ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хустайн цогцолбор газрын ажилчид хамгаалж буй газартаа дулаан байранд амьдрах боломж бүрдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-05

Хоногийн 24 цаг ч багадам нөр их ажилтай, хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг хүмүүс бол байгаль хамгаалагчид. Эх орныхоо онгон дагшин байдал, ан амьтанг хайрлан хамгаалах бахархам үйлсийг бүтээж буй олон зуун байгаль хамгаалагчид тэр болгон тавтай тухтай амарч, амьдарч чаддаггүй. Гэр бүлээсээ хол олон өдөр хөдөө явах гэх мэтээр бэрхшээл тулгардаг ч тэд дурласан ажлаа орхиж, биеийн амар хялбарыг хайдаггүй билээ. Тэгвэл байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд сайн жишиг болон бичигдэх нэгэн түүхэн үйл явдал өчигдөр “Хустайн цогцолбор газар”-т боллоо. Дэлхий дахинаа устах аюул нүүрлэж байсан тахийг 1992 оноос эхлэн Монголдоо нутагшуулж, өсгөж үржүүлэх ажилд амьдралынхаа олон арван жилийг зориулж буй байгаль хамгаалагч, ургамал, амьтан судлаач, биологичид ажлын газрынхаа хажууд, амьдарч буй газартаа дулаан тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэн өгч, энэ сарын 04-ны билэгт сайн өдөр16 айлын шинэ байрны үүдийг нээж, уригдсан зочид нь тууз хайчлав. Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк /KFW/-аар дамжуулан БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс энэхүү орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд байгаль хамгаалагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангасан, ажилдаа яваад ирэхэд нь амьдрах орчин нь дулаан тохитой байх талаас анхаарч хамтдаа хичээсээр энэхүү орон сууцыг барьж чадсан гэдгээ тус цогцолборын ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд онцолж байлаа.

Энэхүү түүхэн үйл явдалд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, Германы Сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгч, БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга Э.Сансарбаяр, Хустайн цогцолборт газрын захиралЦ.Дашпүрэв нарын албаны хүмүүс оролцож, орон сууцных нь түлхүүрийг гардуулж өгсөн юм. Хустайн байгалийн цогцолбор газар нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй газруудаас хоёр зүйлээрээ онцлог. Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 120 тусгай хамгаалалттай газар, 33 хамгаалалтын захиргаанаас хамгаалж буй газар дээрээ үйл ажиллагаа явуулдаг цөөхөн хамгаалалтын захиргааны нэг аж. Мөн өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг дөрөвхөн газрын нэг нь гэдгээрээ онцлог гэлээ. Суурин газраас хол, хамгаалж буй газар нутагтаа үйл ажиллагаа явуулдаг учраас гэр бүлийн амьдрал орхигдох асуудал олон бий. Тэгвэл тус захиргааны зүгээс энэ асуудлыг анхаарч, байгаль хамгаалагч, биологич, амьтан судлаачдынхаа ар гэрийн хүмүүсийг бүгдийг нь ажлын байраар хангасан учраас бүгд гэр бүлээрээ ирж амьдарч, ажиллаж байгааг дуулгав.

 

Д.Сарангэрэл: Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллана

Монголын байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, мөн эх орны минь ан амьтан, байгаль хамгаалалд чин сэтгэлээ зориулж, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлж буй Герман улсын ард түмэнд гүнээ талархал илэрхийлж буйгаа БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл нээлтийн үеэр онцолж байлаа. Тэрбээр, “Сайдаар томилогдоод удаагүй байхдаа сайхан үйл явдлын гэрч болж байна. Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. 1992 онд Голландаас анх 15 тахь ирж, би тэр үед сурвалжилга хийгээд явж байлаа. Тэгвэл 28 жилийн дараа тэрхүү 15 тахь 420 болж, мөн Говь-Алтай, Ховдод үр төл нь өсөж, үржиж байна. Нийтдээ манай улс 800 гаруй тахьтай болжээ. Энэ үйлсэд зүтгэж, амьдралынхаа олон жилийг зориулсан байгаль хамгаалагч, биологич, амьтан судлаачдаараа маш их бахархаж байна. Араатан амьтнаас тахийг хамгаалах, тоо толгойг нь өсгөх гэж амь насаа ч эрсдэлд оруулан ажилладаг энэ хүмүүс ажлаасаа буугаад ирэхэд нь дулаан тохитой орон гэр угтах боломжийг бүрдүүлж өгсөн Германы Засгийн газар, Элчин сайд Ёорн Розенберг, Сэргээн босголт, хөгжлийн банкны хамт олон, мөн барилгыг барьж босгосон компанийн төлөөлөлд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Монгол Улсын байгаль, ан амьтныг хамгаалахын төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаад нь талархаад баршгүй.

Цаашдаа байгаль хамгаалагчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Өөрсдийгөө санхүүжүүлж байгаа тус газрын хамт олны жишгээр бусад газруудаа ч ажиллуулж чадвал тэнд ажиллаж буй хүмүүсийн нийгмийн асуудал, цалинг нэмэх чиглэлд менежмент хийх боломж бүрдэх юм. Энэ чиглэлд анхаарч ажиллана. Ажлаа авснаас хойш байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлд ажиллаж байгаа. Улсын хэмжээнд 1000 гаруй байгаль хамгаалагчид бий. Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид нь яаманд, орон нутагт бол Байгаль орчин, аялал жуулчлалын газартаа харьяалагддаг. Заримдаа ялгаатайгаар дүрэмт хувцас, тоног төхөөрөмж, нийгмийн асуудал шийдвэрлэгдэж байгааг ярьж байна, тэд. Үүнийг нэгдсэн стандартад оруулах талаар ярина. Байгаль хамгаалагчид ТЗ-гээр цалинждаг. Үүнийг дагаад заавал дээд боловсрол эзэмшсэн байх гэх мэтээр шалгуур яригддаг. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлаа тооцоод заавал ТЗ-гээр цалинжуулах уу, эсвэл дүйцүүлэх үү гэдгийг судлах үүргийг Төрийн нарийн бичгийн даргад өгсөн байгаа” гэлээ.

 

Ёорн Розенберг: Байгаль хамгааллын төсөлд 50 сая ам.доллар зарцуулна

Герман улсын тухайд 1992 оноос эхлэн байгаль хамгааллын чиглэлд Монгол Улстай хамтран ажиллаж эхэлжээ. Хөгжлийн бодлогын нэг үндсэн чиглэл нь байгаль хамгаалал байсан гэдгийг Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг онцоллоо. Хустайн байгалийн цогцолбор газарт хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй олон арван төсөл хөтөлбөрийн зөвхөн нэг жишээ. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох” гэсэн нэртэй төсөл хэрэгжиж байгаа гэлээ.

Нийтдээ гурван үе шаттай хэрэгжих бөгөөд 2015 оноос хэрэгжиж эхэлсэн төсөл нь 12 жил үргэлжилж, 2027 онд дуусах юм байна. ХБНГУ-ын Засгийн газар, Сэргээн босголт, хөгжлийн банкнаас төсөлд зориулж нийтдээ 40 сая евро буюу 50 сая ам.долларыг зарцуулах аж. Хустайн байгалийн цогцолбор газарт 16 айлын орон сууцнаас гадна байгаль хамгаалагчдад тоног төхөөрөмж, мотоцикль, дрон, ажлын хувцас зэргийг шийдвэрлэж өгчээ. Мөн байгаль хамгааллын чиглэлд 750 мянган ам.долларын санхүүжилт нэмж олгосон бөгөөд байгалийн цогцолборт газруудыг хамарсан 16 суманд эмнэлгийн машин авч өгөхөд энэхүү мөнгийг зарцуулсан хэмээн Элчин сайд ярилаа. Өмнө хэлсэнчлэн, тус цогцолбор газрын захиргаа нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бөгөөд нийтдээ 54 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ 420 тахь, 1500 гаруй буга, согоо, 1000 гаруй зээр зэрэг 55 зүйл хөхтөн амьтан, 223 зүйл шувуу, 16 зүйл загас, хоёр зүйл хоёр нутагтан, 493 зүйл ургамал зэрэг олон ан амьтан үржин нутаглаж байгаа гэлээ. Тус цогцолборын ажилчид зөвхөн 50.6 мянган га газраа л хамгаалах ажил хийдэг гэсэн үг биш. Тэд хамгаалалттай бүс нутагт өсөж үржсэн ан амьтдыг бусад тусгай хамгаалалттай газар нутгууд рүү нүүлгэн шилжүүлэн, нутагшуулах ажлыг хийдэг бөгөөд Монгол орны ховордсон ан амьтдыг өсгөж үржүүлэх ажлыг амьдралынхаа хугацаанд хийж яваа гэсэн үг.

Тухайлбал, Говь-Алтай, Ховд руу тахь нүүлгэн шилжүүлж, нутагшуулсан бол халиун бугыг Богд ууланд нутагшуулах ажлыг өнгөрсөн жил хийжээ. Энэ нь амжилттай болж үр төл нь өсөж үржин, өөрсдөө энх тунх байвал цаашдаа Монгол Улсын хэмжээнд олон байгалийн цогцолбор газруудад буга нутагшуулах ажлыг хийхээр зорьж байгаа гэв. Тус цогцолборын тахь хамгаалагч Ө.Баянмөнх гуай гэхэд л ханьтайгаа хамт 16 жил энэ ажлыг хийж яваа бөгөөд дөрвөн хүүхэдтэйгээ хамт гэрт амьдарч байсан бол өдгөө хоёр өрөө байранд тав тухтайхан амьдарч, орой халуун гэртээ орж, өглөө халуун гэрээс ажилдаа явж буйдаа хэмжээлшгүй талархаж буйгаа илэрхийлэв.

Олон жил хүүхдүүдээ аав ээждээ орхиж ургамал судлаачийн ажлаа 11 жилийн хугацаанд хийж байгаа Ц.Цэрэндулам хоёр өрөө байранд орж, ханьтайгаа, ээжтэйгээ, хүүхдүүдтэйгээ халуун ам бүлээрээ амьдрах болсондоо мөн л талархлаа илэрхийлэв. 2002 онд Их сургуулиа төгсөж, ханьтайгаа хамт тус цогцолборт ажиллахаар ирснээс хойш амьтан судлаач, биологич, байгаль хамгаалагчийн ажлаа тасралтгүй хийж, өдгөө докторын зэргээ хамгаалахаар зорьж буй Д.Өсөхжаргал ажилдаа өдөр бүхэн дурлаж, эх орныхоо байгаль хамгаалал, ан амьтныг өсгөх, үржүүлэх, хамгаалах ажилд хоёргүй сэтгэлээ зориулан ажиллаж яваа нэгэн. Ан амьтан бүхнийг өөрийнхөө үр хүүхэд шиг бөөцийлөн өсгөж яваа тус хамт олны хичээнгүй зүтгэлийг дэлхий нийт ч үнэлж, очсон газар бүхэнд нь байгаль хамгааллын сайны жишээ болон ярьдаг учраас тэнд ажиллаж буй хүн бүхэн ажилдаа дурлаж, ажлаасаа сэтгэлийн таашаал авч, хэцүү бэрхшээлийг ч түүртэхгүй даван гарч ажиллаж, амьдарсаар байна. Тун удахгүй 30 жилийн ойгоо илүү их амжилтаар угтах хамт олны түүхэнд нэгэн тод мөр үлдээх түүхэн үйл явдлын гэрч болсон бидний хэдэн нөхөд 30 жилийн ойгоор эргэн уулзах ерөөл тавьсан юм. Тэд ч илүү их амжилтаар биднийг дахин угтахаа амласаар хоцорлоо.