ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Дагиймаа: Охины 4-5 хавирга нь хугарч, бүдүүн гэдэсний чацархай нь урагдсан байсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-21

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ сарын 19-20-нд шилжих шөнө есөн настай охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийн талаар хууль хяналтын байгууллага нарийвчлан шалгаж байгаа юм. Мөн өнөөдөр Төрийн ордонд УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд Цагдаа, Шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хэргийн талаарх нөхцөл байдал болон хүүхэд хүчирхийллийн талаарх цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ үеэр Шүүх шинжилгээний үндэсний төвийн шүүх эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Г.Дагиймаа “Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй. Энэ хэрэг есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө гарсан хэрэг. Бидэнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс манайд дуудлага ирсэн. Манайх хэргийн газар очсон. Тэр дариудаа буюу энэ сарын 20-ны өглөө яаралтай задлан шинжилгээнд оруулсан. Задлан шинжилгээгээр гадна талд нүүр духны хэсгээр хуучин зулгарсан байсан. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын буюу баруун талынх нь хавирга 11-12, 4-5 хавирга нэлэнхийдээ хугарсан. Мөн хуучин бороолсон хугаралттай. 12 хуруу гэдэс 0,5*0,6 хэмжээний няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан. Тэр хэсэгт литр хэртэй бохирдлогдсон шингэнтэй байсан. Урьдчилсан байдлаар хордлого буюу хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан. Тодорхой гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай. Хэрвээ дэвсэж, өшиглөсөн бол элэг, дэлүү гэмтэх ёстой” гэлээ.