ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Шижир: УИХ, Засгийн газар авлигатай тэмцэж чадахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-25

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-аас баталсан Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай багц хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тус бүрт нь хэсэгчилсэн хориг тавьсан.

Засгийн газраас өргөн барьсан Авлигын эсрэг хуульд зөвхөн АТГ-ын дэд даргыг дарга нь өөрөө томилдлог болох тухай заалт оруулсан байсан юм. УИХ хэлэлцэхдээ ганцхан гишүүний гаргасан саналаар АТГ-ын дарга, дэд даргын алийг нь ч Ерөнхийлөгч санал болгодог зохицуулалтыг авсан. Харин АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгож, УИХ томилдог байхаар баталсан. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан.

Мөн ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог бүрэлдүүлэхтэй холбоотой зохицуулалт дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ хоёр байгууллага нь улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой. Гэвч ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог УИХ-аас хараат байдлаар томилох гэж байна хэмээн үзэж байгаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргын томилгоонд дээд шатны удирдлага нь шууд оролцохоор болсон нь сонгогчдын сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан явдал болж байна гэж үзэж байгаа. Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга нь доод шатны Засаг даргыг хүссэн үедээ огцруулах санал гаргаж байгаа нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг улстөржүүлэх алхам болно гэж үзсэн. Иймд хэсэгчилсэн хориг тавьсан. УИХ, ЗГ АТГ-ын дарга, дэд даргыг томилдог байх нь авлигатай тэмцэж чадахгүй гэж үзэж байна” гэв.