ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-07-05

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан.

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

 

 

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраар солисон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд өмнөх Хотын Захирагч С.Амарсайхан шүүмжлэлтэй хандан, холбогдох албаныханд яаралтай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгосон.

 

 

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Энэ орчмын хог хаягдлыг цэвэрлүүлэхэд холбогдох газрууд хяналтаа тавьж ажилла. Амьдрах орчны аюулгүй байдалд хүндрэл учруулсан ийм байдалтай байж болохгүй. Газраа орон сууцаар солисон иргэд ч энд хариуцлагатай хандаж, бууцаа цэвэрлэх хэрэгтэй” гэдгийг онцолж хэлээд нийслэлийн Орон сууцны корпорацийн удирдлагуудыг энд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

 

Дараа нь холбогдох албаныхан Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийгдэж байгаа үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгасан юм.

Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Дүүрэн трейд” компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин “Далангийн тохижилтын ажил 80 хувьтай хийгдэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна” гэдгийг хэллээ. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн зүгээс далангийн тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг хүссэн юм.

 

 

“Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

“Сэлбэ” Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулна” гэж “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн зүгээс төлөвлөсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Ж.Батбаясгалан: Энэ амралтын өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд эрсдэл өндөртэй байршлуудын судалгааг гарга

 

 

Мөн холбогдох албаныхан өнөөдөр Дэнжийн мянга, Ганц худаг орчмын үерийн далангийн нөхцөл байдлыг шалгаж ажиллалаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэхэд хот гэдэг маань өөрөө дүрэм, журамтай.

Үерийн далан сэтэлж, барилга байгууламж барих, зөвшөөрөлгүй газар буух зэрэг зөрчлүүд их гарч байна. Нэг айлын эрх ашгаас болж нийтээрээ үерт автдаг байж болохгүй. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд маань зөвшөөрөгдсөн газраа буух хэрэгтэй байна. Бие биенээ хүндэлж, хотынхоо дүрэм, журмыг барьж соёлтой байгаасай гэж хүсмээр байна” гэв.

 

“Ойрд хур бороо ихтэй байгаа учраас гэр хорооллын айл өрхүүд усанд өртөх өндөр эрсдэлтэй байна. Энэ амралтын өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд эрсдэл өндөртэй байршлуудын судалгааг гаргаж, Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж, ажлын хэсэг байгуулагдаж ажиллана” гэдгийг хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлээд нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар зэрэг холбогдох байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж хэлсэн юм.