ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтанхуяг Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд орохоос татгалзлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-07-02

Өнөөдөр /2020.07.02/ УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилсны дараа үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.Тус дэд хорооны бүрэлдэхүүнд парламентад хамгийн олон сонгогдсон таван гишүүнийг сонгодог. Тэгвэл энэ удаагийн парламентын УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д зургаан удаа сонгогдсон Н.Энхболд, таван удаа сонгогдсон С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нараас гадна дөрвөн удаа сонгогдсон найман гишүүнээс сонгогдсон дарааллын нь дагуу Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах тогтоолыг баталлаа.

Харин АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-д дөрвөн удаа сонгогдсон бие даагч гишүүн Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч өөрөө татгалзжээ.