ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Баярмөнх: 25 мянган иргэнийг тав хоногт багтаан шинжилгээнд хамруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-23

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 болон 10 дугаар хороонд коронавирусийн 12 тохиолдол илэрсэн билээ. Тиймээс тус хороодын 25 мянган хүнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулж байгаа  юм байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхтэй холбогдож, “таван үг” солилоо.

Сайн байна уу, Баянзүрх дүүргийн 4 болон 10 дугаар  хорооны оршин суугчдаас 12 хүнд халдвар илэрсэн. Одоогоор хичээн хүнийг  шинжилгээнд хамруулаад байна вэ?

-Манай 4, 10 дугаар хорооны 25 мянган иргэнийг ойрын тав хоногийн дотор түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулахаар яаралтай арга хэмжээ аваад ажиллаж байна.  Одоогоор долоон мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Нэлээд хүч нэмж ажиллаж байна.

-Дүүргийн иргэд хорио цээрийн дэглэмээ хэр сахиж байна вэ?

-Манайхан сахилга баттай байна. Гэхдээ хэвлэлийн байгууллага болон сэтгүүлчид маань иргэдийг шинжилгээндээ идэвхтэй оролцохыг уриалж өгөөрэй. Хамтын хүчээр халдварт өвчний ард гарна шүү. Төрийн хэдэн албан хаагчийн ажил биш. Иргэдийн оролцоо, дэмжлэг, сахилга бат маш чухал.

- Иргэд шинжилгээндээ хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Идэвхтэй байна. Гэхдээ заавал бусдаар шаардуулаад байлгүй амны хаалт, малгай, нүдний шил, бээлийгээ өмсөөд өрхийнхөө  эмнэлэгтэй  холбогдоод шинжилгээндээ орж болно. Өөрсдийнхөө болон таны, миний төлөө хийж буй сайн үйл. Нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага.  Ингэж байж бид цар тахалтай тэмцэж чадна. Мөн Баянзүрх дүүргийн иргэд  19001063 дугаараас  зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээллээ авч болно.

 15 цэгт шинжилгээ авна гэсэн. Хаана, хаана иргэд очих вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Баянзүрх дүүргийн 5 болон 9 дүгээр хороо, ЕБС-ийн 14 дүгээр сургууль дээр  авч байгаа. Маргааш Амгалан цогцолбор болон 97 дугаар сургууль дээр шинжилгээ авна. Нийтдээ таван том төв бий. Төвүүдээ түшиглэж, цэгүүдийг бий болгож байна. Тэгэхээр иргэдийг түргэн, шуурхай шинжилгээнд хамруулах боломжтой болж байгаа юм.  

-Дүүргээс хяналт, шалгалтыг хэр тавьж байгаа вэ?

-Хяналтыг  сайн тавьж байгаа. Иймдээ ч иргэд гэртээ байж, хорио цээрийн дэглэмээ сахиж байна.