ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сарангэрэл: Хуйвалдсан, хулгайлсан зүйл огт байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-19

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийг нэр бүхий компаниудаас авлига авч, тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн гэх мэдээллийг “Иргэний хяналт” ТББ-ын зүгээс явуулжээ. Тодруулбал, “Чамин алт”, “Мон ажнай”, "Жи Энд Юү Голд" компаниудын үйл ажиллагааг сэргээсэн нь тэдгээртэй холбоо хамааралтай гэх гүтгэлэг тараасан аж. Тэгвэл БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл энэхүү гүтгэлэгт албан ёсоор хариу өгсөн байна.

Тэрбээр, өөрийн нүүр номын албан ёсны хуудсандаа “Сүүлийн 3 өдөр зохион байгуулалттай явж буй гүтгэлэгт тайлбар өгье. "Чамин алт" , "Мон-Ажнай" , "Жи энд Юу гоулд" гурван компанийн үйл ажиллагааг зогсоож, гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан , ойн сан бүхий газартай давхацсан эсэхийг мэргэжлийн баг шалгаж давхацсан хэсгийг хасуулсаны дараа үйл ажиллагааг нь хуулийн дагуу сэргээсэн болно.

Тухайлбал, 2009 он буюу урт нэртэй хууль гарахаас өмнө олборлолт хийж байсан "Жи энд Юу гоулд" ХХК-ийн урсац бүрэлдэх эхтэй давхацсан 77 га талбайн зөвшөөрлийг хүчингүй болгосон. "Чамин алт"-ын тухайд урт нэртэй хууль гарахаас өмнө ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх гэж байна. " Мон-Ажнай " ХХК-ийн нүүрсний талбай урсац бүрэлдэх эх, ойн сантай давхцалгүй байна.

Энэ уурхай Хөвсгөл аймгийн дулааны цахилгаан станцыг нүүрсээр хангадаг. Ийм л юм. Хуйвалдсан, хулгайлсан, хахууль авсан зүйл үүнд байхгүй. Тиймээс "Иргэний хяналт" гэх ТББ-ын гүтгэлэг ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдье. Зохион байгуулалттай, гүтгэлгийн үйл ажиллагаандаа хагас жилийн турш хүн ардаа коронавирусын халдвараас хамгаалахын тулд хамт олонтойгоо амралт алжаалыг умартан зүтгэсэн үеийн маань зургийг ашиглан цацаж буй нь намайг бүх талаар харлуулах санаархал гэж үзэж байна” хэмээжээ.