ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хандивт шургалсан 21 “паразит”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-17

Эрх бүхий 21 албан тушаалтны  хандивын мөнгөнөөс “туусан” урамшуулалд өөрийн эрхгүй эгдүүцэл төрөөд болдоггүй. Тэд яаж авч чадаж байна. Яаж хоолойгоор нь хоол давж, яаж  өөрсдийгөө өмгөөлж, хамгаалах үгийг  хээв нэг унагаж чадаж байна вэ. Яаж, яаж... вэ. Монголчууд сэтгэл зүрхээ нэгтгэн дэлхий нийтэд тархсан цар тахлын өөдөөс бүхэл бүтэн есөн сар  гаруйн хугацаанд зүтгэж байгаа. Одоо ч аюул намдаагүй, айдас дарагдаагүй байна. Цаашид хэрхэх эсэх нь зөвхөн цаг хугацааны мэдэлд шилжлээ. Бид цар тахлын эсрэг найман настай балчираас 80 настай буурай хүртлээ нэгдэж, улсынхаа эдийн засагт хэр чадлаараа нэмэр болсон билээ. Хуруун чинээ охин  гахайнд цуглуулсан мөнгөө, зураач хүү комик номоо гаргаж  олсон ашгаа, өвгөд хөгшид тэтгэврээ,  албан байгууллагын ажилчид цалингаа, малчид хэдэн малаа Улсын онцгой комисст хандивлаж, харамын сэтгэлгүй хандсан байдаг. Ёстой л эрвийх дэрвийхээрээ оролцож, хэр чадлаараа нэмэрлэсэн билээ.

Бидэнд мөнгө, эрх мэдэл, албан тушаалаас илүү эрүүл мэнд, өвчин, зовлонгүй иргэн үнэ цэнтэй байв. Гэвч олонд  нэр хүндээ барсан, сайрхах гавьяагүй, төрийн ажлыг албан тушаалын наймаа, авлигын сүлжээ гэж хардаг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл  хандивын  сав руу гараа дүрсэн нь баримтаар ил боллоо. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НЗДТГ-ын дарга Э.Ганхүү, Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ү.Ганболд, Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, НОБГ-ын дарга Ж.Чүлтэмсүрэн, НМХГ–ын дарга Л.Эрдэнэчулуун нарын 21 албан тушаалтан байх юм.

 

...Хуруун чинээ охин  гахайнд цуглуулсан мөнгөө, зураач хүү комик номоо гаргаж  олсон ашгаа, өвгөд хөгшид тэтгэврээ,  албан байгууллагын ажилчид цалингаа, малчид хэдэн малаа Улсын онцгой комисст хандивлаж, харамын сэтгэлгүй хандсан байдаг. Ёстой л эрвийх дэрвийхээрээ оролцож, хэр чадлаараа нэмэрлэсэн билээ...

 

Хамгийн хачирхалтай нь тэд хийсэн үйлдэлдээ огт айж, эмээхгүй, ичихгүйгээр барахгүй “Дансанд мөнгө орж ирснийг мэдээгүй, буцаагаад өгчихөд л болох юм биш үү. Улс төрийн гүтгэлэг. Нэр төрд халдсан” зэргээр элдэв тайлбарыг өгч, өөрсдийгөө хамгаалж суухдаа ч бас ичсэнгүй.  Тэдний  дундаас хэн нь ч хийсэн үйлдэлдээ гэмшиж, түмэн олноосоо уучлал гуйсангүй. Тиймээс хариуцлагын асуудлыг ярьж, сэлмээ эргүүлээч ээ гэж хүсэх байна, Ерөнхий сайд аа. Шударга, журамт, ёс төртэй нийгмийг бүтээнэ гэж амалснаа мартаагүй бол дунд шатнаасаа эхлүүлж, үүрэгт ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй Орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хасаач та. Төрийн албанд ажиллах эрхийг нь хуулиар хязгаарлаач ээ.  Эх орноо хөгжүүлдэггүй, үүрэгт ажлаа олигтой хийдэггүй, түмэн олныхоо боломжийг үргэлж хулгайлж, хумсалдаг хурган дарга нарынхаа толгойг илээд байлгүй  бага дээр дарахгүй бол шат ахих тусам, шунал нь дийлдэхгүй  бололтой. Танай, манай фракци гэлгүй шударга байх зарчмыг намдаа бий болгооч. Тэдэнд хүсэхгүй шунал, хүртэхгүй сав, шургалахгүй албан тушаал үлдсэнгүй.  

Хандиваас авсан 21 сая төгрөг бага мөнгө биш. Тэр тусмаа онцгой дэглэмтэй цаг үед 21 сая төгрөг бүү хэл 21 мянган төгрөг ч мөнгө болоод байна. Бид  тайвшрах болоогүй. Хөл хорио хэдий болтол үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Айл гэр, албан байгууллага, аж ахуйн нэгж гээд бүгд санхүүгийн гачигдалд нэрвэгдэж, орлого хэд дахин буурч байна.  Өнөөдөр хэвийн ажиллаад, орлого нь давж байгаа нэг ч газар байхгүй. Олон хүн ажлын байргүй болж, жижиг газрууд эхнээсээ хаалга барьж байна. Ийм нөхцөл байдалд байхад  нийгэмд эмх замбараагүй байдал үүссэнгүй. Зарим орнууд шиг жагсаал цуглаан өрнөсөнгүй. Төрийнхөө шийдвэрийг ягштал биелүүлж, аюулын эсрэг хамтдаа сөрж байна. Гэтэл ард иргэд тэвчихийн дээдээр тэвчиж, хүлцэхийн ихээр хүлцэнгүй байхад хандивын саваа ядаж тойрч болсонгүй юу. Дэлхий нийтээрээ эдийн засгийн гачигдалд орж, өмнөх шигээ бие биедээ тусалж, хэдэн ам.доллароор хандивладаг цаг өнгөрсөн байна. Дор бүрнээ амин хувиа хичээж, аюулын өөдөөс сөрөх сонголт бидэнд үлджээ. Ийм цаг үе ирлээ гэхэд  “хандив”-т шургалсан  21 паразитаас ард түмнээ гэх сэтгэл  гарахгүй нь тодорхой, мөрийцөхөд ч бэлэн байна.   Амин хувиа хичээж, хувийн эрх ашгийг илүүд үздэг  хурган дарга нартаа хариуцлага, тооцохыг Ерөнхий сайд танд дахин,  дахин сануулъя.