ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тэд баярлах эрхтэй, бид баяр хүргэх үүрэгтэй

А.ОДСҮРЭН
2019-12-06

1989 оны арванхоёр­дугаар сарын 06. Эрдэнэт хотод цуглаан болж Эрдэнэтээс Орос цэргийн ангийг гаргах, Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх, “Эрдэнэт” үйлдвэрийг үндэсний үйлд­вэр болгох, баригдаж бай­гаа Эсгий, эсгий гутлын үйлдвэрийг барихгүй байх, Мод дамжуулах үйлд­вэрийг нэн даруй хаах гэсэн шаардлагыг Намын төв хорооны V бүгд хуралд МАХН-ын хорооны дарга н.Мянганбаяр, Эрдэнэт хотын дарга Д.Тогооч нараар явуулсан бөгөөд Намын төв хорооны V бүгд хурал дээр “Сэтгэлийн хөөрөлтөй, сэгсгэр үстэй хэдэн залуус давраад байна, дараад өг” гэж хэлж байжээ...

1989 оны арванхоёр­дугаар сарын 07. Ховдын Багшийн дээд сургуулийн хэсэг багш оюутан Ард Аюушийн талбайд анхны улс төрийн жагсаал цуглаан хийж МАХН-ын Төв хорооны Улс төрийн тов­чоо, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огц­ро­хыг шаардсан Өргөх бич­гийг аймгийн Намын хороо­ны Бүгд хурлын үеэр Улаан­баатарт хүргүүлэхээр гардуулж байжээ...

1989 оны арванхоёр­дугаар сарын 10. Санжаа­сүрэнгийн Зоригоор удир­­дуул­сан Монголын Ард­чил­сан Холбоо анхны цуг­лаанаа 1989 оны арван­хоёр­дугаар сарын 10-нд Хүүхэд залуу­чуудын соёлын төв /одоо­гийн Залуучуудын Төв/ -ийн га­даа хийж олон намын сис­тем тогтоох, хүний эр­хийг дээдлэх, бүх нийтийн сон­гуу­лийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхаглалаа. Анх удаа зөвшөөрөлгүй хийсэн энэ цуглаанд 300 шахам хүн сайн дураараа ирж оролцсон.  Цуглааны үеэр “Хонх” хамтлагийн дуучин уран бүтээлч С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр алдарт “Хонхны дуу”-гаа дуулсан нь ардчилсан хувьсгалын сүлд дуу болсон юм. 

1990 оны нэгдүгээр сарын 21. МоАХ-ны улс төрийн шаардлагуудыг нам, төрийн удирдлагууд хүлээж авахгүй байсан тул МоАХ дөрөв дэх цуглаанаа 1990 оны нэгдүгээр сарын 21-нд нийслэлийнхээ төв талбайд зохион байгуулав. Цуглаан дээр МоАХ-ны Ерөнхий зохицуулагч С.Зориг “МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч мөн” гэсэн томъёоллыг Үндсэн хуулиас хасахыг дахин шаардав. 

Үйл явдал ийнхүү үргэлжилсээр Ардчилсан нам байгуулагдав. Төрийн хяналтаас хараат бус анхны хэвлэл гарав. 100  мянган иргэний жагсаал болов. Сүх­баатарын талбайд өлс­­гөлөн зарлав. Радио телевизээр шууд болсон хэлэл­цээрт МоАХ-ыг тө­лөөлж Санжаасүрэнгийн Зориг, нөгөө талаас Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном нар оролцон зөв­шил­цөлд хүрч нам төрийн тэргүүн Ж.Батмөнх МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа мэдэгдлээ. МАХН, Ардчилсан нам зөвшилцөлд хүрлээ. Улс төрийн товчоо огцров. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж нэг намын 70 жилийн ноёрхол зогссон. Чөлөөт хэвлэлүүд төрөн гарав. Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан намын шаардлагуудыг амьд­ралд хэрэгжүүлэх явц удаан байгааг эсэргүүцэж 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын ордныг бүсэлж, “пикет” гэж алдаршсан цуглаанаа хийв. Жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарах аюул үүссэн тул С.Зориг “Биднийг дэмжиж байгаа нь суугаарай” хэмээн олон түмнийг тайвшруулж бай­лаа. Улс төрийн намууд зөв­­шил­цөлд хүрснээр анх­ны ардчилсан сонгууль болж, шинэ Үндсэн хууль батлагдлаа. 

...Энэ бол монголчуудын мэдэх ардчиллын түүх. Яг энэ үеийн түүх бол Монголын ардчилсан холбооны түүх, ард­чилагч­дынх. Д.Сүх­баатарын талбайд “Хонхны дуу” цуу­рай­таж, цагаан хоо­лой­­гоор “Улс төрийн тов­чоог огц­рохыг шаардаж байна”, “Монголчууд аа, морин­доо” гэх үгс цуурайтаж, тэрүү­хэндээ жийрхэж, тэр хавиар эргэлдэхээс ч айдаг байлаа. Үеэл ах маань цуглаанд хамт очъё, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүстэй хамт сууя гэж өдөр бүр гуйна. Дөнгөж оюутан болоод байсныг ч хэлэх үү, Улс төрийн товчоо гэдэг бол хэзээ ч хүрэхгүй оргил, хэн ч муулж зүрхлэхгүй асар том хүч гэж ойлгодог мань мэтэд учрыг нь олох бүү хэл, олъё гэж оролдохыг ч хүсэхгүй тийм л үйл явдал өрнөж байсан үе. Энэ бол ардчилалтай танилцсан миний түүх. Хүнсний дэлгүүрээс картаар талх давс авахын хажууд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь юу юм, юу ч биш санагдаж байлаа. Харин өнөөдөр бид ардчиллын буяныг буруугаар хэрэглэж, буруу эдэлж байгаад харамсахаас өөр яах билээ. “Аливаа ардчиллын лугших судас нь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх”  гэдэг үг бий. Үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж байгаа нэрээр хэн, юу дуртайгаа хэлж ярьж, бичиж, шүүмжилж, доромжилж, гүт­гэдэг болсон. Худлаа биш. Ардчиллаар олдсон боломжоо бид ашиглаж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. “Монголын ардчилал бол Монгол Улстай өөртэй нь эн тэнцүү үнэ цэнтэй” гэж нэгэн нийтлэлч бичсэн байдаг. Товчхондоо онож хэлсэн үг. Залуус ардчилал ямар үнэ цэнээр олдсоныг, 70 жил ноёрхсон нэг намын дарангуйллыг хэрхэн буулгасныг мэдэж байх ёстой. Ардчиллыг Монголд авчирсан Монголын ард­чилсан холбооны анх­дагч­дыг үнэлдэг байх хэрэгтэй. Миний мэдэх ардчилал өнөөдөр хэрхэн яаж хөгжсөнийг, миний таних ардчилагчид өнөөдөр хэдэн нүүртэй болж, хэрхэн хөлжсөнийг хэн хүнгүй мэдэж байгаа. Ардчилагчид, Ардчилсан холбооныхон энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж байна. Цагаан морин жилийн хувьсгал эхэлсэн 1989 оноос хойш 30 он улирч, жагсаал цуглааныг толгойлсон, уриал­сан жинхэнэ ард­чилаг­чид цөөрсөөр байна. Жагсаал цуглаан зохион байгуулж, төр засгийн бодлого шийдвэр, тогтолцоог шүүмжилж, өлс­гөлөн зарлаж байсан мянга мянган ардчилагчид баярлах эрхтэй. Харин бид тэдэнд баяр хүргэх үүрэгтэй юм.