ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоккейн фанат

А.ОДСҮРЭН
2020-01-17

ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ерөнхийлөгч В.Путин шинэ хөзөр дэлгэж, Ерөнхий сайдад Михайл Мишустины нэрийг дэвшүүлжээ. ОХУ-д нэлээд алдартай Михайл Мишустин 2010 оноос эхлэн Холбооны татварын албаны даргаар ажиллаж байжээ. Эдийн засгийн ухааны доктор, Оросын төрийн жинхэнэ зөвлөхийн I зэрэгтэй, Эх орны төлөө зүтгэсний төлөөх IV зэргийн одонгоор шагнагдаж байсан бөгөөд оросуудын хообий болсон хоккейн спортод дуртай нэгэн ажээ.

2007 онд Холбооны эдийн засгийн бүсийн удирдлагын газрыг удирдаж, Эдийн засгийн дээд сургуулийн Татварын менежмент, үл хөдлөх хөрөнгийн эдийн засгийн хүрээлэн байгуулах санаачилга гаргаж, эрдэм шинжилгээний зөвлөхөөр нь ажиллаж, Германы “Дойче банк”-тай хамтран хөрөнгийн менежмент, шууд хөрөнгө оруулалт, харилцан хөрөнгө оруулалтын чиглэлээр Орост үйл ажиллагаа явуулдаг UFG компаниудын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зэргээс нь харахад банк, санхүү, эдийн засгийн тал дээр нэлээд “хатуу самар” бололтой.

Тэр Холбооны татварын албаны даргаар очсон даруйдаа татварын бохир системийн эсрэг, татварын алба, бизнес эрхлэгчдийн хоорондох найрсаг харилцаанд цэг тавьж, маш хатуу тэмцэж эхэлсэн байна. Ингэснээр Холбооны татварын албаны дарга байх хугацаанд нь улсын нэгдсэн төсөвт 7.7 их наяд рубль оруулж, тэр нь 2018 онд 2.76 дахин нэмэгдсэн талаар Оросын хэвлэлүүд онцолжээ. Оросын хэвлэлүүд тухайн үед Мишустиныг бизнест хэт хатуу хандаж байна хэмээн шүүмжилж байв. Түүний удирдлага дор ОХУ-д хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг бүртгэх туршилтын төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ төсөл нь өдгөө 19 мужид үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. 

Михайл Мишустин эхнэр, гурван хүүтэй. Хоккей, төгөлдөр хуур тоглох хообийтой гэнэ. Хоккейн ЦСКА клуб болон Оросын хоккейн холбооны хяналтын зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай бөгөөд түүний хөрөнгө орлого 2018 оны мэдүүлгээр 18 сая 993 мянган рубль гэнэ. Харин түүний эхнэрийнх нь орлого 47 сая 709 мянган рубль гэж бүртгэгдсэн байна. Мишустин ОХУ-ын хамгийн баян гурван албан тушаалтны нэг байсан бөгөөд 2017 онд түүний гэр бүлийн орлого бага зэрэг буурсан гэдэг. 

Огцорсон Ерөнхий сайд Дмитрий Медведев “Засаглалын хүчний харьцаанд томоохон өөрчлөлт орох нь тодорхой болсон тул гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг Ерөнхийлөгчид шилжүүлэх нь зүйтэй” гэж мэдэгдсэн. Хариуд нь В.Путин түүнд талархаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албан тушаалыг санал болгосон гэж “Yakutia-Daily.ru” сайтад бичжээ.