ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оффшорчид л Ерөнхийлөгчийг эсэргүүцэн хамгийн чанга "хашгирч" байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн жилд хийсэн улс төрийн үг, үйлдлээрээ эгэл нэгнээс нь нэмэх оноо цуглуулж, эсрэгээрээ мөнгөтэй олигархиудын хорхойтой араанд зуугдаж буй нь худлаа биш. Тухайлбал, шинэ он солигдох торгон мөчид баярын хундага барьсан атлаа “оффшорчидтой хатуу тэмцэнэ” гэсэн хатуухан мэдэгдэл хийсэн нь эгэл жирийн иргэн бидэнд итгэл найдвар өгсөн бол мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгний толгойд “аянга” болж буусан биз. Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид олигархиудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг илрүүлж, буух эзэнтэй буцах мөртэй эзэн холбогдогчийг тогтоосоор байна. Ард иргэдийн итгэл найдварыг хүлээн алба хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргийг ч хууль хяналтынхан илрүүлэн, шалгаж эхлээд байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийн төлөөх шударга ёсны тэмцлээ эхлүүлээд байна” хэмээв. Улмаар цагаан захтнуудын хууль бусаар олж авсан, нуусан хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ард түмэн тэгш хуваарилж олгох санал гаргасан билээ.

                                             Оффшор бүсээс мөнгө орж ирсэн, ирээгүй

Улмаар, Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан санал, санаачилгаа зөвхөн шинэ оны мэндчилгээний “хачир” болгож үлдээхийг хүссэнгүй. Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатарт оффшор бүсээс орж ирэх мөнгийг Монголбанкны дэргэд төрийн тусгай сан байгуулан байршуулж, иргэдэд тэгш хүртээх тухай тогтоолын төсөл өргөн барьсан нь саяхны үйл явдал. Шинэ оны өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлж байсан саналаа УИХ-ын тогтоолын төсөл болгож өргөн барьсан нь тэр л дээ. Ингэснээрээ тэр хэтэрхий ширүүн галыг өөртөө дуудчихжээ. Хуулийн төсөл өргөн барьсан өдрөөс эхлээд л “Ерөнхийлөгч Х.Баттулга байхгүй мөнгийг амлаж, ард иргэдээ хуурлаа” гэх мессеж эрчимтэй тархаж эхэлснийг уншигч та анзаарсан байх аа. Гэтэл одоогоос нэг жилийн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сард АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан, эрхэлсэн комиссар асан Т.Баярхүү “2018 онд нийтдээ 74.9 сая, 2019 онд нэмээд 20 орчим сая ам.долларын асуудал бий. Нийтдээ 95 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгө, мөнгөний асуудал яригдаж байна. Энэ эцсийн тоо биш. Тодорхой хэмжээнд албан тушаалаа урвуулж ашигласан, хахуульд авсан мөнгөө оффшор бүсээр дамжуулаад эргээд Монгол Улсад оруулаад ирчихсэн. Үндсэндээ угаагдаад эргээд хөрөнгө оруулалт, байшин барилга, тоног төхөөрөмж хэлбэрээр орж ирээд эдийн засгийн эргэлтэд орчихсон. Үүнийг бид тогтооно. Зарим хөрөнгүүдийг битүүмжлээд хамгаалчихсан байгаа. Хэрэг шүүхээр шийдэгдсэн тохиолдолд хураагдах магадлалтай” хэмээн мэдэгдэж байжээ. Тэгэхээр оффшор бүсэд нуусан хөрөнгө Монголд орж ирсэн, бүр үл хөдлөх хөрөнгө болчихсон гэдэг нь тодорхой болсон гэсэн үг. Тухайлбал, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын орчимд хаус хороолол болчихсон хууль бус хөрөнгийг ч АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Түүнчлэн, оффшор бүсэд нийтийн албан тушаалтнууд данс эзэмшихийг хориглосноос хойш цөөнгүй хүмүүс мөнгөө эргүүлэн татсан гэдгийг ч АТГ-ын эх сурвалж онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос зарласан Монгол Улсын харьяат улс төр, бизнесийн салбарын 49 иргэний 85.9 сая ам.долларын хөрөнгө 2019 оны байдлаар оффшор бүсэд байршиж, мөн тухайн ондоо 74.9 сая ам.доллар нь мөнгө угаах зарчмаар буюу ямар нэг байдлаар үл хөдлөх хөрөнгө, байшин барилга, тоног төхөөрөмж болж Монголд орж иржээ.

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга байв. “Угаасан мөнгөөрөө барьсан үл хөдлөх хөрөнгийг чинь зарж борлуулж ард түмэн өгнө. Улсын биш хувийн дансаар оруулж ирсэн мөнгийг чинь ард түмэнд өгнө. Хяналттай болгоно. Хууль та нарын толгойг дахиж илэхгүй, мөнгийг чинь оруулж ирнэ” гэсэн ил шулуухан мэндчилгээнд хавчуулсан мэдэгдэл тэднийг айдаст автуулчихав. Оффшор бүсэд хөрөнгөтэй атлаа өнөөдрийг хүртэл үгүйсгэсээр, бас ядмагхан тайлбараар халхавчилж ирсэн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар тэргүүтнүүдэд айдас бий. Байшингуудаа заруулж бас охидынхоо дансыг хоослуулахыг хүсэхгүй байгаа С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтнүүд хамгийн их айж байгаа юм. 

             Бэлэн мөнгө хэлбэрээр орж ирсэн 6.3 сая ам.доллар хаашаа алга болов

АТГ-ын албан тушаалтнуудын өнгөрсөн онд өгсөн эдгээр өгсөн мэдээллээс харвал оффшор бүсэд өнөөдрийг хүртэл Монгол Улсын улстөрч, бизнесмэнүүдийн нэр дээр мөнгө байсаар байгаа гэсэн үг. Оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон ч ах дүү, амраг хань, охин, хүүгийнхээ нэрээр нуучихсан хэвээр байна, тэд. Түүнчлэн, Монголбанкны дэргэдэх төрийн тусгай санд мөнгө орж ирээгүй ч өөр бусад байгууллага, аль эсвэл хувийн байгууллагын дансанд бэлэн мөнгө орж ирсэн гэх баримтууд ч цагаан цаасан дээр хараар бичигдсээр... Тодруулбал, гурван жилийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчдийг оффшор бүсээс хөрөнгөө эргүүлэн татах санал гаргасны дараа “НИК”-ийн ТУЗ-ийн дарга асан Ч.Давааням оффшор бүсээс 4.3 сая ам.доллароо эргүүлэн татаж, Монгол Улсад бэлэн мөнгөөр оруулж ирсэн байдаг. Удалгүй Ерөнхий сайд асан С.Баярын хамт ял сонссон. Тэгэхээр энэ мөнгө улсын мэдлийнх болох учиртай байв. Мөн тухайн онд Сангийн сайд асан С.Баярцогт, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нарыг шалгах үеэр нэр бүхий аж ахуйн нэгжийн дансанд оффшор бүсээс сэжиг бүхий 20 сая ам.долларын гүйлгээ хийгдсэнийг шалгаж буйгаа АТГ-аас мэдэгдэж байв. Гэвч энэ мөнгө хууль ёсны байсан уу, хууль бус байсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэж, С.Баярцогт өөр хэргээр ял эдэлж, Д.Баясгалан уснаас хуурай гарчээ. Мөн 2021 нэгдүгээр сарын 02-ны өдөр “ergelt.mn” сайтад гарсан мэдээллээр оны өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд оффшор бүстэй холбоотой 2 сая ам.доллар орж иржээ. Тус үйлдвэрт олон жил инженерээр ажилласан Л.Дэлгэрбат гэгч нь зэсийн баяжмал худалдан авдаг компанитай үгсэн хуйвалдаж, хувьдаа ашиг олдог байсан бөгөөд энэ мөнгөө оффшор бүсэд байршуулж байсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогджээ. Тиймээс хоёр удаагийн гүйлгээгээр “хохирол барагдуулав” гэсэн утгатай хоёр сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг буцаан шилжүүлсэн байх юм. Эндээс харвал оффшор бүсийн мөнгө Монголд орж ирээгүй гэсэн үг огтхон ч биш байгаа биз. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яарч сандран хийсэн мэдэгдэл ёсоор бол улсын дансанд л орж ирээгүй юм билээ. Гэхдээ хувийн байгууллагын дансанд нийтдээ 6.3 сая ам.доллар нь ороод ирчихжээ. Гэвч энэ мөнгө хаашаа явсан, хэн зарцуулсан талаар тодорхой тайлан бидэнд олдсонгүй. Тэд ч тайлагнахыг хүссэнгүй. Жилийн өмнө мэдэгдсэн 74.9 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө, байшингаа зарж борлуулсан эсэхийг ч бас хуулийнхан тайлагнасангүй, нууцалсан хэвээр үлдэв.

                                          Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэгдэл хэнийг айлгав

Энэ бүх баримт, албаны эх сурвалжийн мэдэгдлээс харвал Монгол Улсад зөвхөн хууль хэрэгжих л чухал болоод байна. Оффшор бүсээс орж ирсэн мөнгийг “Эрдэнэт” үйлдвэр хохирлоо барагдуулсан нэрээр хувийн дансандаа авч, хэргээ хүлээн ял эдэлж буй Ч.Даваанямын оруулж ирсэн мөнгө ч эзэндээ, эсвэл хэн нэгний халаасанд үлдэв. С.Баярын долоон хаус охидынх нь өмч хэвээр үлдэж, 74.9 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө ч угаасан эзэддээ хэвээр үлдчихэж. 80 гаруй сая ам.доллар өнөөдөр ч оффшор бүсэд охин хүү, ах, ач зээгийнх нь нэрээр хадгалаатай хэвээр байна. Хууль өнөөдрийг хүртэл тэдэнд чин шударгаар хүрч үйлчлээгүй учраас оффшор хөрөнгөтнүүд бардам амьдарч байсан хэрэг л дээ. Харин гайхмаар тайван амьдарлыг нь сарниулах мэдэгдэл хийсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байв. “Угаасан мөнгөөрөө барьсан үл хөдлөх хөрөнгийг чинь зарж борлуулж ард түмэн өгнө. Улсын биш хувийн дансаар оруулж ирсэн мөнгийг чинь ард түмэнд өгнө. Хяналттай болгоно. Хууль та нарын толгойг дахиж илэхгүй, мөнгийг чинь оруулж ирнэ” гэсэн ил шулуухан мэндчилгээнд хавчуулсан мэдэгдэл тэднийг айдаст автуулчихав. Оффшор бүсэд хөрөнгөтэй атлаа өнөөдрийг хүртэл үгүйсгэсээр, бас ядмагхан тайлбараар халхавчилж ирсэн УИХ-ын гишүүн  Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар тэргүүтнүүдэд айдас бий. Байшингуудаа заруулж бас охидынхоо дансыг хоослуулахыг хүсэхгүй байгаа С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтнүүд хамгийн их айж байгаа юм. МАН-ын голдуу толгойлогчтой, мафийн сүлжээ болсон хөрөнгөтнүүд л хөрөнгөө хураалгахаас үхтлээ айсан хэрэг. Хотгор шанагын уурхайг худалдаж орхисон хэмээн яригдаж буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч хөлд нь чирэгдэхийг хүсээгүй учраас яарч сандран мэдэгдэл хийв бололтой. Угтаа ард түмэнд очих ашгийг нуух, орж ирээгүй хэмээн мэлзэх, Ерөнхийлөгч өөрөө оффшортой хэмээн харлуулах, сарниулах эрх ашиг хөл хорионд туйлдсан ард түмэнд гэхээс илүүтэй хууль бусаар хөрөнгөжиж, хувьдаа ашиг олсон хүмүүст л чухал байгаа юм. Нуусан мөнгийг минь илчлэх вий, угаасан мөнгөөр барьсан барилга минь улсынх болох вий, оффшор бүсэд нуусан хөрөнгөө оруулж ирэхээс өөр аргагүй болох вий гэсэн айдаст хүлэгдсэн оффшорчид болон тэдний тролл багийнхан л эдгээр өдрүүдэд хамгийн чангаар “Ерөнхийлөгч байхгүй мөнгийг амлаж байна” хэмээн хашгирч байна. Гэвч хууль та нар руу очиж байна, оффшорчид оо. Шударга ёс, шударга шүүх та бүхнийг илчлэх нь тодорхой болов. Галыг өөртөө дуудсан Ерөнхийлөгчийг хэчнээн гутааж, үгүйсгээд ч Монголын хуулиас бүхий олон бүлэглэлийнхэн, бас оффшорчид зугтаж чадахгүй нь нэгэнт тодорхой болов. Үнэн үхэр тэрэг унасан ч гэлээ оффшорчдыг гүйцээд очжээ.