ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гуядаж сонгогдсон Н.Амарзаяа гурав дахь номоо өлгийджээ

O.Admin
2020-01-15

“Би та нарыг гуйж сонгогдоогүй шүү” хэмээн сонгогчиддоо агсам тавьж байсан өмнөговьчуудын төлөөлөл Н.Амарзаяаг өдгөө танихгүй хүн байхгүй болж. Чуулганы танхимд бохь зажилж, сонгогчийнхоо өргөдлийг авахдаа нэг гараараа авч, нөгөө гараараа утсаар ярьж зогссон гээд түүний талаар сайнаас илүү саар мэдээ л өнгөрсөн дөрвөн жилд хөвөрлөө. Бас болоогүй төрсөн нутгаа ухуулах­ын тулд Б.Чойжилсүрэн гишүүнээс байр авсан гэх бараан мэдээлэл ч түүнтэй холбогдсон бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө рүү “гар дүржээ” гэх мэтээр олон ч асуудлаар шүүмжлүүлсэн дээ. Гэлээ гэхдээ ганц авууштай нь гүтгэлээ гэж гоншигонож, шүүх цагдаа болдоггүй нь сайхан. “Нүдэн балай, чихэн дүлий” гэдэг шиг л шүүмжлэл, магтаалын алийг нь ч тоохгүй “гөлийсөөр” дөрвөн жилийг барж байх юм.

Тойрогтоо ч хийж гавьсан ажил байсангүй. Гэхдээ энэ дөрвөн жилд зүгээр л суудлын бөглөөс хийх­ийг хүссэнгүй. Тойрогтоо ажил хийхгүй байлаа ч юм хийсэн бол харагдах ёстой учраас төр түшсэн дөрвөн жилд УИХ-ын чуулганд хэлсэн үгээ нийлүүлээд ном болгон гаргаж гэнэ, цаадах чинь. Эхний жилдээ “Сошиал орчинд амжилтыг бүтээнэ” гэсэн содон нэртэй ном гаргасан бол сүүлийн хоёр жилдээ “Миний үзэл баримтлал-I, II” гэх ном гаргажээ. Гэвч нээгээд үзвэл нөгөөх нь УИХ-ын проткол байсан талаарх яриа ч дуулдаж байх юм. Гэхдээ ямар ч байсан Монголын төрд тийм нэг эмэгтэй төрийн түшээ байсан гэдгийг хийсэн ажлаараа биш юм гэхэд гаргасан гурван номоороо таниулж орхиод явахыг хүсчээ бололтой. Ирэх сонгуульд дахин хүч үзнэ хэмээж байгаа ч төрсөн нутгийнхан нь гуйгаад ч сонгохгүй бол яана аа. 

Б.Эрхэс