ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаад харилцааны сайд энэ сарын 20-нд ОХУ-д айлчлал хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-17

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 20- 22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар, Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар, Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцаж магадгүй.

Мөн Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар, Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг урагшлуулах байх гэсэн хүлээлт байгаа юм.