ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулгын пиарыг Ардчилсан нам хиймээргүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч долоо хоногт болсон чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийг цаг гаруй хугацаанд загнаж билээ. Тэрбээр, “Миний өргөн барьсан Шүүхийн багц хууль энгийн иргэний эрх ашгийг хамгаалах зорилготой байсан. Гэтэл Ардын намынхан ард түмний эрх ашигт нийцүүлж өргөн барьсан хуулийг минь дэмжээгүй учраас буцаан татаж байна. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагаа ял завшуулж, өршөөсөн атлаа, гар утас хулгайлсан хүүд таван жилийн ял өгч байна” гэх мэтээр загнав.

Нэг өнцгөөс харвал түүний хэлээд байгаа, яриад буй бүхэн туйлын үнэн мэт. Ингэж нэг дуугарах ёстой байсан юм хэмээн алга ташмаар. Төсөвт тавьсан хоригийг нь ч уухайлан дэмжмээр байв. Сая төгрөгийн ваучер гэсэн мэргэн санааг нь тултал дэмжихсэн. Өнөөдрөө бодвол өгнө гэж амлаад буй мөнгийг нь авчихмаар.

Гэсэн ч нөгөө талаас харвал Монголын эдийн засаг цар тахлын дараа сөхрөх үү, сэхэх үү гэдэг нь ард түмний эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгчид түй ч хамаагүй гэж ойлгогдохоор байгаа юм. Эдийн засгийн наад захын мэдлэггүйгээ дахиад л харуулав. Амин хувиа хичээж сонгуулийн оноо авах гэсэн сурталчилгааг улс төрийн намыгаа, улстөрчдийгөө ашиглан хийж байх ажээ.

Монгол Улсын эдийн засагт дарамт болсон бэлэн мөнгө, хүнсний талон өгөх Ерөнхийлөгчийн санаачилга нь иргэнээ бодсон, эдийн засгийн хямралаа тооцсон судалгаатай амлалт гэхээс илүү сонгуульд бэлдсэн оноо авах гэсэн үйлдэл болж харагдаж байх юм. Өнөөдөр өгсөн бэлэн мөнгөөр нь бид нэг сар, цаашлаад хоёр сар л тэснэ.

Үүний дараа цар тахал хэвээр үргэлжилвэл дахиад л бэлэн мөнгө тараах уу, Ерөнхийлөгч өө. Тооцоо судалгаатай бодлого шийдвэр мөн үү гэдгийг өнөөгийн жижиг эрх ашгаа хойш тавиад ярих цаг нь болсон биз дээ. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгад тийм ухаан даанч алга. Тэр хүн У.Хүрэлсүхээс илүү гоё харагдах, ард түмэнд хайртай гэж жүжиг тавих, хувийн компаниа хүнсний талоноор дэмжих гэсэн жижигхэн эрх ашигт хүлэгдэн улс төр хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой болчихлоо.

 

...Өнөөдөр өгсөн бэлэн мөнгөөр нь бид нэг сар, цаашлаад хоёр сар л тэснэ. Үүний дараа цар тахал хэвээр үргэлжилвэл дахиад л бэлэн мөнгө тараах уу, Ерөнхийлөгч өө. Тооцоо судалгаатай бодлого шийдвэр мөн үү гэдгийг өнөөгийн жижиг эрх ашгаа хойш тавиад ярих цаг нь болсон биз дээ...

 

Эсрэгээрээ туйлдсан аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хэвээр хадгалах, ЖДҮ эрхлэгч болон хувийн хэвшлийг дэмжсэн бодлого боловсруулах, НДШ, ХХОАТ-ыг царцаах зэргээр амьдралд ойрхон санал гаргах ухаан Төрийн тэргүүнээс гарсангүй. Х.Баттулгын хувийн амбийц, хувийн пиар, хувийн бизнесийг дэмжих гэсэн жижиг улс төр нь нийгмийг хоёр талцуулж буй нь эмгэнэлтэй дүр зураг.

Нөгөөтээгүүр, Ерөнхийлөгчийн өргөн барьсан гэх Шүүхийн багц хуульд эгэл иргэний эрх ашгийг хамгаалах цөөн хэдэн заалт орсон ч ШЕЗ-д өөрийн томилгооны нөлөөллөө хадгалах гэсэн эрх ашиг нэвт үнэртсэн хуулийн төсөл байсныг мэргэжлийн хуульчид хэлж буй. Нэг хүнд хязгааргүй эрх мэдлийг олгох, шүүх засаглалаар дамжуулан нөлөөллөө тогтоох, өөрийнх нь яриад байдаг шударга бусын хонгилыг арай өөр байдлаар байгуулах давуу эрхийг олгох вий гэсэндээ уг хуулийн төслийг МАН-ын бүлэг хууль санаачлагчид буцаана гэдгээ мэдэгдсэн билээ.

Энэ мэтээр өрөөлийн сайн сайхны төлөө гэсэн “гоё” үгний цаана өөрийн эрх ашгаа оруулчихаад байгаа учраас л санаачилсан хууль, гаргасан санал нь дэмжлэг авч чадахгүй бүдэрчихээд байгааг нуух юун. Сая төгрөгийн хүнсний ваучер нь өөрийн эзэмшлийн хүнсний компаниудаа дэмжих гэсэн үйлдэл хэмээн хардуулах шалтгаан болов. Тэр энхийн цагаан тагтаа байгаагүй цаашдаа ч байхгүй. Улс төрийн өс хонзонг бий болгосон, цаашдаа ч болгох биз. Улстөрчийн хувиар биш явцуу эрх ашгаар л асуудалд хандсаар ирсэн. Харин эрх баригч намын цөөхөн гишүүд л түүний өөдөөс зоригтой дуугарч, үйлдэл нь зөрж буйг сануулж буй.

Төрийн тэргүүний энэ мэт увайгүй, ухамсаргүй үйлдлийг хайцаалах бус үнэнийг нь ил тод шүүмжилж, хэлж ярих учиртай АН нь ч энэ өдрүүдэд бүлх залгисан мэт нам гүмхэн. Тэр тусмаа намдаа ч, улс төрд ч хаанчлал тогтоох гэсэн түүний үйлдлийг намынх нь цөөнгүй гишүүд уухайлан дэмжиж, бүлэг фракци үүсгэж, намаа дахиад л хагалан бутаргаж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн тухайд Ерөнхийлөгчийн “фэн” болсон гэдгээ Шүүхийн багц хуулийг хэлэлцэх үед харуулж байв. Нэг хүнд хэмжээлшгүй эрх мэдэл олгох буруу хууль орж ирлээ хэмээн хэлсээр байхад л гишүүдээр дэмжүүлэхээр  лоббидож давхисан. УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэхэд л ваучер олгох нь зөв юм байна хэмээн “тэнэглэж” сууна.

 

...Тэр энхийн цагаан тагтаа байгаагүй цаашдаа ч байхгүй. Улс төрийн өс хонзонг бий болгосон, цаашдаа ч болгох биз. Улстөрчийн хувиар биш явцуу эрх ашгаар л асуудалд хандсаар ирсэн. Харин эрх баригч намын цөөхөн гишүүд л түүний өөдөөс зоригтой дуугарч, үйлдэл нь зөрж буйг сануулж буй...

 

АН жинхэнэ утгаараа нэг хүний халаасны нам болох эхлэлээ тавьж, буруу зөвөөс үл хамааран Ерөнхийлөгчийн пиарыг хийж эхэллээ. Намынх нь нэрээр ялсан байлаа гээд Ерөнхийлөгчийн бүх үйлдлийг үг дуугүй дагаж "намирна" гэсэн үг биш. Зөвийг нь дэмжиж, бурууг нь хэлэх л учиртай. Өмнөх намын дарга, намын бүлгийн дарга нар  яг энэ зарчмаар ажилласан. Түүнийхээ горыг амсаж, өдгөө хорих ял эдлээд сууж байна. Үндсэн хуулийн зүйл заалт дээр ч Ерөнхийлөгчийн эсрэг санал гаргаж байлаа. Ардчилал ингэж байж л амьтай байдаг билээ. Тиймээс АН-ынхан минь үндэсний хэмжээний нам шиг нам баймаар байна. Х.Баттулга нэг үг дуугарахаар л түүнийг нь уухайлан дэмжиж, улайран хамгаалдаг баймааргүй. Ардчилалд хайртай мянга, мянган хүний нам болохоос Х.Баттулгын өмч, түүнийг дагалдан баясагчдын нам биш гэдгийг хатуухан хэлэх цаг нь болжээ.

Сөрөг хүчний байр сууринаас бус нэгдүгээр хүн ба түүнийг тойрон хүрээлэгч гэсэн эрх ашгаар асуудалд хандаад байвал дөрвөн жилийн дараа ч бахь байдгаараа ялагдсан, зөрчилдсөн, бүлэглэл фракциараа талцсан хэвээр байх учраас том улс төр дотор бүлэглэл, фракциа мартаж ажилламаар байх юм. Улс төрийн ууган намуудын нэг мөн л юм бол улс орны эрх ашгийн төлөө дуугармаар байна. Нэг эрх ашиг, нэгдмэл байдлаар ажлаа хиймээр байна. Намын байрныхаа гадна самбар хадахаас илүү эрх баригчдын бурууг ил тод хэлж, илүү хүчтэй дуугармаар байна, АН-ынхаан. Товчхондоо, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг намаараа хиймээргүй байна. Нэгдүгээр хүний гар хөл болж гүйхээс илүү нийтийн эрх ашгийн төлөө ажилла гэж цөөнгүй гишүүдэд сануулъя.