ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ариунхишиг: Оффис, гэр доторх агаарын бохирдол хотын утаанаас 4-6 дахин их хорт бодисын агууламжтай

Т.БАТСУУРЬ
2020-09-18

-Дотоод орчны агаарын бохирдол гэж юуг хэлэх вэ. Гаднахаас юугаараа ялгаатай юм бол?

-Цаг хугацааны судалгааны үр дүнгээс харахад хүүхэд болон насанд хүрэгсэд амьдралынхаа 90 гаруй хувийг гэр, сургууль, цэцэрлэг зэрэг дотоод орчинд өнгөрүүлдэг байна. Иймд дотоод орчны агаарын бохирдлын өртөлт давамгайлж эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь ч тэр хэрээр өндөр байдаг.

Дотор агаарын чанар нь хүний амьсгал, сууцны дотор байгаа эд зүйлс, хоол хийх, угаалга зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанаас үүдэн байнга бохирдож байдаг. Өрөөний бохирдсон агаарыг гадна агаараар сэлгэх шаардлагатай. Агаар сэлгэнэ гэдэг нь гаднаас цэвэр агаар оруулах, бохирдсон агаарыг гадагшлуулах замаар сэлгэнэ. Эрүүл ахуйн шаардлагаар нэг хүнд 30м3/ц гадна агаар шаардлагатай байдаг. Орон сууцны барилгын хувьд агаар оруулах систем унтлагын өрөөнд, сорох систем нь гал зуух болон ариун цэврийн өрөөнд байдаг.

Эрдэмтдийн судалгаагаар оффис болон гэр доторх  агаар хотын утаанаас 4-6 дахин, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байдгийг тогтоосон тухай нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээлсэн байдаг.

-Гэртээ агаар орсон эсэхийг шалгах арга байдаг уу?

-Агаар сэлгэлт муу байгааг шалгах хэд хэдэн үндсэн арга байдаг. Өвлийн улиралд дараах байдлаар шалгана. 

  • Цонхны шил цантдаг эсэх
  • Хүйтний улиралд өрөөний агаарын харьцангуй чийглэг байнга 30 хувиас  их байдаг эсэх
  • Өрөө бүгчим, чийгтэй байдаг эсэх
  • Гадна хана, хучилтын уулзвар цантдаг эсэх
  • СО2 –ийн агууламж 1200 ppm-ээс их байх эсэхийг шалгана.

Харин тасалгааны чийгшил бас хэд хэдэн зүйлсээс хамаарна. Тухайлбал,

  • Барилгын материал бүр агаараас өөртөө чийг татаж авдаг ба хуурай агаарт чийгээ алддаг чанартай
  • Орон сууцны тасалгааны температур 18-22 градус байхад өрөөний агаарын чийгшил 40-60 хувь байхыг хэвийн гэж үзнэ.
  • Чийгшил  удаан үргэлжлэх юм бол эрүүл мэндэд сөрөг нөлөөллүүд үүсэж, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлнэ.

-Тасалгаа ч юм уу, өрөөний чийгшил хангалтгүйгээс болж ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?

-Хуурай орчинд байснаар хүүхэд болон том хүний хамрын салст хуурайшиж, амархан ханиад хүрч, харшилтай болдог. Сүүлийн үед харшлын гаралтай ханиад, багтраатай хүүхдийн тоо нэмэгдэж байна. Иймд орчны  чийгшил маш чухал.

Хүүхдийн уушгины хөгжил бага насанд нь явагддаг, иймд хүүхдийн дотоод болон гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах нь өвчнөөс  урьдчилан сэргийлэх нь уушгины хөгжилд нэн чухал.

ӨРӨӨНИЙ ДОТОРХ АГААРЫН ЧИЙГШЛИЙН ТӨВШИН 45 ХУВЬ БАЙХ НЬ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ

-Тэгвэл бид гэр доторх агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байх ёстой вэ?

-Олон төрлийн арга хэмжээ авах боломжтой. Үүнд:

  • Түүхий нүүрсийг хийн түлшээр солиход анхаарах
  • Мөн гэрийн орчинд тамхины утааны өртөлтийг бууруулах
  • Богино хугацаагаар ч хамаагүй цонхоо онгойлгох. Бусад үетэй харьцуулбал өдрийн цагаар агаар хамгийн эрүүл, цэвэрхэн байдаг. Өглөө, орой бол хорт утаа ялгарах хамгийн эрсдэлтэй үе бөгөөд та ажил, гэртээ байхдаа өдрийн цагаар тогтмол агаар оруулж, орчны агаарыг сэлбэж байх хэрэгтэй.
  • Хэрэглэж буй агаар шүүгчийнхээ шүүлтүүрийг үйлдвэрлэгчээс зөвлөсөн хугацаанд солих.
  • Газрын тосоор хийсэн лаа болон цацдаг агаар цэвэршүүлэгч аль болох хэрэглэхгүй байх. Химийн элемент бүхий үнэртүүлэгч, агааржуулагч ашиглах нь агаарыг улам л бохирдуулдаг
  • Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх. Учир нь цэвэр агаарт ажиллаж буй хүмүүсийн бүтээмж бусад хүнийхээс тав дахин өндөр байдгийг эрдэмтэд тогтоосон байна Таны хэрэглэх агаар цэвэршүүлэгч төхөөрөмж ажиллаж байхдаа озон болон бусад химийн хорт хийг ялгаруулдаггүй байх.
  • Хөлийн гишгүүр, нойтон алчуур байрлуулах. Хаалганы босго дээр нойтон алчуур, хөл арчих гишгүүр зэргийг байрлуулбал гаднаас хог, тоос чирч орж ирэх эрсдэлгүй болдог. Ингэснээр оффис, гэр илүү цэвэрхэн, тав тухтай, тоос багатай болох болно. 
  • Хэрэв тэжээвэр амьтантай бол ариун цэврийг сайтар хангах.
  • Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх. Ингэснээр том ширхэгт тоосонцрыг арилгах болно.

-Бид агаар чийгшүүлэгч байнга хэрэглэдэг. Гэхдээ агаарын чийгшил ямар байх талаар тэр болгон мэдэхгүй байх. Энэ талаар зөвлөгөө өгөөч.

-Агаар чийгшүүлэгч хэрэглэх маш чухал. Харин агаарын чийгшлийн төвшин нь 45% байх нь хамгийн тохиромжтой. 30%-аас доош байвал хэт хуурай, 50% их байвал хэт чийглэг байдаг. Агаарыг чийгшлийг нэмэхийн тулд агаар чийгшүүлэгч хэрэглэх, агаарын чийгшлийг бууруулахын тулд цонхоо онгойлгох эсвэл эйр кондишион, сэнс ажиллуулах нь зөв.