ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуулийн төслийн ченжүүд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-02

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унахад “Нэг гишүүнд хоёр сая ам.доллар өгч кнопыг нь ашиглажээ. Кнопоо үнэлж чадсан улстөрчдийн зарим нь орон байртай болжээ” гэх хов жив Төрийн ордонд хэсэгтээ л дуулдаж билээ. Арай ч тийм зүйл гэж юу байх билээ хэмээн тоохгүй өнгөрсөн хүн олон байлаа. Гэвч алхам бүрт энэ яриа үнэн байсан нь нотлогдох болов. Угтаа УИХ-ын гишүүний нэг ширхэг кноп ч үнэд хүрдэг болсон энэ цагт эрх ашиг ханхалсан хуулийн автор, эсвэл ажлын хэсэгт орно гэдэг ченжийн сүлжээ шиг болтлоо хөгжиж, С.Баярын хэлдэг шиг төгөлдөршсөн гэж хэн санах билээ.

Бидний нүүрс, мах, ноолуур, машины худалдаанд л сонсч дассан ченж гэх үг Төрийн ордонд нэг нам үнэмлэхүй болсон энэ цагт жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж байна. Юу ч байхгүй залуу улстөрч парламентад нэг жил суугаад л юм юмтай болоход хүн бүхэн л гайхаад өнгөрдөг. Жилийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэг, хадгаламжийн мөнгөн дүн, унасан машин нь өөрчлөгдөхөд улстөрч болоод амьдрал нь дээшилжээ хэмээн инээгээд өнгөрөх нь олон. Гэвч тэд хуулийн төслийн ажлын хэсэгт орохын тулд уралдаж, тэр ч байтугай эрх ашиг ханхалсан хуулийн төслийг өөрчлөх гэж өөр хоорондоо өрсөлдөж суудаг юм байна. Хамгийн сонгодог жишээ нь нэг хуулийн төслийн зүйл заалтыг хэн нэг эрх мэдэлтэн, аль нэг компани, мөнгөтэй бизнесмэнд зориулж өөрчлөх явдал. Тухайлбал, банк санхүүтэй холбоотой хуулийн төслийг өөрчлөхөөр бол тэр ажлын хэсгийг ахлах нь улстөрчдийн дунд уралдаан болчихдог. Мөн ажлын хэсэгт багтана гэдэг нь аз эзийн асуудал.

Багтаж чадсан л бол банкуудын эрх ашгийг хамгаалах заалт оруулах, эсвэл дэмжихийн тулд кнопоо үнэлнэ. Ганцхан банк санхүү ч бус хувийн хэвшил, компанийн эрх ашгийг хамгаалсан хууль болгоны ард мөнгө явдаг. Тэр болгонд улстөрчид кнопоо үнэлдэг. Албан тушаалын томилгоонд ч эрх ашгийн зөрчлөөр хандах жишээтэй. Цаашлаад хуулийн төсөл боловсруулсан, түүнийг сурталчилсан гэж төрөөс мөнгө авна. Үүнээс гадна багц хууль оруулж ирсэн яамд нь хүртэл байнгын хорооны гишүүдийг лоббиддог, хуулийн төслөө дэмжүүлэхийн тулд гар хөлийг нь цайлгадаг буруу жишиг амь бөхтэй тогтсон аж. Уг нь хууль боловсруулах нь тэдний үндсэн ажил. Гэтэл ажлаа хийхийн тулд лоббидуулж, кнопоо үнэд хүргэж байгаа нь өнөөх муулаад байдаг нүүрс, махны ченжүүдээсээ огтхон ч ялгарахгүй болчихоод байна. Төсвийн тухай хууль батлагдах үеэр ч энэ мэт эрх ашиг маш олон явдаг нь нууц биш болсон. Төсвийн байнгын хорооны гишүүдийг лоббидох, тойрогтоо ахиухан хөрөнгө оруулалт тавиулахын тулд мөн л кнопыг нь худалдаж авна. Төсөв батлагдах үеэр Төсвийн байнгын хорооны гишүүд, түүнийг даргалж байгаа байнгын хорооны дарга шиг хэрэгтэй хүн байхгүй болдгийг бид мэддэг ч мэдэхгүй юм шиг олон жил явсан. Тэд ингэж л мөнгөтэй болдог. Тэрбумын хаусаа ч ингэж олдог.

Том төслийг шалгах ажлын хэсэгт багтаж, тэдний эрх ашгийг хамгаалсан дүгнэлт гаргахын тулд бас л мөнгө авна. Ямар ч хамаагүй хууль санаачилж төрөөс мөнгө олно. Хуулийн төслөөр ярилцлага өгчихвөл түүнийгээ сурталчилсан гэж үзүүлээд мөнгөө халаасална. УИХ-ын гишүүнээс өөр бизнесгүй атлаа тэрбумын хадгаламжтай улстөрчдийн үнэн төрх нь энэ юм. Ерөөс өөрт таалагдахгүй зүйл заалт, эсвэл өрөөлийн эрх ашгийг хөндсөн хуулийн төсөл байвал өөрчлөх гэж улайрдаг залуу улстөрчдийн бүхэл бүтэн арми УИХ-д бий болчихлоо. Хоёр, гуравхан жилийн хугацаанд боловсролын салбарт гэхэд л 19 удаа өөрчлөлт оруулжээ. Дандаа эрх ашиг ханхалсан өөрчлөлтүүд энд хийгдэж байсан гэхэд хэтийдэхгүй. УИХ-ын танхимд гацчихаад байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд ч том эрх ашиг явж байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна. Улстөрчдийн эрх ашгийг хангаж чадахгүй, түүний бизнест саад болсон нэг зүйл заалт байлаа гэхэд л түүнийг нь өөрчлөхөөр улайрна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн дунд маргааны сэдэв болж буй Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу сум, дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг тухайн сумынх нь Засаг дарга өөрчлөх, томилох тухай хуульд ч нэр бүхий залуу улстөрчдийн эрх ашиг явж байгаа гэх яриа саарал ордонд дуулдаж эхлэв.

Угтаа хаант засаглал шиг нэг дүүрэг, нэг аймаг, суманд эзэн суухаар залуус санаархаж эхэлсэн нь тэр. Тэнд өөрийн хүмүүс, сонгуульд нь ажилласан тойрон хүрээлэгч, ах дүү амраг саднаа томилохын тулд л боловсролын хуулийн зүйл заалтаар хүртэл шоу хийгээд амжлаа. Засгийн газар хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжээгүй ч байнгын хороогоор хуулийн төсөл орж ирсэн. Харин гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, өм цөм өөрчлөлт бус боловсролын салбарын хуулиа бүхэлд нь өөрчлөх ёстой гэх шалтгаанаар хойшлов. Агаарын бохирдлын хуульд өөрчлөлт ороход ч мөн л тэнд утаагаар бизнес хийх гэсэн улстөрчдийн эрх ашиг явж байдаг. Мөн УИХ батлуулах, боловсруулах хууль болгонд ажлын хэсэг байгуулж эхлэв. Мөн том төслүүдийг шалгах, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хянах ажлын хэсгийг ч байгууллаа. Мэдээж энэ нь хууль тогтоомжийг судлах, даацтай тооцоотой гаргах сайн талтай ч дахиад л мөнгө үнэртэж байгааг нуух юун. Татварын өртэй Оюутолгойг шалгахаар ажлын хэсэг байгууллаа гэхэд нөгөө компани нь булхайгаа нуухын тулд мөнгө өгнө. “Эрдэнэт”-ийг шалгахад ч эрх ашгаа хамгаалуулж, хэргээс мултрах хүсэлтэй зарим нь гишүүдийн өрөө бүрээр гүйж мөнгө амлах жишээний. Энэ талаар зарим улстөрчид ч ярьж эхэлсэн. Монгол Улсын хууль тогтоомжийг өөрчлөх гэж тэрбум ам.доллар зарцуулсан тухай баримтыг ч нэр бүхий хүмүүс ярьж байна. Энэ мэтээр УИХ дээр мөнгө үнэртсэн хууль болгонд кнопоо үнэд хүргэх гэж, эсвэл тэр хуулийн төслийг ахлах гэсэн ил далд өрсөлдөөн залуу улстөрчдийн дунд өрнөж, ченжийн сэтгэлгээтэй хурган, төлгөн коммунистууд парламентаар дүүрчихлээ. Цаашдаа улам төгөлдөрших биз ээ.