ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дархан-Уул аймагт 0 зогсолтыг цуцалсан ч, хөл хорио хэвээр үргэлжилнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-21

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн “0” зогсолтыг цуцалжээ. Аймгийн  хэмжээнд 15555 хүнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авсан бөгөөд 16 хүнд “Ковид-19” халдвар илэрсэн аж.

Батлагдсан 16 тохиолдлын 13 нь төмөр зам дагасан халдвар байсан гэдгийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцолсон юм. 13 хүний хоёр нь бага насны хүүхэд байгаа юм.  Ингэснээр Дархан-уул аймаг УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Өөрөөр хэлбэл, 0 зогсолтыг цуцалсан хэдий ч бүх нийтийн хөл хорио арванхоёрдугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дагаж мөрдөх хэд хэдэн журмыг мөн шинэчилжээ.

Тодруулбал,

-18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.

-Үйл ажиллагаа явуулах ААНБ-ууд ажилтнууддаа 100 хувь шинжилгээнд хамруулж, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.

-Дотуур байранд байгаа оюутнууд 12 дугаар сарын 1 хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.

-Сум хооронд хөдөлгөөн хийхгүй. Сумд руу орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.

-Дархан хотыг 4 үндсэн блокт хувааж хязгаарлана. Бусад блокруу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно. Халдвар ахиад гарвал блок тус бүрээр 0 зогсолт хийнэ.

4 бүс:

1-р бүс нь 1-3-р баг (тосгон)

2-р бүс нь 4-8-р баг (хуучин дархан)

3-р бүс нь 9-12, 15-р баг(шинэ хороолол+ мангирт)

4- р бүс нь 13,14,16-р баг( хуучин хороолол)

-Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

-Өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. 1 хүн нь гадна зогсож хүн хоорондын зайг 1.5 метр байлгана. Ингэж ажиллаж чадахгүй дэлгүүрийг ажиллуулахгүй.

-Зорилтот бүлэгт 5 өдрийн хоол хүнс олгоно.

-Эмийн сангуудаас захиалгаар эм авна.

- Хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаа явуулна гэх зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.