ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хүн бай” нөлөөллийн аянд хүн бүхэн нэгдэе

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-23

Хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажилладаг залуусын байгуулсан “Лантуун дохио” ТББ-ын зүгээс “Хүн бай” нөлөөллийн аяныг эхлүүлэхээр болжээ. Эдгээр залуус ямар нэг байдлаар төрөөс, төсвөөс мөнгө санхүү авдаггүй бөгөөд сайн дурын үндсэн дээр хүүхэд хамгааллын ажил эрхэлж, хоёр ч томоохон төвийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Цэцэрлэгт хамрагдах боломжгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах зорилготой “Ид шидийн орон-1, 2” төслөөр нь Ч.Ганжавхлан нарын залуусыг нийгэм сайн мэдэх болсон. Тэгвэл залуус ойрын үед гарч буй аймшигт хүчирхийллийн хэргүүдтэй холбогдуулан өчигдөр нөлөөллийн уулзалт зохион байгуулж, олон нийтийг хамарсан аян зохион байгуулахаар болжээ.

Өнөөдрөөс эхлэн эдгээр залуусын гаргасан постерууд цахим сүлжээ болон Улаанбаатар хотын бүхий л автобусны буудал, дэлгүүр, гудамж талбайд өлгөгдөх аж. Нийгэмд зөв мессеж өгөх зорилготой энэхүү аянд иргэн та ч нэгдэж хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй, ойр тойронд чинь хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байвал цагдаа дууддаг, төрийн албаны ажилтнууд нь ажлаа чин сэтгэлээсээ хийж, хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүрийн төлөө нийтээрээ, нийгмээрээ дуугарахыг энэхүү аяны хүрээнд уриалах юм.

Сайн хөршийн харилцаа, хариуцлагатай иргэний үүргээ уншигч та биелүүлж, хүчирхийллийн өмнөөс үгүй гэж хэлдэг “хүн байх”-ын төлөө өнөөдрөөс эхлэн хичээгээрэй. Бид хамтдаа хүчирхийлэлгүй нийгмийг бүтээж чадна. Залуусын эхлүүлсэн аяны талаарх фотог хүргэж байна. “Dardas.mn” сайт ч мөн энэхүү аянд нэгдэж байгаа бөгөөд хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг сэдвийг өдөр бүхэн хөндөж, нийгмийн анхаарлыг энэ зүгт чиглүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.