ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уурга барьсан уяачдын удмаас удам дамнасан эмч төрсөн түүх

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-29

Эх орныхоо алс баруун хязгаарт эгэлээс эгэл амьдрахдаа эгэл бусыг бүтээж буй нэгэн эрхмийг энэ удаагийн “Эгэл амьдрал” буландаа онцоллоо. Түүнийг Д.Доржготов гэдэг. Ерийн малчны гэрээс хүний их эмч болж, эрүүлийн манаанд 30 шахам жил зүтгэхдээ мянга мянган нялхсыг өлгийдөн авч, түүнээс ч олон хүнд амьдрал бэлэглэж яваа жирийн л нэг эмч. Инженер болох мөрөөдөлтэй жаахан хүү их эмч болсон түүх сонин. Эмч болоход нь хамгийн их нөлөөлсөн хүн бол түүний  аав гэнэ. Д.Доржготов эмч 12 хүүхэдтэй айлын дунд хүү юм. Доороо зургаан эмэгтэй дүүтэй, айлын отгон хүү аж. Ард олны амьдрал хүнд 1960-аад онд хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөхийг чухалчлахаас бус дээд боловсрол, мэргэжлийн тухай боддог хүн цөөхөн байсан цаг. Тэр үед дэрсхэн 12 хүүхдээ өсгөж буй нэгдлийн жолооч н.Дамдинсүрэн хүүхдүүд дундаасаа эмч болох ёстой хэмээн Д.Доржготовыг онцолж, “Энэ олон хүн дундаас заавал нэг эмч байх ёстой. Чи бол эмч болох хүн мөн. Миний хүү чадна” хэмээн  урамшуулж, өнөөгийн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Доржготов болох эхлэлийг тавьсан гэдэг. Аавын үг хууль байдаг гэр бүлийн хүмүүжлийнхээ дагуу Д.Доржготов хүү эмчийн мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгожээ. 1976 онд 10 жилийн сургуулиа төгсөж аавын захиас, өөрийн зорилгыг биелүүлэхээр Улаанбаатарыг зорьж, Анагаахын сургуульд орсон байна. Түүний эмч болох гараа их л хүнд даваагаар эхэлж байсан гэдэг. Тухайн үед Анагаахын оюутнуудыг эхний жилд эмнэлгүүдэд хуваарилан дадлагажигчаар ажиллуулдаг байжээ. Гэтэл Д.Доржготовыг хүмүүсийн хэлж заншсанаар “Шар хад”-ны эмнэлэг буюу СЭМҮТ-ийн “хурц”-ын тасагт хуваарилж орхисон аж. Эмч болох гараа амаргүй байсан хэдий ч аавын захиасыг санаж сэтгэцийн хурц эмгэгтэй өвчтөнүүдийг асарсаар эхний даваагаа амжилттай давжээ. Мэдээж хүнд даваа ч эндээс тэр их зүйлийг сурсан хэмээн ярина.

Д.Доржготов Анагаахын сургуулийн урдаа барьдаг цөөхөн хэдэн оюутны нэг байжээ. Анагаахын дээд сургууль, их сургууль болох үедээ судалгааны гүнзгийрүүлсэн анги нээсэн байна. Гүнзгий ангид сонгогдсон 10 орчим оюутны нэг нь Д.Доржготов байв. Сурлагаараа тэргүүлдэг шигшмэл 10 оюутан эрдэм шинжилгээ­ний ажил хийж, улмаар тус сургуульд багш­аар үлдэх үүрэг хүлээжээ. Д.Доржготов хүү ч судалгааны ажилдаа хэдийнэ орсон бөгөөд цөсний чулууны талаар судалж байжээ. Харин сургуулиа төгсөх болж, Анагаахын их сургуулийн шилж бэлтгэсэн судалгааны боловсон хүчин бэлэн болох үед түүний аав дахиад л шийдвэр гаргаж хүүгээ нутагтаа ир хэмээн дуудсан аж. Гал голомтоо сахих айлын отгон хүү учраас аавын үгийг дагаж, төрсөн нутаг Увс аймагтаа хуваарилагдах хүсэлт гаргажээ. Ингээд Анагаахын их сургуулийн шигшмэл “бүтээгдэхүүн”,  шинэ залуу боловсон хүчин эх орны баруун хязгаарын эрүүлийн манаанд гарахаар үүрэг авч,  нутаг буцсан аж.  “Будаг нь ханхалсан” цэл залуухан эмч Увс аймгийн Зүүнговь сумын эмчээр томилогдон очиж байсан үе бол тэртээх 1993 он. Тэрбээр Зүүнговь сумын эмчээр 1993-2002 он хүртэл ажиллах хугацаандаа алслагдсан суманд эх барих, эмэгтэйчүүдийн эмч дутмаг байхын зовлонг мэдэрсэн учраас 1996 онд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох курст суралцсан аж. Малчны хотноос аврал эрээд ирж буй тулгар эхийг эсэн мэнд төрүүлнэ гэдэг сумын эмнэлгийн хувьд амаргүй даваа гэдгийг залуу эмч Д.Доржготов сумын эмчээр ажиллах хугацаандаа ойлгож, мэдэрсэн хэрэг.

Тэрбээр эх барих, эмэгтэйчүүдийн их эмч болсноос хойш нийт 400 гаруй хүүхдийг эх барьж, энэ орчлонд угтаж авсан буянтай нэгэн юм. Түүний мэргэжлийн ур чадварыг сумын хэмжээнд ашиглах чамлалттай байсан болоод ч тэр үү түүнийг 2002 онд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч даргаар томилж, зургаан жилийн дараа буюу 2008 онд тус газрын даргаар томилжээ. Харин 2013 онд аймгийн ЗДТГ-ын Нийгэм, бодлогын хэлтэст ажиллах болж,  аврал эрж очсон өвчтөн бүрийн итгэл найдвар болдог сайн эмч, сайн эх баригч тэдэнтэй тулж ажиллах боломжгүй болсонд нутгийн түмэн гонсгор байсан нь нууц байсангүй. Тиймээс 2016 онд түүнийг  Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилж, өнөөдрийг хүртэл удирдаж байгаа юм. Саяхан Төрийн ордонд болсон Эмч нарын их хурлын үеэр “Эмч хүн жаргалын ээж” хэмээн дуулж, олныг шагшуулж байсан аав, хүү хоёр эмчийг уншигч та санаж байгаа биз ээ. Тэр бол их эмч хүүтэйгээ дуулж буй Д.Доржготов эмч байсан юм. Д.Доржготов эмч хоёр хүү, хоёр охинтой. Том хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн бөгөөд өдгөө “Амгалан” амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж буй юм. Харин удаах охин нь эмзүйч мэргэжилтэй бөгөөд нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Харин хоёр бага нь Санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцдаг гэнэ. Эмч болох даалгавар авч, СЭМҮТ-ийн “Хурц”-ын тасагт сандран зогссон залуу хүү эдүгээ гурван ач, нэг зээгийн өвөө, хийсэн ажил, бүтээсэн гавьяатай их эмч болжээ. Түүнийг энэ замд хөтөлсөн аав н.Дамдинсүрэн нь Увс аймгийн Зүүнговь сумын уугуул бөгөөд насаараа сум нэгдлийн жолоочоор ажилласан, хөдөлмөрч нэгэн ажээ. Түүнийг нутгийнхан нь сайн жолоочоос гадна удам дамжсан сайн уяач гэдгээр нь андахгүй. Тэрбээр Улсын алдарт уяач бөгөөд, мянгат малчин буурай юм. Харин ээж нь ажилсаг, чамбайгаараа нутагтаа алдаршсан жирийн л нэг монгол ээж. Тэд дарга сэхээтэн байсангүй. Залуу халуун насаа улс эх орныхоо хөгжилд зориулж, цаг наргүй хөдөлмөрлөж ирсэн бусдын л адил ажилчин ангийн төлөөлөл юм. Гэхдээ энэ гэр бүлийг хөдөлмөрч, нямбай гэдгээр нь нутгийнхан андахгүй. Төрүүлж өсгөсөн 12 хүүхдээ бүгдийг нь их дээд сургуульд сургаж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргээд, тэд нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж салбар салбарт манлайлан явааг харж, жарган суугаа буянтай хоёр буурал юм. 

Уяач хүний хүү учраас Д.Доржготов эмчийн бага нас морины нуруунд өнгөрсөн аж. Тэрбээр аавтайгаа нэгдлийн наадамд явж, авч очсон таван морьдоо бүгдийг нь айрагдуулж байсан үеэ дурсах дуртай аж. “Малчин нэгдлийн ойд морьдоо сойн аавыгаа дагаж очсон тэр наадам санаанаас гардаггүй” хэмээн хуучилна. Тэгэхэд Д.Доржготов аавтайгаа таван морь сойж очсон бөгөөд хоёр нь түрүүлж, нэг нь аман хүзүүнд давхиж, хоёр нь айрагдсан нь түүний насан туршийн гэрэлт дурсамж болон үлджээ. н.Дамдинсүрэн гуайнхыг нутгийнхан хурдан удмын адуутайгаар нь андахгүй аж. Д.Доржготов эмчийн нэг ах нь аймгийн алдарт уяач бол, ач дүү нь мөн аймгийн алдарт уяач гэнэ. Уурга хуйв барьсан удам дамжсан уяачдаас, удам дамжсан эмч нар төрөн гарч буй нь Д.Доржготов эмчийн гэр бүл юм. Түүний том хүүгийн эхнэр мөн эмч мэргэжилтэй бөгөөд хүүгийнх нь оюутан ангийн охин аж. Харин эрхэм эмчийн гэргий нь ч сувилагч, нягтлан бодогч хэмээх хос мэргэжилтэй бүсгүй гэнэ. Д.Доржготов эмчийн гэргийтэйгээ ханилсан дурсамж санаанд оромгүй сонин. Үнэхээр учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг хоосон үг биш гэдгийг тэдний учрал харуулах мэт. Д.Доржготов 1977 онд нэгдүгээр ангид орох үед түүний гэргий хоёрдугаар ангид сурдаг байжээ. Д.Доржготов сургуульд орохдоо 1000 дотор чөлөөтэй боддог, минутад 100 гаргаж уншдаг байсан учраас нэгдүгээр ангид суух шаардлагагүй гэж үзээд шууд хоёрдугаар ангид дэвшүүлэн сургасан аж. Энэ үед өөр ангид орохгүй хэмээн эсэргүүцсэн тэрбээр уйлж дуулан дээд ангидаа орж суухдаа ирээдүйн гэргийтэйгээ нэг ширээнд сууж таарсан гэдэг. Сурагч болсон анхны урлагийн үзлэгээр тэрбээр ширээний найз, ирээдүйн эхнэртэйгээ “Аавын ч хүү, ээжийн ч хүү мөндөө би” хэмээн гар гараасаа хөтлөлцөн дуулж байсан тухайгаа уяран дурсаж сууна. Нэг ширээнд найман жил тохой нийлүүлэн сууж, ижил дасал болсон тэднийг хувь тавилан салгасангүй. Найман жилийн сургуулиа дүүргэж, аймгийн төвд суралцахаар очиход, дахиад л нэг ангид хуваарилагдсан гэдэг.

“Учрах л гэж учирсан хоёр доо бид” хэмээн сайхан хайраа тэр одоо бахдан сууна. 10 жил нэг ангид суралцсан тэдний хоромхон зуур холдсон нь оюутан үе. Д.Доржготов Улаанбаатар хот руу эмчийн сургуульд явж,  найз охин нь Говь-Алтай аймгийн Анагаахын коллежид суралцахаар болжээ. Биесээ бэтгэртлээ санаж, хайрын “зовлон”-гоор “зовж” явсан үе тэдэнд бий. Гэсэн ч зорилго мөрөөдөл өвөрлөн хоёр тийш явсан тэд зорьсноо биелүүлж, мөрөөдөлдөө хүрээд хөтлөлцөн гүйж асан Зүүнговьдоо буцаж, тоонот гэрт толгой холбон өдгөө дөрвөн хүүхдийн эцэг, эх, дөрвөн хүүхдийн өвөө эмээ болоод буй. Сайхан түүх биш гэж үү. Бурхан өгье гэвэл харамгүй өгдөг ажээ гэх бодол түүнтэй ярилцах үед төрж байв. Учир нь Д.Доржготов сайн эмч, удам дамжсан уяачаас гадна удам дамжсан дуучид. Түүний аав 80 гарсан буурай одоо ч найр наадмын хойморт урилга заллагатай ая дуу өргөдөг бөгөөд түүний том хүү ч мөн дуучин. Д.Доржготов эмч 2006 онд зохион байгуулсан “Дуучин эмч” уралдааны тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол түүний хүү “Эмч дуулж байна” уралдааны дэд байрт шалгарч байжээ. Тэгвэл бага охин нь ээжийнхээ хөгжмийн авьяасыг өвлөсөн бөгөөд тоглож чадахгүй хөгжмийн зэмсэг цөөн гэнэ. Гайхмаар нь тэднийхнээс урлагийн хүн төрсөн нь үгүй. Энэ талаар асуухад “Авьяас бол байгалиас заяасан, хэзээ ч үгүй болохгүй өгөгдөл. Тиймээс насан туршийн боловсрол, мэргэжилтэй болно гэдэг чухал. Тийм учраасл би хүүхдүүдээ урлагийн хүн болгох гэж чухалчлаагүй. Ядаж нэгийг нь ч болов урлагийн хүн болгохгүй гэж зэмлэх хүн олон” хэмээн ярьж байлаа. Түүний энэ шийдвэр аавынх нь холч ухаан, алсын хараа түүнд өвлөгдсөний илрэл болов уу. 

Зөв явж, зөв харж чадвал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг юутай үнэн. Удам дамжсан уяачдын түүх, удам дамнасан эмч нарын замнал, цаашид ч өнө удаан жил үргэлжилж, үржин дэлгэрсээр байх нь дамжиггүй.