ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол төрийн “хатиг”-II

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-27

Монголын төрд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шиг дархан эрхтэй хүн өнөөдрийг хүртэл байсангүй. Тэрбээр, улс төрд 30 орчим жил зүтгэхдээ УИХ-д долоон удаа сонгогдож, таван удаа ХЗДХ-ийн сайдаар ажиллажээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл төрд зүтгэхдээ хууль эрх зүйн салбарыг  улс төртэй хослуулж, “Шударга ёс” гэсэн хоёр үгээр  олны амыг таглаж ирсэн билээ. Харин тэр өөрөө шударга ёсондоо багтаж чадсан уу, гэвэл үгүй. Ц.Нямдорж 1990 оны эхээр улс төрд хөл тавихдаа шударга байх тухай бодсон байж магадгүй. Түүнээс хойш хүсэл зоригоо умартаж, эрх мэдэлд умбан мартсан гэвэл хэтийдэхгүй. Түүнийг улс төрд хөл тавих үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөхөн. Монголчуудын улстөржилт,   хариуцлага нэхэж, ам  асуудаг байдал бараг одоогийнхтой харьцуулахгүй байлаа.  

Ц.Нямдорж ард иргэдийг “мэдээлэлгүй, мэдлэггүй”-д багтааж, ард түмнийг дорд үзэж байх аж. Тухайлбал, түрээсийн байранд амьдардаг. Унах машингүй, үзэж, харах зурагтгүй хэмээж, өөрийгөө өрөвдүүлж байсан нь худлаа биш. Гэтэл 2018 оны ХОМ-т жилийн орлого нь 28 сая, хадгаламж таван сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэгвэл бизнес эрхэлдэггүй цалингаас өөр орлогогүй хүн хэдэн тэрбумаар үнэлэгдэх хоёр ихэр хаус бариулах мөнгөтэй байх уу. Харуул хамгаалалт сайтай дохиолол, камераар бүрэн хангасан хувийн сууцанд амьдарч байна.

Хэдэн тэрбум төгрөгөөр тоологдох хөрөнгөтэй Ц.Нямдорж сайд “Би амбаарт амьдардаг. Монголын төрөөс сохор зоос ч аваагүй” гэж ярьж байсан удаатай шүү. Тэр бүү хэл 2018 онд  “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Ц.Нямдоржийн эхнэр,  хүүхдийнхээ нэр дээр 17 орон сууцтай гэсэн мэдээллийг олон нийтэд дэлгэж, АТГ шалгуулахаар өгч байжээ. Харин энэхүү мэдээлэлд өнөө хэр нь няцаалт хийж чадахгүй явна, тэр. Мөн түүний хүү Н.Анхбаяртай холбоотой чих халууцмаар мэдээ мэдээлэл өнөө хэр тасраагүй. “Эрдэнэт” үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн бараа шахсан асуудлын араас дипломатуудыг дарамталдаг хэрэг үргэлжил­сэн.

Олон нийтийн хэл амнаас холуур өнгөрдөггүй Н.Анхбаяр Гадаад харилцааны яаманд ажилладаг бөгөөд Элчин сайдаар томилогдох мөрөөдөлдөө автсан хэвээр. Ц.Нямдорж “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо  “Миний хүүхдэд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. 150 хувийн итгэлтэй байгаа. Би хоёрхон хүүхэдтэй. Миний хоёр хүүхэд элдэв муу юманд оролцдоггүй. Хоёр хүүхдээрээ бахархдаг, эцгийн хувьд. Надаас илүү хашир” хэмээн өмгөөлж байлаа. Ингэж хэлээд удаагүй байхад хүүгийнх нь талаарх асуудал улам газар авч, баримтууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрийг дүүргэх үед “Би эцэг хүний хувьд утсаар ярьж өгсөн, яадаг юм” гэсэн тайлбарыг өгч байв.

Үхтэл үр харам гэгчээр гай ч тарьсан, гавьяа ч байгуулсан өмөлзөж, өмөөрөх л байх. Харин ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн, “Шударга ёсны загалмайлсан эцэг”-ийн хувьд байж болох зүйл огт биш. Түүнчлэн  “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёрхон зүйлээс айдаг. Нэг нь С.Зоригийн хэрэг илчлэгдэхээс, нөгөө нь “Эрдэнэт”-ийн асуудал” гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурц  хэлж байсан удаатай шүү.

Гэтэл сайд Ц.Нямдорж С.Зориг агсны амиа алдсан хэргийг илрүүлнэ, хуулийн салбарт шударга үнэнийг тогтооно гэж хэлээд 20 гаруй жилийн нүүрийг үзлээ. Түүний амнаас гарсан авиа бүрт монголчууд болон С.Зориг агсны гэр бүл, ах, дүү, найз нөхөд нь найдсаар, итгэсээр 22 намрыг үдэв. Харин Ц.Нямдорж сайд шилний цаанаас чихэр долоолгож, өнөө маргаашгүй ил болгох гэж байгаа аятай ярьдаг. Таван удаа Хуульзүйн салбарыг толгойлж байгаа.

Гэтэл Ц.Нямдорж сайдад С.Зориг агсны хэргийг илчлэх, ил болгох сонирхол байгаагүй бололтой гэж хардах үндэслэл ч бас бий. Өөрөөр хэлбэл, “С.Зориг агсны хэрэг шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг 19 жилийн хугацаанд 10 удаа тараажээ. Зөвхөн үүнийг дөрвийг нь Ц.Нямдорж сайд тараасан байдаг. Ажлын хэсгийн 32 албан хаагчийг сольсон. Улс төр болон бусад зорилгоор Ц.Нямдорж үүнд нөлөөлж байна” гэж Б.Хурц мэдээлж байв.

Харин үүнийг батлах гэсэн шиг Ц.Нямдорж сайд хүний эрхийг дээд цэгт нь хүртэл дэвэргэж, С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн зургаан хоногийн 26 минутын бичлэгийг  олон нийтэд үзүүлж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг  хорих ёсгүй хэмээн мэдэгдсэн билээ. Тэд алуурчин биш гэдэг нотолгоо сайдад бий юу. Байгаа бол яагаад хэргийн гол буруутныг ил болгохгүй хүний эрхийг ноцтойгоор зөрчөөд байгаа юм бэ. Үүнийг хууль хяналтын байгууллага яагаад шийдэхгүй байна вэ. Ямар нэгэн нотолгоо байхгүй бол сайд та хоосон цээжээрээ өмгөөлөөд газар авахгүй гэдгийг хэнээс ч илүү мэдэж байгаа.  Хуулийг нь та баталж болох ч хууль хяналтын байгууллага үүнийг хэрэгжүүлдэг.

Тиймээс шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэл­тэй сайд өнөөдрийг хүртэл байхгүй. Цаашид ч байхгүй. Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын “өгзөг барьж” бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудал дэлхий дахинд хүрч, Монгол Улсын нүүрийг  түлж байхад   “Та нар хөгшин эхийг нь бод” хэмээн сургамж хайрлаж, өмөөрч байгаа.

Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй бүсгүй, нялх үртэйгээ өнчирч учир битүүлгээр амиа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр хөхөө өвлийн хүйтэнд суулт зарлан бээрч суухад Ц.Нямдорж сайд “нүдэн балай, чих нь дүлий” байсан юм шүү дээ.  Энэ нийгэмд шударга ёсыг тогтоож, цэвэр нийгмийг бүтээе гэсэн сэтгэл түүнд байсан бол Б.Болороогийн суулт зарласан эхний өдөр хуулийн байгууллагуудад үүрэг өгч, хөөрхий бүсгүйд гомдлоо тайлах боломжийг олгоход цаг орохгүй.

Хууль хяналтын байгууллага хөөрхий бүсгүйг үл тоож, мөнгөтэй компанийн талд үйлчилж байхад салбарын сайд нь “өгзөг”-ний хэрэг өмөөрөөд суусан түүх таниар дуусах байх. 2015 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэхдээ тэр “Сүүлийн үед Ерөнхий сайдыг хүчирхэг болгоно гэх болж. Нэг улаан авлигач Ерөнхий сайд болчихоод цаагуураа энэ улсыг худалдаад дуусвал яана. Парламент асуудлыг нь хэлэлцэх гэнэ, ямар ч эрх мэдэл байхгүй.  

УИХ-ыг тараана, огцруулна гэдэг асуудал салахгүй” хэмээн ярьж байж билээ. 2019 онд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд анхаарч ажиллаж чадаагүй. Манай 62 гишүүн шийдээд явна. Тэгэхдээ АН болон Ерөнхийлөгчийн байр суурь, санаа бодлыг сонсохгүйгээр өөрчилж болохгүй. Засгийн газрыг Ерөнхий сайд дангаараа бүрдүүлдэг, хариуцлагаа хүлээдэг байх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Ердөө дөрөвхөн жилийн хугацаанд байр суурь болоод үг үйлдэл нь зөрж байх жишээтэй.

Түүнчлэн  2014 онд “УИХ-ын гишүүд нь эр, эмгүй хуулийнхныг дарамталдаг боллоо. АТГ-ын дарга  Н.Ганболд үнэхээр бие нь өвдөөд явсан гэж бодож байна уу. Үгүй шүү дээ, УИХ-ын гишүүдийн ил далд дарамт, шахалтыг сэтгэл зүйн хувьд даах аргагүй болоод л шантраад явж байгаа хэрэг. 1996-2000 онд хуулийнхан ийм дарамтад орсон байсан. Гэмт этгээд төрийнхнийг, хуулийнхныг удирддаг байлаа.

2000 онд намайг Хуулзүйн  сайдаар томилогдсоны дараа цагдаагийнхан ажлаа хийж арай гэж нэг цэгцэлсэн юм. Одоогийнх бүр аймшигтай, мафи шинжиндээ орсон байна. Хуулийнхан хууль дүрмийнхээ дагуу ажлаа хийж байхад Хууль зүйн байнгын хорооны дарга нь “бидон” шиг өнхөрч очоод тэднийг дарамталж байдаг. Үүнийг юу гэдэг гээч. Мафижсан төр гэдэг юм.

Монголын төр Ардчилсан намын үед мафижсан төрийн шинж рүү гулсан орлоо” ярьж байжээ. Тэгвэл УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны даргаар ганцхан жил ажилласан Д.Ганбат хуулийн салбарыг мафижуулсан юм бол бүхэл бүхэн таван удаа сайдаар томилогдсон Ц.Нямдорж та ямар хэмжээнд хүргэсэн  гэдгээ мэдэх үү. Өнөөдөр шүүгчдийн цалинг хэдэн зуу дахин нэмсэн ч авлигын лимитээс давахгүй хэмээн Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр ярьж байна билээ.

Хуулийн салбарт бий болсон авлига, албан тушаалын наймаатай тэмцэх, тэмцэлдэх, цэвэрлэх сонирхол түүнд байхгүй бөгөөд “Салхит”-ын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт холбогдсон  шүүгч нарын асуудалд Ц.Нямдорж сайд “Мөрддөг байгууллагууд нь хорих саналаа өгдөг. Шүүх нь хорьж өгөхгүй болохоор хил гараад л явчихна биз дээ. Ажиллагаа нь явж  байгаа. Наад шүүхийн асуудлаар хатуу үг хэлсэн хүн надаас өөр байхгүй” хэмээн өөрийгөө өмгөөлж, арьсаа хамгаалж суугаа. Энэ мэтээр таны туулсан 30 жилийн улс төрийн амьдралыг хүүрнэхэд хэвлэлийн хуудас хүрэлцэхгүй нь мэдээж.

Харин “Намайг юу ч зогсоож чадахгүй”, “Үнэн ганцаардаж, шударга ёс өнчирч байна”, “Аав, ээж хоёр”-ыгоо ганц сайхан дуулчихаад Н.Энхбаярын шүүхээр буудуулна даа” хэмээн амь тавьж аргацаахдаа худлыг үнэн мэт хүүрнэхдээ, шударга ёсны ирийг мохоосон 30 жилээ та эргэцүүлнэ үү, сайд аа.

Сайд тантай хамгийн их үзэлцэж байгаа Б.Хурцыг “Монгол төрийн хатиг” хэмээн олон хүн дүгнэдэг. Тэгвэл та ч энэ төрд “хатиг” болж хувирчихаад байгааг тунгааж үзээрэй.

Та 30 жил хэвлэл мэдээллийг ард түмэнтэй нь хамт хангалттай загналаа. Хэлсэн үгнээсээ хангалттай ухарлаа. Төрийн төлөө биш хэсэг бүлгийн төлөө тэмцдэг гэдгээ харууллаа. Олонд таалагдах болохоороо “Казино бол хулгайч, дээрэмчдийн газар” гэж мэдэгддэг. Харин намаа өмгөөлөх болохоор “Ороод гардаг газар” хэмээн мэлзэв. Угтаа та хэлсэн үгэндээ, хийсэн үйлдэлдээ эзэн болсонгүй. Таны удирдсан яам тэрбум, тэрбум төгрөгөөр туйлж, албан өрөөгөө хааны орд харш аятай тохижуулав. Та л ганцхан төрийн мөнгөөр тансаг машин худалдаж авлаа. Шударга сайд таны амнаас л “Сайдын албан тушаалаар хүүгийнхээ Элчин сайдын суудлыг наймаалцсан ч яах вэ” хэмээн саарал ордонд жороолж чадлаа. Одоо хангалттай биш гэж үү, сайд аа.