ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Байгальмаа: Тал нутгийн жаахан охин өвгөдийнхөө жимийг туулж явна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-06

2017 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр асар их хүсэл тэмүүлэл, зорилгодоо хөтлөгдөн тэмээн жингийн цувааг хөтөлж эх орноосоо гарсан Н.Байгальмаа бүсгүйтэй онлайнаар ярилцлаа. Тэрбээр өдгөө алс холын  Иран улсад хүрчээ.  Тэмээгээр хэдэн мянган километр замыг туулах нь  бүтэшгүй мэт боловч биелэлээ олж нийт замынхаа 70 хувийг туулжээ.  Тал нутгийн бүсгүй түүхийн жимээр тэмээ хөллөн яваа нь энэ билээ.

-Яагаад тэмээтэй аялах болсон бэ. Хэр их хугацаанд бодож байж ийм зоригтой алхам хийхэд хүрэв?

-Энэ асуултыг надаас хүн бүр асуудаг. Угаас малчны гэрт төрж өссөн болохоор монгол ахуй, мал маллах арга ухаан надад маш ойрхон санагддаг юм. 17 наснаасаа хойш  аялал жуулчлалын салбарт ажиллаж, суралцаж эхэлсэн. Ингээд 2008 оноос хойш энэ салбарт ажиллаж, суралцаж, аялж, өөрөө ч маш дур­тай болсон. Монголчууд нүү­дэлч­дийн түүхэнд бүтээсэн гавьяа их, Өрнө, Дорныг холбосон энэ их урт жим бидний өвгөдийн бүтээлцсэн түүхийн нэгээхэн хэсэг гэж ойлгодог юм. Бид өөрсдийгөө морин дэл дээр төрдөг үндэстэн гэж ярьдаг ч Монголоос морьдыг нь аваад аян хийсэн хэд хэдэн хүнийг мэднэ. Хэн нэгэн гадны хүн ирээд, Чингис хааны зам мөрөөр гэж нэрийдэж  аялал хийсэн нь надад тэмээтэй аялах маш том шалтгаан болсон.   Дэлхийн олон улс орныг тойрсон морин аялал байдаг учраас миний хувьд тэмээтэй аялалыг  сонгосон юм. Гэхдээ гайхалтай сонголт хийсэн гэж боддог. Өнөө цагт кино, ном, зохиолоор түүхийг гуйвуулж байгаад их харамсдаг. Тиймээс эртний торгоны замаар монгол хүн тэр  дундаа бүсгүй хүн яваа нь түүхийг  гажуудуулж байгаа хүмүүстэй хийж буй миний өчүүхэн тэмцэл. Дотоод ертөнцөд минь асар их хүсэл тэмүүлэл нуугддаг. Түүнийгээ  аялалаараа дамжуулан гаргаж, холыг зорьж байна. Энэ бол асар их боломж, маш их үнэ цэнэ гэж харж байгаа. Өөрийнхөө зам мөрийг олох, ямар нэгэн онцгой зүйл хийж, бүтээх, хойч  үедээ, эх орондоо, салбартаа, дэмтэй байх иргэн хүний үүргийнхээ дагуу маш их хөдөлмөрлөж, зүтгэж явна.

-Говь нутгийн тэмээ  өөр өөр цаг агаартай, уур амьсгалтай улс орнуудад хэр идээшиж байлаа вэ?

-Монголын говиос, Тэмээн хол­боогоор дамжуулан дөрвөн настай 10 тэмээг 10 сая төгрөгөөр худалдан авч байлаа. Тэмээнүүдээ хоёр сар гаруй хугацаанд сургаж, өвс тэжээл идүүлж, ачаа, уналгад гаршуулж байж аянаа эхлүүлсэн. Улсын төв талбайгаас Ховд аймгийн Булган сум, Ярант боомт хүртэл 1880 км-ыг дүн өвлийн хүйтэнд гурван сарын хугацаанд туулж байлаа.  Анх гарахдаа тэмээгээ эрүүл мэндийн үзлэгт ч хамруулсан.  Тэгээд монгол нутгаас авсан тэмээнүүдээ  Хилийн цэргийн 0130 дугаар ангид 2018 оны арваннэгдүгээр сард хандив болгон бэлэглэсэн. Одоо тэд маань баруун хязгаарт  хилийн манаанд зүтгэж байна даа.

-Тэгэхээр тэмээгээ сэлгэж байгаа гэсэн үг үү?

-Торгоны замын жишгийн да­гуу улс бүрээс тэмээгээ сэл­гэж байгаа. Дэлхийн 56 оронд хоёр бөхтэй тэмээ бий. Бас тэмээ­ний таван төрөл одоогоор дэл­хийн өнцөг буланд байдаг юм билээ. Тэмээ ер нь тэсвэр хатуу­жил­тай­гаас гадна, эзэндээ маш хурдан дасдаг, эзнийхээ үйлэнд хурдан гаршдаг онцлогтой амьтан болохоор амар байдаг.

-Нийтдээ хэчнээн улсаар дамжин аялав,  яг өнөөдрийн байдлаар улсад явж байна?

-Монгол, Хятад, Казакстан, Узбекстан, Туркмен, Иран улсад аялж нийт замынхаа 70 хувийг тууллаа. Мөн Европын холбооны улсуудад  хоёр удаа олон улсын тэмээн фестивальд оролцсон. Тэмээн фестивальд оролцсоноор олон орны тэмээтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг компани, хувь хүмүүс гээд маш өргөн харилцаа тогтоож чадлаа. 

-Замын туршид ямар зовлон бэрхшээл тулгарч байна. Хил гарч чадахгүй нэг хэсэг удааширсан талаар таны цахим хуудаснаас уншиж байсан юм? 

-Асуудал мундах биш дээ.  Хувийн багахан өстэй хүмүүс  аяныг минь зогсоох гэж маш их үзсэн. Хил дээр удаан тэмээтэйгээ хүлээсэн шалтгаанаа саяхан олж мэдлээ.  Тэр нь юу гэхээр, намайг  Далай ламын шавь, Төвдийн тусгаарлалыг дэмжигч хэмээн хуурамч албан бичиг Хятад руу илгээсэн байсан. Мэдээж цаг агаар, өдөр  тутмын бэрхшээлүүд их. Өөрөөсөө гадна тэмээгээ асарч, хамгаалах, гадны орнуудад явахдаа маш олон зүйлд  хянамгай хандаж, гүйцэтгэл сайн хийж явах хэрэгтэй болно. Ажил тасралтгүй ундарна,  даарч  хөрнө, өвдөнө. Заримдаа бүр айх, эмээх зүйл  тохиолддог ч тэсээд гарахаас өөр арга байхгүй шүү дээ. Хамгийн хэцүү зүйл бол ар гэрт хэн нэгэн өвдөх, таагүй мэдээ сонсох. Би бол яаж ийгээд даваад гарчихна. Харин холоос хоосон санаа зовох их хэцүү. Ээж маань хүнд хагалгаанд орж байхад тухайн үед санааг минь зовоохгүй гэж, нуусан байсан.

-Монголын аялал жуулч­лалын асуудал эр­хэл­сэн төрийн бай­гуул­лага болон холбоо, хувь хүмүүсээс тусламж дэмж­лэг хэр үзүүлэв?

-Дэмжиж буйгаа илэрхийл­дэг хүмүүс олон ч, ямар нэг зүйлээр тусалсан хүмүүс нь гарын 10 хуруунд багтахаар байгаа. Харин БОАЖЯ-аас аянаа эхлүүлэх гээд төв талбайн нээлтэд зориулж дэмжлэг хүсч байсан. Гэхдээ тухайн үед нь шийдэж өгөөгүй ч бидний аяныг Шинжаан уйгурын нутагт явж байхад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Манай аян Монголын нүүдэлчин ахуй, өв соёл, тэмээн  соёлыг дэлхий дахинаа хангалттай сайн сурталчлан таниулж байгаа бөгөөд бидэнтэй холбогдож аймгуудад болдог тэмээний баярт ирсэн маш олон  групп жуулчид байдаг.  Мөн тэмээтэй аяны сургаар АНУ, Лас-Вегас хотоос том амралтын бааз холбогдож тэнд монгол гэр бааз босгосон. Монгол гэр, тэмээ хоёр төгс зохицож чадсан. Лас- Вегас хот бол дэлхийн хөл хөдөлгөөн, аялал жуулчлалын том бүс учраас сардаа 40 гаруй сая жуулчин ирдэг гэсэн судалгаа бий. Энэ бол манай орны хувь гайхалтай сурталчилгаа юм шүү дээ. Нэмж хэлэхэд манай аяныг “BBC” болон дэлхийн 20 гаруй орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирж сурвалжиллаа. 

-Хэдүүлээ аялж байгаа вэ. Ээжтэйгээ аялах болсон талаар цахим хуудастаа бичсэн байсан?

-Тийм ээ. Ээж маань хамгийн хэцүү нутагт заавал  хамт явна гэсээр байгаад хамт аялах болсон. Одоогоор Иран улсад 10 хүний бүрэлдэхүүнтэй явж байна. Манай багт Иран улсын аялал  жуулчлалын томоохон компани Чиякогоос хоёр хүн, зураглаач, сэтгүүлч, нутгийн аялагчид хамт явж байна. Үндсэн гишүүний хувьд ганцаараа  байгаа. Улс бүрт телевиз, сонин, сэтгүүл болон ту­хайн орны аялал жуулч­лалын яамаар дам­жуу­лан, ком­паниудын тус­ламж­­тай­гаар аянаа үр­гэлж­лүүлсээр бай­на. Хүссэн хүн бүхэн над­тай урт, богино хуга­цаанд нэгдэж бол­но. Гэхдээ хэн ч тийм удаан, хүнд аяныг  үргэлж­лүүлж  чаддаггүй юм билээ. 

-Эмэгтэй хүн ган­цаараа ша­хуу, тэмээ унаад, улс ор­нуу­даар аялаад явахад хэцүү байх. Шантарч байв уу?

-Хэцүү үе олон байсан ч  ярьвал их урт түүх. Маш олон удаа хүнд нөх­цөлд орж бай­сан. Сайн, муугаа ярихад  нэг хэсэг нь өрөвд­дөг, нөгөө  хэсэг нь тав­ла­даг. Ер нь зарим нэг зов­лон­гоо маш сайн нууж чад­­даг байх. Хүн нэг үхэхээс хоёр үхдэггүй гэ­­дэг шиг өөрий­гөө үхээд бос­сон  галт шувуу гэж бо­дож явдаг /кккк/. Айдас­тай­гаа нүүр ту­лаад үзчихсэн хойно юу ч аймаар санагдахаа больсон гэх үү дээ. Тэгэхээр өөрөө өөрийгөө зориг­жуулж, өөртөө най­дах­гүй бол болохгүй   гэж боддог.

-Бүх орноор аялах уу?

-Ираныг дуусгаад Турк, тэгээд Европын холбооны улсуудаар аялах төлөвлөгөөтэй байна. Нохойн дуу ч ойртож байна.  Энэ хүртэлх зам амаргүй ч гайхамшигтай байсан.

-Улсын хил нэвтрэхэд ямар нэгэн саад бэрхшээл тулгардаг л байх?

-Нэг улсаас дараарийн улс руу нэвтрэхээс өмнө мэдэгдэл, албан  бичгээ бүрдүүлж илгээх, тэмээтэй онцгой төрлийн аялал хийх, бүс  нутгаар нь дайрч өнгөрөх зөвшөөрөл авдаг. Мөн тухайн орноос тэмээний эрүүл мэндийн бичиг бэлтгэх,  үзлэгт хамруулах, заавал ямар нэг аялал жуулчлалын  компаниар дамжуулан аянаа хийх шаардлага тавьдаг. Шаардлагатай үед тусламж авах, улс улсын тэмээгээ бэлтгэн нутгийн нэг хүнтэй явах, тэдгээрийн үнэ хөлс гэх мэт олон асуудал бий. Ямар нэгэн байгууллагаар дамжуулан албан бичгээ илгээгээд,  хариу  нь хэзээ ирэхийг таашгүй, хэдэн ч сар болж мэднэ. Үүнээс гадна бие сэтгэлзүйн асар өндөр бэлтгэлтэй байх шаардлагатай. Өөрийн биеэр визээ мэдүүлж, тэр бүрт нь олон бичиг баримт бүрдүүлэх тийм ч амар ажил биш.  

-Энэ хугацаанд Монголдоо ирсэн үү?

-Дээрх дурдсан шалтгааны улмаас ирж байсан.  

-Хоол хүнснээс эхлээд зар­дал мөнгө их гарч байгаа байх. Та тийм баян хүн үү?

-Бүх зардлаа өөрийнхөө, гэр бүлийнхээ чадлаар бүтээж, босгож явдаг тул санхүү маш хүнд л дээ. Нэг улсын газар нутгийг туулж дуусгаад дараагийн улсыг туулах зардал, бүх бичиг баримт,  виз, аюулгүй байдал гэх мэтчилэн бүрэн бэлтгэх амаргүй. Ийм л учраас ирж буцах үе гарна.  Баян ч юу байх вэ.  Ээж, нагац хоёр маань  надад тэтгэврийн зээл авч өгсөн. Түүнээс гадна өөрт байсан машин гэх мэт олон зүйлээ зарлаа. Мөн аав, ээж маань Увсад байдаг дэлгүүр, хашаа байшингаа ч зарчихсан.  Нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгах гээд  гэр бүлээрээ чадлаараа зүтгэж явна. Надад сайхан гэр бүл заяасанд  маш их талархаж явдаг. 

-Тэмээнийхээ идэш хоолыг яаж тааруулж байгаа аж. Арай замд таарсан газар, хөдөө хээр гэлтгүй хоноод явдаг юм биш биз дээ. Буудалд, эсвэл байр байшинд хоноглохоор бол тэмээгээ яах вэ? 

-Мэдээж төв суурин газар  нэг хоног ч  гэсэн дулаахан хонохоо бодно шүү дээ. Гэхдээ эхний ээлжинд  тэмээнийхээ хоол, ус, байрлах газрыг  зохицуулж байж өөрийнхөө асуудлыг шийддэг. Энэ  миний хувьд наад захын л асуудал. Цаг агаар шинжих , Мал маллах ахуй соёл мэдлэг монгол хүнд  угаасаа л байдаг. Хүн ер нь өөрийнхөө чадал, сэтгэлийн болоод оюуны бяддаа тааруулж амьдардаг байх.  Өөрийгөө олон талаараа маш чадамгай нэгэн  гэж боддог. Тийм байхын төлөө  ч хичээдэг. Өөрөөр хэлбэл,  байгаль цаг уур, хөдөө хээр, хүнд нөхцөлд амьдраад сурсан гэж болно. Мөн асар тэвчээртэй, маш их шартай даа. Тэвчээр, дайчин чанар, шараа зөв залвал хүнээс их юм гарна.  Туулж өнгөрүүлсэн амьдрал, надад тохиолдож байсан бүх хэцүү цаг үеүүд өнөөдрийн намайг бүтээж, хоёр охиндоо өөрийн амссан зовлон, алхсан  замаа туулуулахгүйн тулд эх хүн хичээх ёстой юм. Тэд минь хорвоогийн  сайн сайхан бүхнийг хүртэх ёстой. Би тэднийхээ замд дэнлүү барьж өгч байна.