ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвөл бид хоёрт өчнөөн дурсамж бий...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-10

Ихэнх хүмүүс өвөлд дурладаг. Бусдын адил би ч бас заримдаа дурладаг. Ягаарсан хацар чимчигнэж байдаг ч яагаад ч юм дулаахан байдагт нь дурладаг байх. Эсвэл хар, улаан, ногоон аль нь ч биш зөвхөн цав цагаан ноёлдог болохоор дурладаг байх. Эргэн тойрон цасанд хучигдан хаврыг надтай хамт хүлээн анир чимээгүй амсхийж байгаа гэж төсөөлдөг болохоор тэр байх. Дурладаг ч гэлээ яагаад ч юм өвөл болохоор сэтгэлд гуниг сэрвэгнээд гачлантай.

Цасанд даруулж бөхийсөн модод, бүүдийсэн гудамж, царайгаа харуулалгүй зөрж өнгөрөх ууртай хүмүүс гунигтай санагддаг. Бүүдгэр гудмаар алхах миний хөлд цас хүртэл гунигтай чихрах мэт чихэнд чийртэй. Нүцгэрсэн модод нь хүмүүсээс ичээд буруу харчихсан ч юм шиг. Зузаан алчуур дор царайгаа нуусан хүмүүст хүйтнээс нуугдсан дулаахан үг олж хэлмээр ч юм шиг. Өвлийн өнгө, өвлийн дүр төрх, өөдөөс ширтэж байгаа цав цагаан өвөл яагаад ч юм гунигтай.

Гэхдээ өвөл бид хоёрт өвөртөлж, нандигнамаар өчнөөн дурсамж бий. Өглөөхөн орсон шинэхэн цасан дээр нь өдөржин тоглож, бээлий бойтог хоёроо норгосон цэцэгхэн нас минь бий. Түлээний хайрцгаар чарга хийж дүүгээ суулгаад дааж ядан чирч явсан хайр дүүрэн өдрүүд ч бий. Их хотын гудамжинд өнгийн гэрэлтэй сүлэлдэн цас бударч, тэр цаснаар сэм ширтдэг хэнээр гэртээ хүргүүлсэн гэгээн дурсамж ч бий.

Өвөл бид хоёрт өчнөөн дурсамж бий. Өөрөөр минь дүүрэн гуниг байхад өвөл яагаад ч юм дулаахан л байдаг. Тийм сайхан бүхнээр чинь өөрийнхөө дурсамжийг чимэглэчихээд яагаад чамайг гунигтай гэж боддогоо бэдэрч хайгаад ч олохгүй нь. Мянга мянган жилийн өмнө чи ийм л байсан. Одоо ч ийм, цаашдаа ч ийм л байх болно. Харин би цасаар тоглох гэж догдолдог гэнэн сэтгэлээ цаг хугацааны хаа нэгтээ гээчихээд чимээгүйхэн дотроо хүмүүсийн тухай, амьдрахыг эргэцүүлж, хөмсөгөө зангиддаг болчихож. Яагаад ч юм намайг тэгтэл догдлуулдаг байсан цас өвлийн нулимс юм шиг санагддаг болчихож. Магадгүй одоо би чиний ямар ч өө сэвгүй цагаан цасыг хараад тэгж ихээр догдлон хөөрч, дээгүүр нь эрх дураараа гүйхийн жаргалыг амсах гэж яарахгүй байх. Намайг тоглуулж асан өвөл чи биш харин би л уулзах бүртээ өтөлж, өтлөхийн хэрээр зангаа хувиргасан болохоор гунигтай санагддаг болчихсон ч юм билүү. 

...Тэмцэл, ялалт хоёрын талбар болж царцсан чиний бие шиг цасан дээгүүр би алхана. Унах, тэнцэхийг чи дэнслэх шиг жавар хургуулж дэргэд алхана. Магадгүй өөрийг минь өөртэй минь хамгийн ойр байлгадаг болохоор өнгийн бодол хэлхсэн  ийм л өвлийг хүлээсээр бас хайрласаар элээнэ ээ...