ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Намар нь батлаагүй хуулиа наадмаар бөөндөв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-29

“УИХ улайраад ирэхээрээ л их сонин болдог” гэх үгийг одоогоос найман жилийн өмнө буюу 2010 оны долдугаар сарын 05-нд УИХ-ын гишүүн асан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн даргаар сууж буй Д.Одбаяр хэлж байлаа. Наадам эхлэхээс тавхан өдрийн өмнө чуулганы танхимд энэ үгийг хэлэх үед УИХ-аар Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байжээ. 

Хувь заяаны шоглоом ч гэх үү, эсвэл хоржоонтой тавилан ч юм уу, найман жилийн дараах яг л тэр өдрөө бид өнөөх л Тавантолгойг хөдөлгөх үү, үгүй юу гэдэг асуудлаар талцан хэрэлдэж, улайрсан эрх ашиг улстөрчдөөс үнэртээд явж байх юм. Наадам дөхөхөөр л хууль бөөндөж баталж, хуудуутай хуулиудаа ар араас нь баталдаг тэр дэг жаягаа ч улстөрчид гээсэнгүй. Өөр нэг жишээ хэлье. Гурван жилийн өмнө буюу УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-д байх үедээ нэгэн сонирхолтой судалгаа хийснээ сэтгүүлчдэд танилцуулж байлаа. Тэрбээр, улстөрчидтэй хамтран судалгаа хийсний дүнд 2006 оноос хойш баяр ёслол далимдуулж, 197 эрх ашиг ханхалсан хууль баталсан гэх дүнг танилцуулж байсан юм. Тэр болгоныг нэг бүрчлэн бичнэ гэвэл цаас ч хүрэхгүй.

Онцолж дурдвал, Оюутолгой, Тавантолгой, уул уурхай, банк санхүүтэй холбоотой хуулиуд тэрхүү судалгааны тэргүүн эгнээнд байсан юм. Үндсэн хуульд хоёр удаа өөрчлөлт оруулахдаа ч баяраар давхцуулж байжээ. Дордохын долоон өөрч­лөл­тийг гэхэд 2000 оны арван­хоёр­дугаар сарын 14-нд ба­талж бай­сан жишээг ч Д.Тэрбиш­дагва гишүүн онцолж билээ. УИХ одоо ч тэр зарчмаараа явж байна. Судалгаа гарснаас хойш гурван жил өнгөрсөн учраас энэ тоо ч хэдийнэ 200 гарчихсан гэсэн үг. Гурван жилийн өмнө буюу 2015-2016 онд шилжих шинэ оны заагт УИХ Оюутолгойг албан ёсоор “Рио Тинто”-д бэлэглэж, мөн жижиг намуудын “жийсэн” Сонгуулийн хуулиа баталж байлаа. Түүнээс өмнө нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, МАК буюу Б.Нямтайширын компанид Цагаан суваргын орд газрыг эзэмшүүлэх, тэнд төрийн эзэмших хувь тогтоох шийдвэрийг битүүний өдрөөр баталж байлаа.

Газар усныхаа төлөө тэмцэгчид Төрийн ордон руугаа буу барин дайрахад хүргэсэн “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ч УИХ баяраар хэлэлцэж байв. Өрийн таазаа нэмсэн дуулиант өөрчлөлт ч битүүний өдөр батлагдаж байсан түүх бий. Нэг нам үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн өнгөрсөн хоёр жилд ч цөөнгүй хуулийг тэд “чоно борооноор” гэдэгчлэн баяраар далимдуулан батлах гэж оролдож, баталж байсан жишээ олон байна. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд тангараг өргөсөн 2016 оны долдугаар сарын 5-ны өдрөөс хойш хоёр цагаан сар, наадам, шинэ жил болов. Өргөн дэлгэр тэмдэглэдэг энэхүү баярын үеэр улстөрчид өөрт ашигтай хууль, тогтоолын төсөл баталж байлаа. Монгол Улсын хувь заяаг Олон улсын валютын сангийн мэдэлд шилжүүлэн өгч, улмаар “Рио Тинто” зэрэг компаниудын эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг гаргаж, гадны компанийн мөнгө Монголбанкаар дамжихгүй гэсэн шийдвэр гаргаж байсан юм. Хувийн хэвшил хуулийн дагуу олоод ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар булааж авах УИХ-ын тогтоолын төслийг ч сар шинийн баяр эхэлсэн 2017 оны хоёрдугаар сарын хаврын чуулганы сүүлийн өдөр гаргасан нь өдгөө ч шүүхийн шат дамжин, төрийн нэрийг сэвтүүлсээр байгаа.

Гаргасан шийдвэр нь хууль бус байсныг нотолсон шүүх байгууллагыг дарж авахын тулд улстөрчид наадам эхэлсэн энэ өдрүүдэд Захиргааны шүүхээ татан буулгаж, шүүх засаглалыг уналтад оруулахаар улайрч эхлэв. Ганц компанид ч бус ард түмний эсрэг гаргасан шийдвэр бүрээ хамгаалж үлдэхийн тулд хуулийн эрс шинэчлэлээс огцом ухралт хийлээ. Улмаар гадны банк санхүүгийн байгууллагууд оруулж ирэх, тэднийг томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эсэргүүцлээр унаж, шинэ оны баярын өмнө мөн л чуулганд орж ирсэн ч дэмжлэг авч чадаагүй байдаг. Банкны тухай, Төв банкны тухай хууль мөн л хоёр ч удаа хэлэлцүүлгээ давж чадахгүй унаж, АН-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч олонхийн бүлгийн хүч түрсэн шийдвэрээр 2017 оны шинэ оны босгон дээр парламентын босгоор давж байв. Энэ мэтээр маш олон хуулийг нэрлэж болно. Он гарахтай зэрэгцэн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг үгүй хийх гэсэн, хэдхэн хүнээр хэлэлцүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлж, батлуулах гэж улайрсан. Өдгөө наадам хаяанд ирсэн энэ цагт УИХ-аар хэд хэдэн мөнгөний хууль батлахаар тэмцэлдэж байгаа.

Өмнө хэлсэнчлэн Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эр­гэл­тэд оруу­лах асууд­лаас гад­на УИХ-ын Дэгийн тухай хуу­лиасаа тэд амин сүнс болсон заалтыг аваад хаячихлаа. Үнд­сэн хуультай зөрчилдөж байгаа гэсэн шалтгаанаар УИХ-ын гишүүнийг ажилдаа ирэхгүй бол эгүүлэн татах заалтыг чимээгүйхэн аваад хаячихав. Хуулийн төслийн амин сүнс ч нь алга болсон гэсэн үг. Алдагдал хүлээж дампуурахад хүрээд байсан арилжааны банкуудаа ч 500 гаруй тэрбумаар тэтгэх хуулийг хаалттай хэлэлцээд баталчихав. Одоо харин Оюутолгойд хийсэн шалгалтаа мөн л наадмаар чимээгүйхэн хэлэлцээд өнгөрөхөөр шийдэж байна. Нэр бүхий гишүүдийн гурван сарын шалгалт яагаад наадамтай давхцав гэдэг нь сонин. Энэ мэтээр мөнгө үнэртсэн хуулиас гадна хамгийн ач холбогдолтой хуулиа намраас бус наадмаар баталдаг буруу тогтолцооноос үүдэж баталсан хуулийг нь иргэд огтхон ч мэдэхгүй явж байгаа. Эрүүгийн болон Зөрчлийн хууль наадмаар бөөндсөн хуулиуд дунд батлагдсан учраас хэн ч мэдээгүй, басхүү ойлгоогүй явж буй нь хамгийн сонгодог жишээ нь хоёр настай үрээ дааганд хүлж уралдуулсан эцэг байлаа. Нэгэн сэт­гүүл­чийн бичсэнчлэн на­мар нь батлаагүй хуу­­лийг наадмаар яагаад бөөндөнө вэ, улстөрчид өө. Улс­төрчид улай­­раад ирэ­хээрээ л сонин болдог доо.