ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“БОАЖЯ-ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-09

8 сарын 3: Ой хээрийн түймрийн эрсдэл өндөртэй Сэлэнгэ аймгийн Бугантын нутагт байгалийн усан цөөрмийг түшиглэн гал түймрийн үед ашиглах жижиг хэмжээний нислэгийн талбайг байгуулсан. Ингэснээр ой хээрийн түймрийн үед нисдэг тэрэг ашиглан галыг унтраахад илүү хялбар боллоо.

8 сарын 3: Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт түймэр гарсан үед ашиглах усан цөөрмийг байгууллаа. Энэ нь ой хээрийн түймрийн үед усны нөөцийг ашиглах, ан амьтны амьдрах таатай орчныг бий болгоход чиглэсэн юм.

8 сарын 5: Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагч, судлаачид 16 айлын шинэ орон сууцтай болж оршин суугаа газартаа ажиллангаа амьдрах орчин нөхцөл бүрдлээ.

8 сарын 6: Унаган байгаль, уул ус, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэг 210 байгаль хамгаалагч туулах чадвар сайтай, хүчин чадалтай шинэ мотоциклоо гардлаа. 2014 оноос хойш албаны унаагаар хангагдаагүй тэд албан үүргээ гүйцэтгэхэд шаардлага хангах унаатай болсондоо баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн тус өдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тулгамдаж байгаа асуудал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад чиглэл өгсөн юм.

8 сарын 7: БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицатай хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ. Уулзалтаар агаарын бохирдол, уул уурхайн хортой химийн бодис, эрүүл мэндийн салбарын аюултай хог хаягдал зэрэг томоохон сэдвийн хүрээнд ярилцаж, гарц шийдлүүдийн талаар санал солилцлоо.


8 сарын 7: БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Нашида Сатартай уулзалт хийлээ. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл уулзалтын үеэр “Бид хойч үедээ техник технологийн хөгжил дэвшлээс гадна унаган байгалиа үлдээх нэн тэргүүний зорилготой. Тэр ч утгаараа Монгол улсын байгаль орчин, ард иргэдийн төлөө зориулж байгаа энэ бүх төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй байлгах, цаг хугацаанд нь амжуулахын төлөө та бүхнийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно.” гэдгийг онцлон тэмдэглэв.

8 сарын 7: Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайдын үүргийг хамаарагч Обрушански Борбалотой БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл уулзалт хийлээ. Унгар, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа олон жилийн турш амжилттай үргэлжилж байгаа. Усны асуудлаар эхэлсэн хамтын ажиллагаа өнөөдөр хүрээгээ тэлж олон салбарт хамтарч байна. Уулзалтаар хоёр тал аялал жуулчлалын асуудал тэр дундаа агаарын тээвэрлэлтийн хямд үнийн бодлого хэрэгжүүлэх боломжуудыг эрэлхийлж байгаагаа онцлов.

8 сарын 7: БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийн дараагийн уулзалт Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэйв Воунсэнтэй хийх уулзалт байлаа. Тэд энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлууд, усны асуудал, аялал жуулчлалын арга туршлагын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцсон юм.