ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Бат-Амьдрал: Өөрийн чадах зүйлээс эхэлье гэж орон нутагт суурьшсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-20

Хэнтий аймгийн Биндэр су­ман­даа  зөгийн аж ахуй эр­хэлж, шагайн  хэлбэртэй тав­гийн ааруул үйлдвэрлэж буй Т.Бат-Амьдралыг “Хөлсний амт” буландаа урьж ярилцлаа. Тэр­бээр, мөн гэрийн тоононы заг­вараар гэрлийн бүрхүүл болох ав­жур хийдэг, хөдөлмөрч залуу юм. 

-Шагайн хэлбэртэй ааруул гэхээр сонирхолтой санагд­лаа. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Шагайн ааруулыг хийх бол­сон шалтгаан нь  Монгол­ынхоо өв соёлын нэгээхэн хэс­гийг за­луус, дүү нартаа танин мэдүү­лэх, суртал­чилан таниулах зорилготой. Монголд байхгүй зүйлийг хийж, шинийг санаачлах хүсэлдээ хөтлөгдөж, яагаад шагайн хэлбэртэй ааруул байж болохгүй юм бэ гэж  бодсон учраас таван жилийн  хугацаанд энэ талаар судалгаа хийж үзсэн. Хамгийн гол нь ааруулыг хүүхдүүдэд идүүлэх гэхээр сонирхлыг  татах зүйл бараг байхгүй шүү дээ. Цагаан идээгээ идвэл  кальц, уургаа нөхөж чадна, амны хөндийн эрүүл мэндэд  ач тустай гэх мэтчилэн  бидний  эрүүл мэндэд хэрэгтэй олон амин дэм агуулдаг. Энгийн,  дөрвөлжин, бөөрөнхий хэл­бэртэй ааруул хаа сайгүй байдаг. Гэтэл гадаад дотоод­ын чихэр нь нас, насны хүмүүсийн сонирхолыг  татахуйц өнгө, хэмжээ, хэл­­бэр дүрсийг агуулж бай­на. Миний хувьд тэдгээр хэлбэрийг дуурайгаад  гаргаж болох  байсан ч өв соёлыг таниулаад,  дээрээс нь түүхий эд болох аарцтайгаа холбож шинэ бүтээгдэхүүн  гаргая гэж бодсон юм. Үүнийгээ  хүмүүст хүргэхээс гадна,  гадаадаас ирсэн жуулчдад ч бэлэглэж болно шүү дээ. Бид тавагтай идээнээсээ л  өв уламжлал, мал ахуйгаа дээдэлдэг ард түмэн гэдгээ харуулах ёстой шүү дээ. 

-Орц,  найрлагын хувьд бусад ааруулаас онцлог зүйл бий юу? 

-Шагайн ааруул сахарын орц маш бага. Чихэрлэг амт оруулахын тулд “Сараана” байгалийн гаралтай зөгийн  балыг хийж өгсөн.  65 кг аарцнаас ердөө 15 кг  ааруул гардаг. Хаана ч шинжилгээнд өгсөн  багахан  хэмжээний элсэн чихэр, аарц, зөгийн бал гэсэн гурван  зүйл гарна. Хүмүүсийн ярьдаг шиг ямар ч гурил агуулаагүй гэдгээрээ давуу талтай, натурал бүтээг­дэхүүн.  

-Ямар ч зүйлийг  хийхэд бүгд дардан байхгүй,  бага зэрэг  бэрхшээл  тулгарч байсан  байх. Тухайлбал, хүүхдүүд шагайг андуурч хазна,  хахна гэх  мэтчилэн  сөрөг  мэдээллүүд гарч байсан? 

-Шагайн ааруул гарснаас хойш зарим хүмүүсийн зүгээс сөрөг хандлага гарсан л даа. Таван жилийн  хугацаанд зөвхөн ашиг орлого олох, олон нийтэд танин мэдүүлэх гэхээсээ илүү  сөрөг мэдээлэл, эрсдэлийг нь бас судалж үзсэн. Биднийг бага байхад шагай гэрээр  хөглөрдөг л байсан. Аюултай зүйл байсан бол ухаант  ард  түмэн маань тоглоом наадгай болгохгүй байсан шүү дээ. Тийм биз дээ. 

-Сар шинийн баяр удах­гүй боллоо. Хөл хорио тогтоосон ч гэр гэртээ уламжлалт баяраараа идээ будаагаа засаж, жилийнхээ өнгийг гаргадаг ард  түмэн шүү дээ. Тэр ч утгаараа цагаан сараар үндэсний өв соёлыг агуулсан эд хэрэгсэл, хүнсний бүтээг­дэхүүн хэрэглэх хүсэлтэй болжээ. Шагайн ааруулаа Улаанбаатар хотод бор­луулж байгаа юу?

-Улаанбаатар хотод эхний ээлжинд “Нарантуул” худал­дааны төвийн “Баялаг-Ундраа” зах, “Дүүхээ” дэлгүүр, “Сүмбэр” худалдааны төв гэсэн гуравхан цэгт борлуулж байгаа. Олон дэлгүүр, худалдааны төвтэй хамтарч ажиллах гэхээр эрэлтээ дийлэхгүй байна.

-Ааруулаа хэвлэж гаргах технологийн хувьд ямар аргыг ашиглаж байгаа вэ.  Малчид уламжлалт аргаа ашигладаг бол үйлдвэрийн  аргыг сүүлийн  үед  нэвтрүүлэх болсон юм билээ?

-Шагайн  ааруул  хэвтэй ч гэсэн бүтэхдээ гар аргаар хийгдэж байгаа учраас нэг ширхэгийг хийхэд нэг минут зарцуулж байх жишээтэй.  Нэг кг ааруул хийхэд 2-3 цаг орчим зарцуулдаг. Энгийн  ааруулыг  хийхэд нэг  цагт ойролцоогоор 10 орчим кг гаргах боломжтой. Манай ааруул нарийн ажиллагаа ихтэй, зарлага, зардал  өндөр гардаг учраас 35000 төгрөгөөр  борлуулж байна. Хүмүүс өндөр үнэтэй байна гэдэг л дээ. Мэдээж тоног төхөөрөмжөө сайжруулаад, автоматжуулвал үнээ бууруулалгүй яах вэ. 

-Өрхийн  хэмжээнд  бүтээгдэхүүнээ хийж байна уу эсвэл сум орон нутагтаа ажлын  байрыг бий болгох  замаар үйлдвэрлэл бий болгосон уу? 

-Биндэр сумандаа амьдар­даг өрх толгойлсон ээжүүд, ажилгүй бүсгүйчүүдийг ажиллуулж байна. Цаашид  ч олон ажлын байрыг бий болгох боломжтой. Энэ жилийн хувьд короно­вирусийн улмаас хөл хорио  тогтоож, Цагаан сарыг өргөн  дэлгэр хийлгэхгүй гэсэн учраас үйлдвэрлэлээ зогсоосон.  Ер нь хөдөө орон нутагт байнгын ажлын  байр хомс шүү дээ. Орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд, залуус ажил  байвал  хийе  гэдэг хүсэл эрмэлзлэлтэй болсон.

-Шагайн ааруулаас гадна гэрлийн  бүрхүүл буюу авжур хийдэг юм байна. Бас их гоёмсог  загвартай юм?

-Бас л  монгол ахуйгаа сурталчилах зорилготой. Бид эртний өв соёлоо судалж үзвэл үнэхээр дуусашгүй, дундрашгүй их юм билээ. Шагай л  гэхэд дотроо хэчнээн төрлийн  хүмүүжил  олгодог билээ. Миний хувьд  тоонон гэрлийн  бүрхүүл гаргасан. Тооно л  гэхэд монгол уламжлалт сууцны гол хэсэг  гэх мэтчилэн  олон агуулга бий. 

-Гэр бүлээрээ аж ахуй эрхэлдэг, ажилсаг хүмүүс гэж нутгийн түмэн бахархан ярьдаг  юм билээ.  Аав,  ээжээсээ өвлөсөн тэр арга ухаан өнөөгийн  амжилтад хүрэхэд их нөлөөлсөн  байх?

-Тэгэлгүй яах вэ. “Сараана” гэдэг  брэндээс эхэлнэ дээ.  “Сараана” зөгийн  балыг  аав, ээж хоёр минь гаргасан байдаг.  Анх “Дэлхийн зөн” олон улсын  байгууллагын хөтөлбөрт хамрагдаж таван  бүл  зөгий  авч байлаа. Таван бүл  зөгийгөө өсгөж үржүүлсээр  байгаад өнөөдөр 100  бүлд  хүргэсэн. Аав минь залуу байхаасаа ан гөрөө хийж, гэр бүлээ тэжээж ирсэн. Хөдөлмөрч,  аж ахуйч байх гэдэг зүйлийг  яах аргагүй аав, ээжийнхээ хүмүүжлээс сурсан. Тэд  минь миний хувьд  бахархаад барахгүй мундаг хүмүүс. Залуугаасаа хоёулаа хамт зүтгэж явсаар  өдий зэрэгтэй яваа.  Бид ч тэднийхээ ажил,  үйлсийг цаашид үргэж­лүүлэх гэж хичээж явна. Ихээр нь өсгөж, үржүүлээд явж чаддаггүй юм гэхэд, унагаахгүй явах юмсан, олон  хүнд  ач тусаа өгдөг үйл хэрэг байгаасай гэж боддог доо. Ээж, ааваасаа хүмүүжил, хүн байх арга ухааныг суралцсан бол хамтарч ажиллаж байсан хүмүүсээс ч бас их зүйлийг сурсан. Хэнтий аймгийнхан манай зөгийн балыг андахгүй дээ. Бусад аймаг, Улаан­баатар хотод тодорхой хэм­жээ­нд танигдсан бүтээгдэхүүн  болж чадлаа. Зөгийн бал­наас гадна таван төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тухайлбал, зөгийн лавыг  нь хайлуулж, гол хийгээд лаа гаргасан. Мөн лаваас уруулын бальзам гаргаж авлаа. Эдгээр бүтээгдэхүүнд  ямар ч химийн бодис байхгүй гэдгээрээ давуу талтай.  

-Бусад төрлийн зөгийн балнаас ялгарах онцлог нь юу вэ? 

-Ялгарах онцлог нь  маш  олон төрлийн цэцэгсээс байгалийн цэвэр зөгийн балыг гаргаж авдагт  байгаа юм. Биндэр сум олон төрлийн  ан амьтан, ургамал  цэцэгс ургадаг хангай газар учраас зөгий үржүүлэхэд  таатай орчин  бүрддэг гэх үү дээ. “Танай зөгийн бал  хэзээ үйлдвэрлэгдэх вэ” гэж асуугаад  байдаг юм. Гэтэл зөгийн аж ахуй гэдэг нь зөгийгөө өсгөж үржүүлээд,  байгалиас олж ирсэн балыг нь хурааж аваад,  савлаж зардаг болохоос үйлдвэрлэдэг  гэдэг ойлголт биш л дээ. Үйлдвэр гэдэг нь тусдаа. Үйлдвэрийн  зөгийн бал хямдхан байдаг байх. Зөгийн аж ахуй эрхлэхэд  ан амьтан,  цас бороо, байгалийн  хүчин  зүйлээс эхлүүлээд  эрсдэлт  их бий.  Өнгөрсөн жил л гэхэд баавгай ихтэй байлаа. Энэ амьтан зөгий рүү орж ирвэл сүйтгэж дуусна шүү дээ.  Бусад зөгийн бал  янз янз байдаг байх. Хүний хийж  байгаа зүйлийг нэмэр болоогүй байж муулах эрх надад байхгүй. Өөрийнхөө хийж байгаа зүйлээ сайн  мэдсэний үндсэнд хийж, бүтээе гэж бодож явдаг. 

-Зарим залуус Улаан­баатар хот, төв суурин газар руу тэмүүлдэг болчихсон. Уг нь хот гэлтгүй хөдөөд ч тэдэнд  хэрэгтэй бүх зүйл байдаг болсон. Үүнийг залуу хүний хувьд юу гэж хардаг вэ? 

-Бусад залуучуудын адил хотод ажиллаж, амьдрах хүсэл байсан. Амьдраад үзэхэд хотод амьдрахын мөн чанар нь юу юм гэдгийг таниад нутагтаа буцаж ирсэн. Нөгөө талаас зөгийн  аж ахуй маань багагүй өргөжсөн учраас энд аав, ээждээ туслах шаардлага гарсан юм. Бусад залууст  олон  шалтгаан байгаа байх. Хотод хөдөөнөөс илүү их ажлын байр байдаг. Сонголт ч олон учраас тэднийг буруут­гах аргагүй. Гэхдээ хот, хөдөөгийн ялгааг  харсан  нэг нь сум орон нутагтаа хэрхэн  ажилтай, орлоготой амьдрах замаа олдог байх. Залуу хүн учраас өөрийнхөө чадах зүйлээсээ эхэлье гэж бодсон учраас эндээ суурьшсан. Би ганцаараа шийдээгүй. Эхнэр, эцэг, эх, ах дүү нар  минь ч нөлөөлсөн. Тэглээ гээд харамсах зүйл байхгүй дээ.

-Хүүхдүүд нь хот явъя гэхгүй байна уу? 

-Хүүхдүүд маань орон сууцанд байх нэн дургүй. Хотод амьдарч байхад хоёр хүүхэд чөлөөтэй гүйх гэхээр доод айл уурлана гээд л, багахан шуугилдахад хажуу айл гомдол гаргана гээд л баригдмал  байсан. Орон сууцанд амьдарч байгаа хэрнээ хүний юманд  байгаа юм шиг хэцүү юм билээ. Бид багаасаа хөдөө нутагт тааваараа өсчихсөн учраас илүү  том орон зайд чөлөөтэй байхыг хүсдэг байх /инээв/.  Миний эхнэр Дорнод аймгийн Баян-Уул сумын  буриад басган байдаг. Эхнэр маань ч эндээ амьдрах хүсэлтэй учраас хөдөлмөр  зүтгэлийнхээ шимийг  хүртээд  амьдарна даа. Биндэр  сумын байгаль үнэхээр сайхан. Онон мөрөн сумын  хажуугаар урсаад л, зон олон нь ч сэтгэл сайхан,  их  л наргиан ч улсууд байдаг юм. Манай сумын  бараг  бүх хүн хочтой /инээв/. 

-Цаашид  хийж буй ажил,  үйлсээ хэрхэн өргөжүүлэх вэ. Монгол брэнд, нутгийн брэнд гэж их  ярьдаг болсон?

-Цаашдаа гаргаж буй бүтээг­дэхүүнээ  илүү  өргөжүүлж,  технологио сайжруулах чиг­лэлд анхаарах бодолтой байна. Биндэр сумандаа Нутгийн  брэндээ бий болгож “Бумжид”  нэртэй дэлгүүрээ нээсэн. Дэлгүүртээ өөрийн бүтээгдэхүүнээс гадна,  нут­гийнхаа  бүхий  л  онцлог  гэсэн зүйлүүдээ худалдаалж байгаа. Мах, сүү,  цагаан идээ, цөцгий, даршилсан ногоо,  зөгийн балаа органикаар  бор­луулахыг зорьсон. Удахгүй дэлгүүрийнхээ салбарыг Улаанбаатар хотод нээж, буриад бүтээгдэхүүн ямар чанартай, ямар үүсэлтэй байдаг вэ гэдгийг таниу­лах  бодолтой байгаа. Хаа байсан хятад улсаас авжур оруулж ирээд  байдаг атлаа, Улаанбаатар хотоос Биндэр сум хүртэл 400 км давхиад авжураа яагаад  авч болохгүй гэж. Эхлээд Биндэр сумынхаа,  дараа нь Хэнтий аймгийнхаа, тэгээд Монголынхоо  хэмжээнд, цаашлаад дэлхийн тавцанд бүтээгдэхүүнээ гаргахын  төлөө ажиллана даа.