ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Сүхбаатар: МАН хариуцлага хүлээхээс хулчийхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-21

УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Маш их харамсаж байна. Дунд шатны эмч хүн том алдаа гаргаснаас Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгч байна. Гэхдээ энэ ёс зүйг өөрөө эхлүүлж байгаад баяртай байна. Дунд болон доод шатны хүмүүст мөн хариуцлага тооцох ёстой. Өчигдрийн жагсаалд залуучууд чин сэтгэлээсээ жагсаж байсныг улс төрийн зохион байгуулалттай зүйл болгосонд харамсаж байна. Иргэдийн чөлөөт ардчилсан нийгэм байгуулах хүсэлийг улс төрийн зорилгоор ашигласан нь үнэн бол хариуцлага тооцох ёстой. Жирэмсэн ээжүүд, залуучуудын жагсаалд хэлсэн үг чин сэтгэлийнх байсан. Тэд дунд, доод шатанд хариуцлага тооцож өгөөч гэсэн болохоос биш Ерөнхий сайдыг огцор гэж хэлээгүй. Олон дарга нарт ийм жишиг тогтоосой гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:  Монголчууд өнөөдөр бид коронавирусийн эсрэг дайтаж байна. Хариуцлага итгэл гэдэг үгнүүд ихээр ярьж байна. Ерөнхий сайд огцорсон ч бодлогын тогтвортой байдал алдагдахгүй гэж үзэж байгаа. Намын даргын баримталсан бодлого буруу учраас алдаа гарсан гэж бодохгүй байна. Хэцүү үед хамт зүтгэж байсан хоёр сайд нь огцрох талаар хүсэлт ирсэн учир Ерөнхий сайд ёс зүйн үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа. Герман, Англид ч гэсэн ардчилсан дэглэмээ эсэргүүцээд тэмцэл хийж байна. Харин үүнд дөрөөлж улс төрийн ашиг харж болохгүй. МАН хариуцлага хүлээхээс хулчийхгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:  Хариуцлага үүрч явснаас биш зугатаж явсангүй. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч яваа байдлыг хараад миний охин, эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Би уур хүрвэл хүнтэй зодолдож, өрөвдвөл нулимс унагах ийм л нэгэн эр хүн. Коронавирусийн эсрэг тэмцэнэ гэдэг бол амар ажил биш юм билээ. Хорио цээрийн дэглэм хүн болгонд таалагддаггүй. Олон үйл явдлаас болж алдаа дутагдал гарсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ халуун цэг дээр гэр бүл, хань, ижлээ орхиод олон арван хүнийг эмчилж, өөрөө өвдөж байгаа хүмүүсийн буруу биш шүү. 190 мянга гаруй төрийн албан хаагчийн буруу гэж би хэлэхгүй. Уулын мод урттай, богинотой. Улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүмүүс хийж байгаа. Гэхдээ сэтгэлтэй нь илүү олон гэж бодож байна. Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна.

Ингээд гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа байнгын хорооны дэмжсэн Монгол Улсын Засгийн газар огцрох хүсэлтийг дэмжиж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу  95,2 хувийн санадаар дэмжив. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайд томилогдтол үүрэгт ажлаа хийхийг УИХ-ын тогтоолд тусгав.