ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Мөнхбаатар: Ирэх дөрвөн жилд 10 мянга орчим түрээслээд өмчлөх орон сууц барина

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-04

Түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орох хүсэлтэй олон мянган иргэн бий. Тэгвэл уг  асуудлаар болон ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатартай ярилцлаа.

-Түрээслээд өмчлөх хэлбэрээр  орон сууцжуулах хөтөлбөр УИХ-ын сонгуулиас өмнө яригдаж байсан. Энэ асуудал  бодлогын түвшинд ямар үе шаттай явагдаж байгаа вэ?

-Түрээсийн орон сууцны санг монголын төр барьж байгуулах ёстой. Улаанбаатар хотын  хэмжээнд ирэх дөрвөн жилд 10 мянга орчим түрээсийн орон сууцыг  байгуулахаар ярьж байна. Энэ нь улсын мэдлийх гэсэн үг шүү дээ. ТОСК-ийн мэдэлд байгаа 13 га газарт “Солонго” 1,2 орон сууцны хорооллыг барих БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөттэй зээлийн төсөл бий. Мөн Ногоон нуурт БНХАУ-аас барилга барихаар болсон. Олон улсын байгууллагууд ажиллаж  байгаа учраас ажил бага зэрэг уддаг юм байна. Гэхдээ бид энэ дөрвөн жилийн  хугацаанд 10 мянган түрээсийн орон сууцны санг бий болгоод, үе шаттайгаар иргэдээ оруулна. Зорилтод бүлгийнхэн болон  газар чөлөөлөлтөөр орон сууцтай болж байгаа иргэдийг хамруулахад  ч анхаарах ёстой.  Ер нь бид нарийн бодлого гаргаж баригдсан орон сууцны хэдэн хувьд нь газраа чөлөөлсөн иргэд орох вэ гэдгийг журам болгож шийдэх ёстой юм билээ. Газар чөлөөлөх хүмүүсээ орон сууцанд нь оруулж байж дараагийн газраа суллаж авахгүй бол дараа дараагийн төсөл удааширна. 2013 оноос хэрэгжсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 90 гаруй мянган хүн орон сууцтай болсон. Одоогийн байдлаар 67 орчим мянган хүн зээлээ төлөөд явж байна. Ихэвчлэн урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй,  урт хугацаанд нийгмийн даатлаг төлөх боломжгүй олон хүн орон сууцанд орох хүсэлтэй байгаа учраас түрээсийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой.

-Орон нутагт ямар боломж байгаа юу?

-Орон нутагт боломж байна. Схем гаргаж, аж ахуйч сэтгэлгээтэй, боломжтой, сэтгэлтэй аймгуудад оновчтой хувилбаруудыг шийдээд явж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн засаг дарга нараас их хамаарч байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймагт  урьдчилгаа төлбөргүй, хүүгүй 120 төрийн албан хаагчын орон сууцыг ашиглалтад оруулах төсөл хэрэгжиж байгаа. Мөн Дорноговь аймагт Замын-Үүд хоттой ойрхон байрладаг боломжоо ашиглаад түрүүлж дэд бүтцээ тавиад орон сууц барих эхлэлийг тавилаа.  Аймгийн төвүүдэд газар их байдаг нь хамгийн том давуу тал. Гэтэл Улаанбаатар хотод газаргүй болчихсон. Хотын газрын 40-50 орчим хувь нь л дэд бүтэцтэй учраас нэг газраа төвлөрөөд  байгаа юм.  Яамны зүгээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үлгэрчилсэн нэг загвар гаргах шаардлагатай гэж харсан. Удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа шинэ дарга нар сонгогдоно. Шинээр гарч ирж байгаа учраас ажилдаа дадах гэж багагүй хугацаа зарцуулах байх. Тэгэхээр схемийг нь зааж өгөөд байвал энэ хэрэгжих бололцоотой гэж харж байна.

 

...Газар чөлөөлөх хүмүүсээ орон сууцанд нь оруулж байж дараагийн газраа суллаж авахгүй бол дараа дараагийн төсөл удааширна. 2013 оноос хэрэгжсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 90 гаруй мянган хүн орон сууцтай болсон. Одоогийн байдлаар 67 орчим мянган хүн зээлээ төлөөд явж байна...

 

-Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг та салбарын сайдын хувьд юу гэж харж байгаа вэ. Орон сууцанд орж буй иргэдийн хувьд маш хүлээлттэй асуудал шүү дээ?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан. Мөрийн хөтөлбөрт МАН сонгуульд оролцсон хүрээндээ Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж ипотекийн зээлийн хүүг буулгах асуудлыг хөндсөн. Энэ асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр батлагдсан учраас төрийн ажил боллоо. Бидний хувьд Монголбанк, Сангийн яамтай хамтарч энэ асуудлыг судалж байна. Коронавирустэй холбоотойгоор зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндрэл тулгарч байгаа нь үнэн. Манай улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалт  маш бага байна. Монголчууд өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагшаа гаргасан ч валют орж ирэх нь хомс байгаа. Гэхдээ эхний ээлжинд ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгохоор төлөвлөж байна. Ингэхдээ Монголбанктай удаа дараа уулзалт хийлээ. Бид гаргалгаа нь Монголбанк бусад банкуудын купоны хүүг бууруулах байдлаар нэг хувийг, Монголын ипотекийн корпорацид байдаг сангаас нэг хувь бууруулах байдлаар зургаан хувь руу орж болох схемийн талаар ярилцаж байгаа юм. Монголбанк,  Монголдын ипотекийн корпораци,  арилжааны банкуудтай уулзаад энэ боломжуудыг хайж байгаа.

-Ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд  хүргэж бууруулахад цаана нь гарах хүндрэлийг тооцоолж үзсэн үү?

-Энэ ажил эхэлсний дараа нь бид анхаарах ёстой хоёр янзын хүндрэл бий.  Өөрөөр хэлбэл,  Олон улсын валюьтын сан Монголбанкыг  энэ хөтөлбөрөөс гар гэж шаарддаг. Гэтэл ковидын хуультай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монголбанк энэ хөтөлбөрөөс гарахаар болвол Сангийн яаманд энэ схемийг хэрхэн хийх, боломж юу байна гэдгийг харж байна. Хэрвээ хүү хоёр хувиар буурах боломж гарч ирвэл нэлээн олон эрх зүйн актуудад өөрчлөлт орно. Тухайлбал, орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гэж бий. Энэ журамд ямар өөрчлөлтүүд орох вэ гэх мэтчилэн олон асуудал үүснэ. Хэрвээ энэ схем үргэлжлээд явлаа гэхэд, 2021 оны нэгдүгээр сарын  1-нээс Монолбанкыг хөтөлбөрөөс гар гэж шаардвал Засгийн газар бүх ачааллыг авна гэсэн үг.  Тиймээс бид маш нарийн төлөвгөөтэй ажиллах ёстой.

-Улаанбаатар хотын  хэмжээнд орон сууцны нийлүүлэлт их, эрэлт нь бага байна.  Оршин суугчгүй, бэлэн болчихсон  орон сууцуудыг барилгын компаниудтай нь гэрээ байгуулаад түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгож болохгүй юу?

-Хэрвээ монголын төр барилгаа барьсан бол ямар ч асуудал байхгүй. Улаанбаатар хотод баригдсан бүх орон сууцны зориулалттай барилгууд хувийн хэвшлийх. Бизнесийн зарчмаар зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр л барьсан. Гэхдээ зарим боломжтой компаниуд энэ хэлбэр рүү орж байгаа юм билээ. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, 49 дүгээр сургуулийн хойд талд “Бармон” хэмээх компани 300 гаруй айлын орон сууц барьсан. Улмаар тухайн компани 60 сая төгрөгийн өртөгтэй 50 метр квадрат байр байлаа гэхэд иргэд урьдчилгагүйгээр,  ипотекийн зээлийн шалгуур хангана гэхгүйгээр  сар бүр тодорхой хугацааны турш төлөхөөр тохироод явж байгаа схемүүд бий болж байна. Магадгүй эрэлт, нийлүүлэлт, ипотекийн зээлээр авах боломж нь нээгдчихсэн байгаад ихэнхи хүмүүс эргээд ипотект хамрагдаж чадахгүй бол компаниуд ч хандлагаа өөрчлөх шаардлага зайлшгүй бий болно. Яам ч дэмжинэ.  Одоохондоо хувийн хэвшлийнхэн барилгаа барьж, зараад  ашгаа бодож байгаа.  Ер нь барилгын компаниудын нэгдэлтэй ярьж, тодорхой хэсэг газарт төр нь хамтраад цемент, арматур бүх материалын үнийг бодлогоор буулгаад барьж болох хувилбар байна уу гэдгийг ч судалж үзэх ёстой. Өнөөдрийн тухайд  барилгын компаниуд нэг нэгээрээ орон сууц барьж байгаач цаашид зах зээлийн шаардлагаар нэгдэх шаардлагатай болох байх.

-Дэд бүтцээ бараадаад нэг газраа төвлөрөөд байна гэлээ. Үүнийг танай яам бусад яам, хотын захиргаатай хамтраад шийдээд явах боломжгүй юм уу?

-Төрийн зүгээс хоёр зүйлийг л анхаарах ёстой. Нэгдүгээрт, инженерийн шугам сүлжээ. Шугам сүлжээ тавигдахгүй бол барилга байшин босохгүй. Тэгэхээр бид Эрчим хүчний яам, Хотын захиргаатай хамтарч ажиллах ёстой. Тэгээд ч злгсохгүй инженерийн шугам сүлжээний эрэмбийг гаргах хэрэгтэй. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус бүгд байж гэмээнэ барилга босно. Газрын доор хийгдэж байгаа ажлыг хэн ч хардаггүй,  ярьдаггүй хэрнээ баригдсаныг  нь л хараад  байдаг. Хотын хөрөнгө оруулалтаар зарим шугам сүлжээ хийгдчихдэг. Нөгөө талаас Эрчим хүчний яам болон  манай яамны хөрөнгө оруулалтаар зарим нь хийгдсэн байдаг. Тэгэхээр эдгээрийг уялдуулсны дараа эрэмбэлэх хэрэгтэй гээд байгаа нь энэ. Ний нуугүй хэлэхэд, өмнө нь байсан ерөнхий инженер  гэдэг хүн өнөөдөр бараг байхгүй. Дулаан, цахилгаан, цэвэр,  бохирыг цогцоор нь харах хүнгүй болчихсон. Боломжтой нь бүгд хувийнхаа ажлыг хийгээд явж байгаа. Тэгэхээр инженерийн бодлогодоо анхаарч,  гол магистрал шугамаа уялдуулж тавих юм. Төр өөрөө газартай байж түрээсийн бодлогыг манлайлж явахгүй бол хэцүү. Газар байлаа ч  инженерийн шугам сүлжээгүй бол бид  цэгцэлье л гэж ажиллаж байна.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар төсөв тодотгосон. БХБ яамны хөрөнгө оруулалт хэр хасагдсан бэ?

-Төсвийн тодотголоор манай яамны төсвөөс 30 хувийг хассан.