ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ми, Зи хоёр

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-22

Монголын улс төрийн түүхэнд олон, олон Энхболдууд бий. Тэдэн дундаас ялгарсан улстөрчид бол МАН-аас Миеэгомбын Энхболд, АН-аас Зандаахүүгийн Энхболд хэмээх, үе тэнгийн хоёр, “үхэр, туулай жилтэн”-гүүд билээ. Эл хоёр эрхэм өмнөх парламентын үед  Монголын хамгийн том хоёр намын даргыг нэгэн цагт хийж байсан гэдгээрээ ижилсэнэ. Гэтэл бас хоёулаа Монгол төрийн түүхэнд УИХ-ын дарга гэдэг эрхэм хариуцлагатай, өндөр дээд албыг хаших хувь тохиосноороо ч адилсана.  Мөн бүр их адилхан болгох гэж оролдвол хоёулаа Улаанбаатар хотод төрсөн, хоёр, хоёр хүүхэдтэй гэж ижилсүүлж бас болохоор аж. Гээд өнөөгийн Монголын улс төрийн тод өнгө болсон эл хоёр улстөрчийг яаж ч адилтгаж, ижилсүүлэх гэсэн боломжгүй гэдэг нь тодорхой.

Тухайлбал, М.Энхболд З.Энхболдоосоо насаар хоёр ах, Төв аймгийн уугуул хэмээн намтраа бичдэг нэгэн. Харин З.Энхболдын хувьд эцэг талаа баривал Сэлэнгэ, эх талаа хөөвөл Өвөрхангайн гарлынх. Энд өөрийг өгүүлэхэд цаашид энэ хоёр эрхмийн талаар л энд бичигдэх учир овгийн эхний үсгээр нь Ми, Зи гээд товчлоод бичье. Гээд цааш нь үргэлжлүүлэхэд Ми насаараа нам, төрийн ажил хийсэн нэгэн. Улаанбаатар хотын захиргааны байгууллагад мэргэжилтнээс нь эхлээд хотын Мэрийг нь хүртэл хийсэн хүн. Дүүргийн даргаас эхлээд хотын дарга хүртэл дэвшсэн, төрийн хар хүн. Гэвч түүнийг хотыг удирдаж байхад хот дэндүү замбараагүй, төлөвлөлтгүй болсон, газрын наймаа цэцэглэсэн, түгжрэл тартагтаа тулсан, утаа униартаа баригдсан гэж олон нийт шүүмжилдэг. Харин тэрбээр өөрийгөө “төв талбайг цементэлсэн, Төв шуудангийн дээр цаг байрлуулсан, дуунд зориулж хөшөө босгосон” гэж өгүүлж байсан удаатай. Дээр дурдсанчлан Ми дарга төрийн албыг багаас нь эхлээд шат дараалан хийж, томыг нь хүртэл ахисан намтартай.

Дүүргийн дарга, Хотын дарга, Шадар сайд, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга гээд хийгээгүй ажил, хүрээгүй өндөрлөг байхгүй гэхэд хилсдэхгүй. Намдаа ч тэр “шинэ үе” хэмээх жигүүр ургуулж, хотын хэмээх фракцыг байгуулж, намынхаа даргын албыг хоёронтоо хашиж байсан хүн. Намаа төлөөлж, төв аймгаас гурвантаа сонгогдсон хэдий ч сонгогдсон газар орон нь хөгжлөөр хоцорч явдаг нь бас л гачлантай. Хотод төрсөн, хотоор овоглодог, хотын гэх фракцыг толгойлдог хэдий ч хөдөөнөөс сонгогдож, морь уяж, морин холбоог саяхныг хүртэл тэргүүлсэн эрс тэрс дүр төрхтэй, хүн. Хэр баргийн дуугараад байхгүй намбатай, нүд дүүрэх, нүүр дүүрэн царайтай, жишвэл Путинтай гэхээсээ Ши Жин Пинтэй төсөрхүү нэгэн. Түүний намдаа байгуулсан гавьяа гэвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар цөөнх байсан намыг олонх болгосон түүхтэй. Гэвч олонх болгосон намын дарга хэр нь Ерөнхий сайдын суудалд залралгүй, өөрийнхөө хүнээр стандарт бус засаг байгуулсан гэмтэй. Харин түүний оронд УИХ-ын даргын суудалд заларч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, өөрийн захиалсан өрсөлдөгчдөө өвдөг шороодсон намтартай.

Түүний гайгаар өнөөдөр 65 суудал авсан МАН хоёр хуваагдаж, өөрөө намын даргын суудалгүй, өөрийнх нь байгуулсан засгийн газар нуран унасан нь саяхан. Мэдээж эр хүн “туг барьдаг, тугал ч хариулдаг” гэдэг шиг туг барьсан үе нь УИХ-д 65 суудал авчирсан үе нь байсан. Харин тугал хариулсан шийдвэр нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх байсан билээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнөөр “60 тэрбумын хэрэг”-ийн гол зохион байгуулагч хэмээн цоллуулж, хятад гаралтай хэмээн хардуулж, хотын газрыг зарж баяжсан хэмээн түүх сөхүүлж, “аядуу зөөлөн хүн” гэж өөртөө асуулт бэлдүүлсэн хэмээн адлуулж, шүүх хүчний байгууллагынхантай золголт хийснийхээ төлөө хардуулж, элдэв муугаа үзсэн билээ, хөөрхий. Ялуулсан намынхаа даргаас огцрох шалтгаан нь ч болсон. Гээд бас зогссонгүй. Цаашлаад УИХ-ын даргынхаа суудлаас унаж мэдэхээр болоод байна. Өнөөгийн намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг аалз, ойр тойрныхоныг нь аалзны хөл, хөл гарыг нь тасдаж, тайрна хэмээн ойрынхоо хүнээр хэлүүлж, хүлээн зөвшөөрснийхөө төлөө өөрөө харин хөл гараа тайруулж, унаж мэдэхээр болчихоод байна. Ямартай ч өнөөдөр түүний хувьд хамгийн хүнд цагийг туулж байна. Өөрөөр хэлбэл үхэх үү, сэхэх үү гэдэг эргэлтийн цаг үедээ явна, тэр.

Зи. Харин Зигийн хувьд Оросод сургууль төгссөн, инженер хүн. Хар залуугаасаа ардчиллаар “амьсгалж”, бизнес хийж, гудманд байсан ардчилсан намыг санхүүжүүлж явсан нэгэн. Гучхан насандаа Төрийн өмчийн хороог толгойлж, толгойлох хугацаандаа Эрдэнэтийн Ш.Отгонбилэгтэй үзэлцэж, олны танил болсон хүн. Жижигхэн биендээ томдсон их зантай. Их зандаа ахадсан хэрсүү, ааштай. Ми-тэй харьцуулах юм бол морь, тэмээ, бөх сонирхоод байхгүй, эрс тэс өөр нэгэн. Түүнээс өөр нь хэл ус, сүүлийн үеийн техник төхөөрөмж, компьютер утас, дэвшилтэд технологи сонирхол нь байж мэднэ. Зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхийн хэлснээр “технограт хүн”. Хатуу зарчимтай, зарчим нь харин ааш болон харагддаг, түүгээрээ заримдаа олонд адлуулах нь элбэг. Анхлан Өвөрхангай аймагт нэр дэвшиж, өнөөх алдарт Ш.Сугарт саналаа луйвардуулж, жил гаран зарга хийж байж, парламентад орж ирж байсан түүхтэй. Түүнээс хойш гурвантаа УИХ-д сонгогдож, УИХ-ын хамгийн яхир гишүүдийн нэг гэж цоллуулж, гэсэн атал шат дараалан дэвшиж, УИХ-ын дарга болсон намтартай. УИХ-ын дарга байхдаа өнөөгийн дарга Ми шиг аядуу, зөөлөн байсангүй. Харин ч эсрэгээрээ дэг зөрчсөн хэнийг ч болов хууль ярьж, микрофоныг нь хааж, “...согтуу байна. Харьж амар...” гэж улайлгаж, цөөнх болсон намыг бүлэггүй болтол нь шахаж, дургүй хүний зэвүүг, дуртай хүний дурыг гозойтол аашилдаг байсан нь ч бас үнэн. Түүний алдаа гэвэл намынхаа даргын албыг хашиж байхдаа намдаа бүрэлдсэн олон фракцынхаа эрх ашгийг хангаж чадаагүйд л байлаа.

Оффшор С.Баярцогт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэнтэй нь ч тэр таардаггүй байлаа. Таараад нэг замаар явж болох байсан ч. Таарахгүй өөр замаар явах зарчим түүнд байсан юм. Таараагүйнхээ хүчинд “Таван толгой”-г хэн нэгэнд 60 жилээр өгчихөлгүй авч үлдсэн түүхтэй. Мөн намаа ялуулахын тулд орон даяар тойрсоор өөрийнхөө тойрогт ажиллалгүй ялагдаж байлаа, тэр. Түүнээсээ болж, намынхаа даргын ажлаа өгч байсан билээ. Гэвч парламентын гадна байгаа хэр нь түүний дуу бүдгэрсэнгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдов. Үе үехэн парламентын танхимд Ерөнхийлөгчийг төлөөлж, гишүүдэд “бодлого” зааж явна. Өөрөөр хэлбэл, урьд хожид УИХ-ын гишүүдээр “Х.Баттулгын биш З.Энхболдын бодлого яваад байна” гэж хэлүүлж байсан ийм хүчтэй ЕТГ-ын дарга байсангүй. Ми аядуу зөөлөн, Зи адайр ааштай, хүчтэй, зарчимтай ийм хоёр улстөрч бидний үед амьдарч байна.