ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэг бог хулгайлахад тав хүртэлх жилийн ялаар шийтгэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-17

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Усны тухай хууль болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Усны тухай хуульд усны агентлаг байгуулах асуудлыг тусгасан бөгөөд гишүүдийн олонхи нь усны агентлагтай болохыг дуу нэгтэйгээр дэмжсэн юм. 

Уул уурхайн усны хэрэглээний 80 хувийг гүний ус бүрдүүлдэг

Энэ үеэр гишүүдийн хөндсөн гол асуудал нь уул уурхайн усны хэрэглээ бай­лаа. Тухайлбал, Оюутолгойн уурхай л гэхэд 200-300 метрийн гүнээс ус хэрэглэж байгаа нь байгаль орчныг сүйтгэх гол шалтгааны нэг болж байгааг гишүүд онцолсон юм. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд хэлэхдээ “Оюутолгой компаниас авч байгаа усны төлбөртэй холбоотой асуудал байгаа. Салбарын яам байгаль орчны төлөө ажиллаж байгаа бол 60 хувийн төлбөр авмаар байна. Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг гүний ус эзэлдэг. Гэтэл уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээний 80 хувийг газрын доорх уснаас бүрдүүлж байна. 10-15 хувийг цөөрөм үүсгэх замаар бүрдүүлэх боломжтой гэсэн. Хэрлэн гол төсөл, Орхон гол төслүүд хэзээ хэрэгжих вэ. Орхон, Онги төслийг яаравчилъя. Эдгээр төслийг эрчимжүүлэхгүй бол газрын гүний ус дуусах гээд байна” гэсэн юм. Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор ашиглалтын зориулалтаас хамааран усны төлбөрийг тогтоодог бөгөөд уул уурхайд ашиглаж байгаа усны үнийг хамгийн багаар тогтоосон гэдгийг ажлын хэсэг тодотгов. Мөн уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг 35 хувиар тооцож хийсэн судалгааг удахгүй Засгийн газарт танилцуулж, усны төлбөрийн хувь хэмжээ нэмэгдүүлнэ гэдгийг ч онцолсон юм. Монгол оронд жилдээ 564.8 км/куб усны нөөц бүрэлдэн бий болдог аж. Үүний 1.9 хувь буюу 10.8 км/куб нь газрын доорх ус байдаг гэнэ. Манай орны эрс тэс уур амьсгалаас хамаарч газрын доорх усыг түлхүү ашиглаж байгаа ажээ. Үүгээр дээрх хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Х.Болор­чулуун нарын 25 гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хуулийн төсөлд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэлийг 3-8 жил болгон нэмэгдүүлж, таван бог нэг бодоос дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал гэж үзэхээр тусгажээ. Мөн энэ хуулиар Зөрчлийн хуульд байсан бусдыг гүтгэхтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуульд оруулсан нь маргаан дагуулаад буй. Өөрөөр хэлбэл, бусдыг баталгаагүй мэдээллээр гүтгэсэн бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн, ял ногдуулахаар хуульчилсан юм. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заалт гэж хэвлэл мэдээллийн байгууллагынхан эсэргүүцэж буй. Харин гишүүдийн зүгээс бусдыг гүтгэх, нэр хүндэд халдах үйлдлийг эрүүгийн хэрэг болгохыг дэмжиж байлаа. Тухайлбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Соёлжсон оронд гүтгэх нь хатуу ялтай байдаг. Эрүүгийн хуулиар шийтгэдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг шийтгэх нь гэж яриад байна. Бусдыг гүтгэхгүй байхад л болно шүү дээ. Гүтгэхгүй бол хэнийг ч  яллахгүй. Гүтгэх үйлдэлд ял яагаад тавьж чадахгүй байгаа юм бэ. Өмнө нь ч гэсэн би хэдэнтээ хэлээд Зөрчлийн хууль руу оруулчихсан. Хүнийг ноцтойгоор гүтгэх гэмт хэрэгт Монгол Улс ял оногдуулж чадахгүй байгаа нь хамгийн аймшигтай. Хүн гүтгэх үйлдэлд  УИХ-ын гишүүд эвлэрчихсэн юм уу” гэв. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг эцэслэн хэлэлцээд баталсан. Таны хэлж байгаа гүтгэх үйлдэлд торгуулийн шийтгэл оногдуулахаар баталсан. Мөн зорчих эрхийг нь хязгаарлах ялтай. Одоогоор  зорчих эрхийг нь хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд техник хэрэгсэл зэрэг нөхцөл нь бүрдээгүй байгаа” гэдгийг тодотгов. 

Эрүүгийн хуульд оруулж байгаа бас нэг чухал асуудал нь малын хулгай. Малын хулгайн ял хэт хөнгөн байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг ихсэх болсон гэдгийг гишүүд онцолж байв. Мөн малын хулгайг багадаа таван хүн бүлэглэн хийдэг мөртлөө шүүхээр шийдвэрлэхэд ганцхан хүн болдог. Бүлэглэн гэдэг нь байхгүй бол, ял шийтгүүлсэн нэг хүн нь сар орчим нийтэд тустай ажил хийгээд, эрх чөлөөтэй болж байгааг Б.Пүрэвдорж гишүүн шүүмжлэв. Тиймээс энэ өөрчлөлтөөр нийтэд тустай ажил гэдгийг авч хаяж байгаа нь сайшаалтай гэдгийг ч тэрбээр онцолсон юм. Ингээд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувийн саналаар дэмжин, батлав. 

Харин үдээс хойшхи хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүлэв.  Үүний дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.