ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Их, дээд сургуулиудыг нүүлгэе, эндээс өөр гарц алга

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-21

Улаанбаатар хотын замын түгжрэлийн тухай сүүлийн 20 намар бид ярилаа. Бүхэл бүтэн 20 жилийн хугацаанд гарц, гаргалгаа шийдэл хайсаар өнөөдрийг хүрсэн атлаа шийдэж чадаагүйг харахаар дэндүү харамсалтай. Дугаарын хязгаарлалт, төв замын нэгдүгээр эгнээний чөлөөлөлт, хүүхдийн автобус, нийтийн тээврийн тоо нэмэх, шилжилт хөдөлгөөнийг зогсоох, машин ачих гээд сайн, муу бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч түгжрэл буурсангүй ээ. Харин ч илүү ихээр нэмэгдэж, Улаанбаатар “аварга” том авто зогсоол болж, түр аргацаасан шийдвэрээ яаж ч хичээгээд засах аргагүйд хүрчихлээ. Одоо хэрхэх вэ.

Энэ бүхэн нь эргээд төрийн толгойд дарамт учруулж, зохицуулалт, шийдэл хайхад улам төвөгтэй болгож байх юм. Хотын захирагчаар АН-ын гишүүн, Улсын баатар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа түгжрэлийн эсрэг энэ мэт арга хэмжээг хэрэгжүүлсэн нь өдгөө МАН-ын лидерүүдийн өмнөө барих зэвсэг болон хувирав.

Хамгийн гайхалтай нь АН-ынхан шинийг сэдэж, түмэнд сайрхах гэхээс илүүтэй тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан шийдвэр, шийдлээ гаргаж чаддаг байлаа. Тэд хийсэн, бүтээсэндээ ялархаж, ямба эдэлж, тууз хайчлахаас илүү иргэдийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг байв. Тиймээс сонголтоо өөрчилж, шинэ үеийнхэнд боломжийг нээж өгье. Тэд шинийг сэдсэнгүй, харин хуучныг нь илүү дордуулах бодлого гаргаж, мэргэн санаагаа түмэнд танилцуулж талцуулахаас өөр шидгүй суух нь өрөвдмөөр.  

Зэрэглэл өндөртэй машин унадаг нь хотын төв рүүгээ нэвтэр, шил толь нь хагархай, хуучин машин унадаг бол хотын төвөөс хол амьдар гэсэн ганцхан мэргэн санаа л МАН-ынхан эрх барьсан дөрвөн жилд гарч иржээ. Нөгөөтээгүүр, Дэнжийн мянга руу агаарын тээврээр аялцгаая гэсэн алс холын мөрөөдлөө бидэнтэй хуваалцав. Сэрчихгүй бол тун ч сайхан зүүд л дээ. Гэхдээ бид сэрсэн, бодит байдлаа харсан, мэдэрсэн. 2017 оны метротой адилхан дурсамж болоод л үлдэх биз, энэ бүхэн.

Гэтэл түгжрэлийг шийдвэрлэхийн тулд мөрөөдлөө ярих, эс бөгөөс бусдаас хуулж ирсэн туршлагаа шууд тулгахаас илүүтэй төрийн төмөр нүүр, зоримог бодлого хэрэгтэй юмсан. Хамгийн гол нь иргэн, дарга хоёрыг муудалцуулахгүй шийдэх мянга түмэн гарц гаргалгаа байгаа. Адаглаад л нийслэлийн болон яамны ажилчид автобусаар ажилдаа ирж очдог байх боломж бий. Мөн Улаанбаатар хотод хамгийн их хүн төвлөрүүлдэг Их, дээд сургуулийг нэн тэргүүнд нүүлгэх ёстой. Арав гаруй жилийн өмнө Их, дээд сургуулийн цогцолборыг Налайх дүүргийн “Шивэртийн хөндий”-д байгуулах тухай санал гарч, Засгийн газрын түвшинд яригдаж байсан ч ажил хэрэг болоогүй. Зөвхөн цаасан дээр бичиж, яригдаад өнгөрсөн төдий. Тухайн үед энэ шийдвэрийг хэрэгжүүлсэн бол өнөөдөр Улаанбаатар хотын иргэд авто замынхаа голд амьдрахгүй байсансан.

 

...Хамгийн гол нь иргэн, дарга хоёрыг муудалцуулахгүй шийдэх мянга түмэн гарц гаргалгаа байгаа. Адаглаад л нийслэлийн болон яамны ажилчид автобусаар ажилдаа ирж очдог байх боломж бий...

 

Төрийн буруу шийдвэрийг буруутгаад суулгүй, эсвэл алдааг хэн нэгнээс хайх гэхээс илүү энэ цаг үед Их дээд сургуулиа нүүлгэе гэж зоригтой дуугарах, зоригтой шийдэл хайх улс төрийн нам, улстөрчийг бид сонсмоор байх юм. Дуугарах хүн байна уу. Ийм амлалт өгч, дагуул хотын хөгжлийн тухай яриад эхэлсэн, ярьж байгаа ямар ч улс төрийн хүчнээр ажлыг нь хийлгэхгүй бол амь аргацаасан шийдвэр, агаарын дүүжин гүүр түгжрэлээс хэзээ ч гаргахгүй  нь ээ. Бид харлаа, үзлээ, мэдэрчихлээ. Зөвхөн ШУТИС, ХААИС-ийг хотоос нүүлгэхэд л авто замын ачаалал 25 хувиар буурах судалгаа байна, цаана чинь. Цогцолбор байдлаар шийдэж, нүүлгэж чадахгүй бол  чиглэл чиглэлийнх нь салбар аж ахуйн нэгжийг түшиглээд байгуулчихвал төр болон хувийн байгууллагуудад санхүүгийн дарамт ч бага ирнэ. ШУТИС-ийг Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайн түшиглэж, нүүлгэх боломж байна.  

ХААИС-ийг  Булган, Архангай зэрэг аймгууд  руу  нүүлгэх боломжтой. Малын тоогоор тэргүүлдэг. Мөн хөрс, агаар, ургамлын гарц гээд бэлээхэн дадлагын бааз суурь эдгээр аймгуудад байдаг. Мөн МУБИС, МУИС, АШУҮИС-ийг өмнө гаргаж байсан шийдвэрийнхээ дагуу Налайхын "Шивэртийн хөндий" рүү цогцолбор хэлбэрээр байгуулах боломжийг ч мэргэжлийн эрдэмтэд санал болгож байна.

Дараа нь хувийн дээд сургууль болох Хүмүүнлэг, Их засаг, Чингис СОСЭ, МҮИС, Орхон, Отгонтэнгэр зэрэг Их сургуулиудыг төрөөс газрыг нь үнэгүй олгож, чиглэл, чиглэлээрээ цогцолбор барих боломжийг нь олгох ёстой юм. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 90 гаруй хувиар буурна. Түүгээр ч зогсохгүй боловсролын салбарт шинэчлэл гарч, оюутнуудын сурах орчин ч бүрдэнэ. Түгжрэлд өнгөрүүлдэг цаг хугацаагаа номын санд болон  практик, онолын хичээлээ судлах боломжтой.

Боловсролын салбарыг цогцолбор байдлаар хөгжүүлж чадвал, Монгол Улс хөгжлийн шинэ гарц давхар нээгдэнэ. Эцэг, эхчүүдэд санхүү мөнгөний дарамт бага ирж, хамгийн гол нь шүдний өвчин болсон авто замын ачаалал буурах билээ. Тухайн сургуулийг дагасан бүтээн байгуулалт, дэд бүтэц, авто зам, үйлчилгээний байгууллага ч дагаад  хөгжинө. Хөдөө, орон нутагт ажлын байр бий болно, хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт сайжирч, төвийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн ч буурах юм. Бидний 30 жил мөрөөдсөн мөрөөдлийн эхлэл тавигдахаар байгаа биз.

 

...Боловсролын салбарыг цогцолбор байдлаар хөгжүүлж чадвал, Монгол Улс хөгжлийн шинэ гарц давхар нээгдэнэ. Эцэг, эхчүүдэд санхүү мөнгөний дарамт бага ирнэ. Хамгийн гол нь шүдний өвчин болсон авто замын ачаалал буурах билээ...

 

Өнөөдөр өглөө гэхэд л нийслэлийн бүх автозамууд тэг зогсолтоо хийлээ. Өдрийн цагаар ч хаа сайгүй түгжрэл. Энэ бол 100 мянган оюутан хотод орж ирснийг гэрчилж буй хэрэг.  Хоёрдугаарт, Их, сургуулиудын байрыг нүүлгээд явах боломжгүйгээс хойш төр худалдан авах боломжтой. Том, том барилга барьж, шинэ цогцолбор барина гэж санхүү мөнгөө дэмий үрж суухаар Их, дээд сургуулийн байрыг худалдан авч, музей, номын сан болон үзвэр үйлчилгээ, сургалтын төвүүдийг нэг дор төвлөрүүлэх боломжтой харагдаад байна.

Сүхбаатар дүүргийн Тамгын газартай “үнсэлцүүлэх” шахуу барьсан Үндэсний номын санг МУИС-ийн байранд оруулах боломжтой. Их хааны музей барина хэмээн өмнөх соёлын өвөө нураах бус ШУТИС-ийн байрыг ашиглах боломж ч бас байлаа. Байгалийн түүхийн музейн макет гэж оюутны өдрийн хоол шиг зураг төсөл харж, уураа барж суухаар тэр мөнгөөрөө ХААИС-ийн байрыг худалдан аваад ашиглах нь хамаагүй зөв шийдвэр. Хамгийн чухал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БШСУ-ны сайдын нэгдсэн шийдвэр байхад улсын болон хувийн хэвшлийн хэдэн сургуулийг цэгцлэх нь гарын үзүүрийн ажил. Тэдний ая эвийг хараад байлгүй төрийн төмөр нүүрийг үзүүлж, боловсролынхоо салбарыг өөд нь татахгүй бол түгжрэлтэйгээ хамт бүх газрууд нуран унаж байна. Тиймээс энэ талаар шийдэл ярьсан, мөрийн хөтөлбөр санал болгосон хэнбугайг ч хоёр гараа өргөн дэмжихсэн. Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваагаар удирдуулсан шинэ үеийн залуус яг л энэ сэдвийг, яг энэ асуудлыг хөндөөсэй. Учир нь төр барьсан 90 гаруй жилдээ МАН үүнийг хийхгүй гэдгээ нотолчихлоо. Харин эрх барьсан цөөхөн жилдээ эхлүүлэх гэж оролдож, энэ талаар тууштай дуугардаг учраас Ардчилсан намын залууст итгэж хүлээж сууя. Их, дээд сургуулийн бизнес тэр чигээрээ МАН-ынхны түрийвчийг түнтийлгэдэг учраас тэд хэзээ ч нүүдэл хийхгүй. Харин энэ бизнесээс хол хүмүүс л энэ мэт шийдвэрийг зоригтой гаргана гэж найдаж сууна.