ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сарангэрэл: Их ургацтай жил учраас хуулийн хугацаанд самар түүж болно 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-08-26

Өнөө жилийн самрын ургацын байдал, бусад холбогдох асуудлаар БОАЖЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр БОАЖ-ын сайд  Д.Сарангэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.

-Байгаль орчны салбарт ямар бодлого баримталж ажиллах вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “ХАН” гэдэг бодлого баримтална. Өөрөөр хэлбэл, байгаль орчноо хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх гэсэн зүйл нь манай яамны үйл ажиллагааны үндсэн зарчим бодлого төлөвлөгөө байх юм. Өнөөдрийн хийж буй мэдээлэл ч үүнтэй холбоотой. Тухайлбал, самар түүхтэй холбоотой  мэдээлэл өгөх нь зүйтэй. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хууль хяналтын байгууллага самар зарж борлуулж байгаа хүүхэд хөгшдөд хатуу хандаж байна гэх зэргээр шүүмжлэл өрнөж байгаа.

-Самартай холбоотой асуудал жил бүр хөндөгддөг ч байгаль орчинд ямар хор хөнөөл учирдаг вэ гэдгийг огт ярьдаггүй. Тухайлбал, хушин ойн асуудлыг огт хөнддөггүй шүү дээ?

-Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн.  Байгалийн талбайн ойн тавхан хувь нь хуш модон ой юм.

Энэ жилийн хувьд арван аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургасан.  Тухайлбал, Баян-Өлгий, Булган, Архангай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг, Сэлэнгэ, Увс гэсэн арван аймаг хушан  ойтой буюу самар ургаж байна. Нийтдээ  найман аймгийн 25 суманд ургац өндөр байгаа. Энэ жил их ургацын жил юм.

Ойн тухай хуульд зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хуш модын самар түүж болно гэсэн  хуулийн заалттай.  1990 оноос хойш иргэд  самар түүхдээ хуш модонд гэмтэл учруулж, ойн  40 хувь нь доройтолд оржээ. Самар түүхдээ хуш модыг хамаагүй нүдсэнээс болж болц нь унаж шавьжид идэгдсэн байна.

-Самрыг хэзээ түүх ёстой вэ гэдгийг Ойн тухай хуульд тусгасан байдаг. Иргэд мэдээлэл муутайгаас болж хугацаанаас  өмнө түүгээд байна гэж ойлгож болох уу?

-Ойн тухай хууль,  БОАЖ-ын  сайдын журам  болон  Засгийн газрын баталсан тогтоолоор есдүгээр сарын 10-наас дараа жилийн гуравдугаар сарын 15-ныг хүртэл самар түүх журам бий. Гэвч  хулгайгаар түүгээд зарж борлуулж байна. Энэ нь самар түүх технологийг зөрчиж хуш модыг гэмтээж цаашдаа үхэх аюулд хүргэдэг. Тиймээс хууль хяналтын  байгууллагууд хяналт тавин  ажиллаж байгаа юм. Мэргэжлийн байгууллагууд хууль журмын дагуу ажиллаж байхад хүүхэд, хөгшдийг дээрэлхсэн мэтээр буруутгаж огт  болохгүй. Ард иргэд мэдээж байгалийн баялгаасаа хүртэх эрхтэй. Модыг гэмтээхгүй түүх вэ гэдгийг ард иргэд мэдэх ёстой.  Хамгийн чухал нь бүх зүйлийг  зохих зөвшөөрлийнх нь дагуу хийх юм бол хэн хэндээ асуудал үүсгэхгүй.

-Ямар тохиолдолд самар түүж болохгүй вэ?

-Их ургацтай жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Харин дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар түүнэ. Мөн бага ургацтай жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүхгүй гэсэн хуулийн заалттай. Энэ жилийн хувьд их ургацын жил тохиож байгаа. Тиймээс хугацаанд нь хуулийн дагуу хуш модыг гэмтээхгүйгээр түүж болно гэсэн үг.  

-Иргэд самрыг буруу түүснээс болж эрүүл мэнд,  амь насаараа хохирсон тохиолдол бишгүй байдаг?

-Тийм ээ. Самрыг болц нь гүйцээгүй байхад түүснээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирдог байдал жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн багахан хэмжээний хуш модоо гэмтээгээд мөхөх аюулд хүргэх эрсдэл ч бий. Харин  хуулийн хугацаанд нь технологийн дагуу түүж болно.