ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Боловсролоос илүү хүүхдийн эрх чухал

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-23

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулж байгаа билээ. Хүчирхийлэлдээ идэгдэж, харгислал нь дэндсэн нийгэмд мянга дээд боловсрол, үндэсний хөтөлбөр яриад яах юм бэ. Өөрсдөө гадаад, дотоодод боловсрол  эзэмшсэн байж болох ч мэдлэгээсээ давсан мэдрэмжгүй байж болохгүй юм. Боловсролын тогтолцоо нь яах аргагүй анхаарах ёстой асуудлын нэг мөн. Гэхдээ хэзээ ч тэргүүнд тавигдахгүй. Монголын өнөөгийн нийгэмд эрдэм боловсролтой шинэ үеийн иргэнээс илүүтэй хүчирхийлэлгүй амар тайван орчинд, эрүүл саруул байх нь чухал болоод удлаа. Тиймээс баталсан хуулийнхаа тоог ярьдаггүй, хэрэгжилтэд нь анхаардаг төрийн тогтолцоо, хяналт чухал байна, эрхэм гишүүд ээ. Хүчирхийлэлгүй, хүнлэг нийгэм бидэнд хэрэгтэй.

 

...Хүчирхийлэлдээ идэгдэж, харгислал нь дэндсэн нийгэмд мянга дээд боловсрол, үндэсний хөтөлбөр яриад яах юм бэ. Өөрсдөө гадаад, дотоодод боловсор эзэмшсэн байж болох ч мэдлэгээсээ давсан мэдрэмжгүй байж болохгүй юм...

 

Тиймээс Монголын боловсролын тогтолцоо, англи хэл, Кембриджийн хөтөлбөр энэ тэр гэж агаарын хөтөлбөр ярьж суухаар ангийн багш, сургалтын менежер, сургуулийн захирлыг хүүхэд бүрт анхаарал, халамж тавьж чаддаг, сурагчдаа гарын арван хуруу шигээ мэддэг байхад нь анхааръя. Энэ чиглэлээр үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж, хүчирхийлэлд өртөж болзошгүй мянга мянган хүүхдийн эрхийг хамгаалъя. Мэдлэг боловсролоос илүү ирээдүй үеэ хүн байхад сургаж, аюулгүй орчныг нь бүрдүүлж өгье.