ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тээш хадгалагч нарыг цэгцэлж өгөөч, Б.Гүрсоронзон дарга аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-10

Төмөр хүлэг жолооддог бүхэн нь хүн тээвэрт явж, хулгайн болон хулгайн бус нийтийн тээвэр цэцэглэж байсан “Драгон” авто вокзалыг Авто тээврийн үндэсний төв үе шаттай цэгцэлсний хүчинд эмхэнд нь оруулсан билээ. Нэг үеийг бодвол хот хоорондын тээвэрт тусгай зориулалтын автобус хяналттай, хурдны хязгаартай явах болсноор эрдэнэт хүний амь насыг бага ч болтугай хамгаалах боломж бүрдсэн юм. Мөн шинээр авто вокзалын төв барьж, ашиглалтад оруулснаар муу муухайгийн үүр уурхай байсан автовокзал бага ч гэсэн өнгө зүсээ сайжруулсан нь саяхных.

Тэгвэл одоо тэр газарт урд өмнөх шиг эмх замбараагүй цэцэглэж байгаа нэг бизнес нь тээш хадгалах бизнес. Хуучин “Драгон” төвийн подвалын хэсгүүдэд “нохойн оромж” шиг жижиг нүх сүв болгонд хэсэг бүлэг этгээдүүд энэхүү бизнесийг эрхлэх болсоор багагүй хугацаа үдэв. Хэн ч тэдэнд хяналт тавьдаггүй нь илт бөгөөд орон нутгийн автобус ирсэн даруйд хэд, хэдэн дугуй түрсээр автобусны гадуур эргэлдэх ажээ. Угтаа хэн олон автобусны жолооч таньдаг нь ахиухан тээш цуглуулж өдрөөр болон хоногоор хадгална. Бичиг баримт өдрөөр бол 1000, том овортой ачаа бол 2000 төгрөг байдаг гэнэ.

Автобусны жолооч нар ч тэдэнтэй нягт хамтран ажилладаг нь илхэн байх ажээ. Хэрвээ дайвар ачааны эзэн нь тухайн жолооч руу утасдаж тээшээ авах, эсвэл ирээд зогсоход нь ачаагаа хүлээж байгаад авахгүй л бол 20, 30 минутын дараа тээш хадгалах газарт оччихно. Ингээд л замын түгжрэл, хол газраас зорьж ирсэн эсэхээс үл хамааран тээш хадгалах газар руу оруулсан гэх шалтгаанаар л 1000-2000 төгрөг төлж ачаагаа авдаг ажээ.

 

...Хэн ч тэдэнд хяналт тавьдаггүй нь илт бөгөөд орон нутгийн автобус ирсэн даруйд хэд, хэдэн дугуй түрсээр автобусны гадуур эргэлдэх ажээ. Угтаа хэн олон автобусны жолооч таньдаг нь ахиухан тээш цуглуулж өдрөөр болон хоногоор хадгална...

 

Мэдээж завтай, завгүй, машинтай машингүй гээд олон шалтгааны улмаас хүмүүс хоцорно, эсвэл маргааш нь авах шаардлага тулгарна. Өдөржин гадуур явахын тулд түр хугацаанд ачаагаа хадгалуулах шаардлага ч бас орон нутгийн иргэдэд гардаг билээ. Энэхүү эрэлт хэрэгцээнд тулгуурлан бизнес эхлүүлсэн ч стандарт, наад захын харилцааны соёл, үйлчлүүлэгчээс авсан төлбөртөө тохирсон үйлчилгээ үзүүлэх гэдгийг ор тас мартчихсан гэдгийг энд зориуд онцолъё. Тээш хадгалагчдад тийм соёл, харилцаа хандлага, орчин нөхцөл юу ч байхгүй. Подвалын жижигхэн өрөөнд хэдэн банз эгнүүлж хадаад л тээшийг нь хаа хамаагүй шидэлнэ.

Хагарна гэсэн бичиггүй л бол эзэндээ очоогүй тээшнүүд хаа хамаагүй мухарт, энд тэндгүй ундуй сундуй хэвтэх дүр зургийг та олон харсан байх. Үүдэнд сууж буй тээш олгогчийн бичсэн дэвтрийн жагсаалтаас харвал өдөрт хамгийн багадаа л 100 гаруй том, жижиг тээш орж ирдэг гэсэн үг. Өдрийн орлого нь багаар тооцвол 200-300 мянган төгрөг. Үүнийхээ тодорхой хувийг нь магадгүй автобусны жолооч нарт хувь болгон өгснөөр бусдаасаа илүү их тээш авдаг биз. Учир нь шинээр баригдсан шилэн “Драгон” төвийн дотор 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан “Монгол шуудан” компаний тээш хадгалах цэвэрхэн газар байрлах ч тэнд үйлчлүүлэгч маш ховор. Стандартын тавиуртай, цэвэрхэн, дулаахан, үүдний угтагчийн зохион байгуулалт ч маш сайн. Гэсэн ч тэр хэсэгт бараг л үйлчлүүлэгч байхгүй.

 

...Өдрийн орлого нь багаар тооцвол 200-300 мянган төгрөг. Үүнийхээ тодорхой хувийг нь магадгүй автобусны жолооч нарт хувь болгон өгснөөр бусдаасаа илүү их тээш авдаг биз...

 

Тэгсэн атлаа орцны хонгилуудад байрлах жижигхэн тээш хадгалах газруудад үй зайгүй хүмүүс цуврах бөгөөд ааштай нэгэнд нь загнуулсаар арайхийн тээшээ олж аваад гарч одно. Заримдаа тэр хавиар нэгжиж, хайж явсаар олж авах нь ч бий. Тээш хагарсан, эсвэл задарсан эсэх нь огт хамаагүй. “Цагтаа ирж аваагүй юмыг чинь хадгалж өгсөнд баярла” хэмээн загнах нь холгүй аашлах учраас хүссэн ч эс хүссэн ч мөнгөө төлөх л сонголт үйлчлүүлэгчид бий. Цаашдаа энэ бизнес байх ёстой юу гэвэл мэдээж байх ёстой. Гэхдээ олон улсын биш юм гэхэд орчин цагийн соёлт нийгэмтэй хөл нийлүүлж болохгүй юу, Б.Гүрсоронзон дарга аа. Та хяналт тавьж, эмхэнд нь оруулаач. Автобусны жолооч таньдаг хэсэг хүмүүсийн бизнес гэдгээр биш арай өөр байдлаар үүнийг цэгцэлмээр байх юм. Ажилтай, завгүй хэсэг нь айх аюулгүй тээшээ хадгалуулчихдаг, араас нь нэхэл дагал болж эрж хайдаггүй, хүн байтугай нохой ч зугтаад орохгүй аймшгийн бохир орчинд бусдын ачаа, тээш, бараа, эд хөрөнгийг хадгалж болохгүй биз дээ. Хэрвээ стандартын цэвэрхэн, тохилог, хэрэглэгчийн эд барааг найдвартай хамгаалдаг бол төлбөр мөнгөний хямд, үнэтэй эсэх нь огтхон ч хамаагүй билээ. Бидний амьдралд тийм ч чухал биш атлаа зайлшгүй цэгцлэх ёстой асуудал бол энэ юм шүү. Драгон төв дахиад л эмх замбараагүй, эмх цэгцгүй, архичдын үүр уурхай, ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлгийн “найрын ширээ” болох ёсгүй юм. Тиймээс АТҮТ-ийнхэн ажлаа хийж, хяналтаа тавьж, тээш хадгалагч нарт шаардлага тавьж, ядахдаа л үйлчилгээнд нь багахан ч болтугай соёл нэвтрүүлье.