ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Мэргэжлийн зээлдэгч”

O.Admin
2019-12-06

Генерал Жадамбаагийн хүү Энхбаяр Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байгаад 2008 оноос хойш УИХ-д гурвантаа сонгогдсон хүн. Генерал аавын хүү Монголын батлан хамгаалах салбарыг ч бас тэргүүлж үзэв. Анх удаа ч биш гурвын гурван удаа парламентад сонгогдсон болохоороо ийм их эрх дархтай, хэгжүүн хөгжүүн байж чаддаг юм болов уу гэмээр аяглах болжээ. Бага, дунд орлоготой иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн боломжоос хулгайлж, өөрийн бизнестээ ашиглачихаад “Би ЖДҮХС-гаас л зээл авсан болохоос авилга авч, хулгай хийж, улсын мөнгө завшсан биш” гэж басамжлав. Цайчихсан, дүүрчихсэн, шийдчих­сэн хүн л ингэж ярих байх. Намын даргад нэрээ дэвшүүлж байсныг нь бодохоор шийртэй улстөрч ч юм шиг, иргэдийн боломжоос “хулгайлсныг” нь бодохоор луйварчин ч юм шиг ийм нэг улстөрч МАН-ын ирээдүйтэй залуу улстөрчдийн тоонд нэрлэгддэг.

“ЖДҮ-чин” гэгдэж байхдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэж мэдэгдэж байсан ч тэгж чадаагүй. Түүний хэргийг юутай ч хаасан. Эрдсэн үү, бардсан уу. “Би яасан юм. Яагаа ч үгүй” гэж том дуугарлаа. Уучлалт гуйж, өрөө дарснаар “хэрэг хаагдсан” гэж бодож байгаа бололтой. Ирэх онд сонгууль болно. Тэр нэр дэвшинэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагалцсаныхаа шагналд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан ч юм бил үү, хэн мэдлээ. Говь-Алтайд нутгийн анчдаар 270 чоно агнуулснаас хойш “чоно” хочтой болсон ангийн хорхойтон Хан Хэнтийн тусгай хамгаалалттай нутгийн хөвчид яамны нисдэг тэрэг ашиглан хулгайн ан хийсэн талаар нь хэвлэлүүд тухайн үедээ бичиж байлаа.

Боловсролын зээлийн сангаас 6000 ам.долларын зээл авч Нидерландад сургуульд сурсан энэ залуу Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл, Мал хамгаалах сангаас тэрбум төгрөгийн зээл авч өөртөө боловсрол нэмж, бизнестээ хөрөнгө оруулсан жинхэнэ “мэргэжлийн зээлдэгч”. “Сүүлийн 30 жил зээл авсан, зээлээ ч төлдөг. Зээлийн түүх бол миний үнэт зүйл. Энэ муу зүйл биш” гэж тэр ярьжээ. Тийм ээ, Монголд өргүй, зээлгүй хүн байхгүй. Харин түүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсаас авсан зээлүүд жирийн иргэн, жижиг бизнесмэнд очсон бол... Тэр үхэр үржүүлж болно, тариа тарьж болно. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувьд төрийн дэмжлэгээр бизнесээ хийдэг нь л буруу байсан. Өнөөдөр ингэж тавлах биш уучлал гуйсан шигээ байсан бол...