ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ажлын байрны дарамт, намчирхал хэдэн хүний амиар төлөгдөх ёстой вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-12

Цэцэг цэврүү шиг 30-хан насандаа Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалыг нэр төртэй хааж байсан сэтгүүлч бүсгүй зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч хоёрдугаар сард гарч байлаа. Эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хариуцсан ажлаа хамгийн сайнаар хийж байсан залуу бүсгүйг тухайн үед Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж албан өрөөндөө дуудан архи уулгаж, улмаар ажлаа өгөхийг шахсан гэх мэдээлэл тухайн үед гарсан ч асуудал тэгсхийгээд намжсан. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн ч “Механик байдлаар амьсгал нь бөглөрч, амиа алдсан” гэх учир битүүлэг дүгнэлт гаргаад нам гүм болсон юм. Тэгвэл энэхүү хэргийн араас “Цензургүй сурвалжилга” баг нэхэн сурвалжилж, үнэн мөнийг олохын төлөө явж байгаа аав ээжийнх нь гомдол харуусал, хэлэх гэсэн үг, эргэлзээтэй олон асуулт, тухайн өдөр яг юу болсон талаарх үнэний араас явжээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ба түүний баг хамт олны гаргаж тавьсан олон баримт талийгаач С.Болормаа архи уугаад амиа алдсан бус арай өөр шалтгаантай байсныг нийт монголчуудын өмнө дэлгэж өглөө. Мөрдөн байцаагчийн мэдээгүй, магадгүй мэдэхийг ч хүсээгүй олон нотлох баримт, эргэлзээтэй асуудлыг олон нийтийн өмнө гаргаж тавив. Хоёр бяцхан үрийн ээж, хамгийн гайхалтай уран бүтээлч залуухан бүсгүй улс төрийн намыг дэмждэггүй гэх шалтгаанаар олон удаа ажлаа өг гэсэн шахалтад орж, эцэстээ алхаж орсон хаалгаараа ухаангүй үүрүүлж гарсан үнэн одоо л нийгэмд тов тодорхой болж байна. 200-хан метр газарт байгаа аавынд нь хүргэж өгөөгүй, хоёрхон минут яваад очдог гэрийнхээ гадна даргыгаа машиндаа үлдээх эр зориг мэргэжилтэн залуугаас гарсан, хасах -19 хэмийн хүйтэнд гадаа машинд албаны даргаа үлдээчихээд халуун хөнжилдөө унтаж байсан хүйтэн сэтгэлтэй ажилтны үнэн төрхийг илчлэв.

Үй зайгүй нөхөрлөдөг гэсэн атлаа даргынхаа өрөөнд архитай ирэхийг шаардаж, үүрүүлээд гарч байхад нь хамт яваагүй хүн чанаргүй найзын далд санааг ч мөн хангалттай харууллаа. С.Болормаа агсны нас барсан цагийн талаар тухайн аймгийн Мөрдөн байцаагчид яагаад ШШҮХ-ийн ажилтнаас асуугаагүй, утсаа огтхон ч салгаагүй жолооч руу нь яагаад залгаагүй, дагзных нь ард үүссэн хөхрөлт юунаас үүссэн гэх мэт олон учир битүүлэг асуултын хариуг тэд эржээ. Энэ хэрэг нийгмийн анхаарлыг татах тусмаа үнэнд илүү ойртоно хэмээн итгэж суугаа эцэг, эхийнх нь хүсэл талаар болохгүй гэж найдъя. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан танд баярлалаа. Ерөөс энэ улсад албан тушаалыг нь авахын тулд амийг нь авч оддог аймшигт хэрэг ар араасаа гарах болсоор багагүй хугацааг үдлээ. Бид хэсэг шуугиад л мартаж орхидог. Хэрэг гарсны дараа дахиад л ярьж эхэлдэг.  

Нийгмийн салбар бүхэнд түүчээлж байсан олон чадварлаг залуус даргынхаа шахалтад орж ажлаа өгдөг, даргадаа “таалуулаагүй” бол гадуурхагддаг муу муухай жишиг тогтлоо. Тухайлбал, С.Болормаа агсны хэрэгтэй тун төстэй хэрэг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт гарснаас хойш мөн л хагас жилийн хугацаа өнгөрч байна. Охинтойгоо цагийн өмнөхөн л очлоо хэмээн эрүүл шахуу ярьсан чадварлаг найруулагч бүсгүй Д.Тэнгисмаа агсны хэрэг мөн л албан тушаалын дарамт шахалттай холбоотой байсныг ар гэрийнхэн нь хэлдэг. Ажлаа өгөхийг удаа дараа шаардаж байсан даргынхаа өрөөнд ороод гарсныхаа дараа л метр гаруйхан өндөртэй модон шатны хажууд ухаангүй олдсон нь гаслантай.

Эмнэлгийн өрөөнд амь тэмцэж байхдаа “Намайг битгий зодооч” хэмээн гуйж байсныг нь ч ар гэрийнхэн нь хэвлэлд ярьж байсан юм. Гэвч энэ хэрэг мөн л “гадны нөлөөгүй” хэмээн хаагдаж байгаа гэх мэдээлэл дуулдлаа. Гэтэл залуу бүсгүйн биед үүссэн олон тооны хөхрөлт, үс нь ширэлдсэн байдал, нойлын өрөө рүү ухаангүй шахам үүрүүлээд явж байсан зэргийг цагдаа мэдсээр байж хянаагүй юу, эсвэл мэдэн будилсан уу гэдэг нь хариулт эрсээр үлдсэн байх юм. Цагдаад ажиллаж байсан эрх мэдэлтэй дарга нь үүнд нөлөөлсөн үү гэдгийг хэн ч хянаагүй. Мөн Зам тээврийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн агсан ч мөн л ийм дарамтын улмаас амиа алдсан байдаг. Тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч албан өрөөндөө дуудан архи өгч, ажлаа өгөхийг шахан дарамталж, хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Хоёр жил гаруй сунжирч буй энэ хэргийн шүүх хурал хэдхэн өдрийн өмнө товлогдсон ч дахиад л хойшлов. Энэ мэтээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер залуус архи уугаад амиа алдсан гэх өнгөцхөн дүгнэлттэй ч ардаа асар их хардлага сэрдлэг дагуулан учир битүүлэг байдлаар ажлын байрандаа амиа алджээ.

2015 онд Төв аймгийн Баянчандмань суманд ажилтан бүсгүйгээ зэрлэгээр зодож, хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч байлаа. Ажилтай сууж байсан бүсгүйг унаганы найранд ир хэмээн дарамталж, дуудсаар авч явсан тус сумын МАН-ын хорооны дэд дарга Б.Ханбаатар гэгчийн тухай хэсэгтээ шуугиад л мартсан. Харин залуу бүсгүй насаараа нуугдаж амьдрах болсон гашуун түүхийг эргэн санацгаая. Амиараа төлөх албан тушаал гэж байхгүйг хэзээ бид ойлгох вэ. Хэдий болтол хүний амиар наадах вэ, дарга нар аа. Хийж бүтээдэг нэгнийг бус хийрхэл, намчирхал хэдэн хүний аминд хүрсний дараа зогсох вэ. Дарга гэвэл хүслээ тулгаж, хүнийг гадуурхаж, намаар талцуулдаг зүйл хэзээ арилах вэ. Одоо ч энэ байдал улс төрийн намын шат бүхэнд бий. Бүлэг фракци биш бол гадуурхдаг, ажлаас халдаг “жижигхэн” тархитай хурган дарга нар цаашдаа хэдэн хүний аминд хүрэхийг тааж хэлэх аргагүй нь гачлантай. Хайран сайхан залуус, хайран сайхан хүний үрс. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллана гэж сургууль төгсч, хийж бүтээж явсан тэд ийм муухай тавилангаар орчлонг орхино гэж төсөөлөөгүй нь лавтай. Хүн хүнээ л хайрлахсан даа.