ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тосгоны захад 50 гаруй цагаан баавгай цугларчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-07

 

Оросын умард туйлын алслагдсан тосгоны орчим 50 гаруй цагаан баавгай цуглараад байгааг байгаль хамгаалагчид мэдээлжээ.

Умард туйлын мөс эрчимтэй хайлж, цагаан баавгайнууд идэш тэжээлээ хайхад хүндрэлтэй болсноос ингэж олноороо суурин газрын ойролцоо цугларсан гэж WorldWide Fund (WWF) байгууллагын Орос дахь салбараас дүгнэсэн байна.

Оросын зүүн хойд Чукотка мужийн Рыркайпий тосгоны ойролцоо 1 км.кв талбайтай газарт нийтдээ 56 цагаан баавгай бөөгнөрөөд байгаа гэнэ.

Нэг мянга хүрэхгүй оршин суугчтай Рыркайпий тосгон руу баавгайнууд халдахаас болгоомжилж, харуул гаргасан байна. “Умард туйлын нутагт хүн ба араатны тулгаралт улам бүр нэмэгдэж байна. Үүний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран далайн мөс хайлж байгаа явдал юм. Мөсөн хучлагагүй болсноор амьтад эрэгт гарч, хоол тэжээл хайх болсон” гэж WWF байгууллага мэдэгджээ.

Одоо иргэд баавгайнуудыг тосгондоо ирүүлэхгүйн тулд байгаа газарт нь далайн хавны сэг зэм хаяж өгөх зэрэг арга хэмжээ авч байгаа гэнэ.

Удахгүй далай мөстөж эхэлбэл баавгайнуудыг явна гэж найдаж байна. Оросын цаг уурын албаны мэдээлснээр Бямба гарагаас эхлэн энэ бүс нутагт хүйтний эрч чангарч, арванхоёрдугаар сарын 11 гэхэд далайн эрэг хавийн ус мөстөх гэнэ.

Цагаан баавгайнууд хоол хүнс хайж суурин газруудад ганц нэгээрээ ирэх явдал түгээмэл байдаг. Гэхдээ сүүлийн үед тэдний зочлох давтамж ойртож, тоо нь нэмэгдэх болжээ.

Эх сурвалж: AFP