар нарыг авч үлдэхээр ярьжээ. Мөн олон нийт ч мэргэжлийн сайд нарыг түүний танхимд багтаасай гэж хүсэж байгаа юм. Тэд өөр өөрсдийн салбараа амжилттай удирдаж, онцгой цаг үед алдаа дутагдал гаргахгүй зүтгэж байна.