ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Уламбаяр: Зөвхөн бөө нар төдийгүй, уул овоон дээрээ гардаг хүн бүр тэнгэр үзэлтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-25

 

Монгол бахархалын өдөр буюу арванэгдүгээр сарын 27-нд Тэнгэр үзэлтний анхдугаар чуулганыг Бөхийн өргөөнд зохион байгуулах аж. Энэ талаар  Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбооны тэргүүн Д.Уламбаяртай ярилцлаа.

-Яагаад  тэнгэр үзэлтэй хүмүүсийг нэгтгэх болов. Аливаа зүйлд учир,  шалтгаан гэж байдаг шүү дээ ?

-Миний хувьд  улс төр,  барууны, зүүний улстөрийн үзэл баримтлалыг судалдаг хүн л дээ. Тэгэж байгаад улс орны өнөөгийн байдлаас гаргалгаа юу байна гэж хайсан юм. Яагаад  бүх юм мухардалд орж, улс орны хөгжил дэвшил, хүн амын ёсзүй,  төлөвшил гэх  мэт бүх зүйл энэ нийгэмд асуудалтай байгаа харагдсан. Үүнээс гаргалгаа нь юу байна гэдгийг  хайж үзээд тэнгэр үзэл гэдэг зүйл дээр тогтоод, түүнийгээ гүнзгийрүүлж сонирхсон юм. Улмаар тэнгэр үзэлтэй хүмүүстэй уулзаж, ярьсаар   2019 оны зургадугаар сард  “Монголын Тэнгэр үзэлтний нэгдсэн холбоо” ТББ байгууллаа. Холбооны гол зорилго нь соён гэгээрлийн  ажил хийх зорилготой. Одоогоор эрдэм шинжилгээний ажил хийж байгаа бөгөөд  энэ чиглэлээр  ажилладаг, судалгаа хийсэн,  ахмадууд,  эрдэмтэдтэй уулзаж,  ярилцлага хийлээ. Цахим давалгааг ашиглан иргэд олон нийтэд таниулах ажлыг хүчтэй хийх зорилготой байгаа.  Монгол хүн бүхэн цаашид  яаж хөгжих ёстой юм,  яах ёстой вэ гэдэг бүх  асуултыг  өөрөөсөө болон  бусдаас асуусан  хэрнээ хариулт олж  чадахгүй байна шүү дээ. Хүмүүс гадагшаа урсгалыг их ярьж сонгож байгаа нь шийдэл биш. Бидний өвөг  дээдэс тэнгэр үзлийн дор Солонгосын хойгоос Каспийн тэнгис хүртэл 33 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагт 300 гаруй жил монголын  амар амгалан  нийгмийг тогтоож байсан. Энэ үзэл санааны  гүн ухааныг дахин гаргаж сэргээе гэсэн санаатай ажиллаж байна.

-Тэнгэр үзлийг бий болгох, олон нийтэд ойлгуулахын тулд судлаачид,  эрдэмтдийг  хамруулах ёстой байх.Таны хувьд юуг үндэслэж энэ үзлийг  бий болгох ёстой гэж харж байгаа вэ?

-Хүмүүс улс төрийн ашиг сонирхлоор нам болж байна,  ТББ-ууд өөр өөрийн  сонирхлоор нэг нэг асуудлыг  авч үзэж байна. Хэрвээ тэнгэр үзлийг  түгээн дэлгэрүүлэх  хэрэгтэй гэж үзвэл,  тэдгээр хүмүүс хүчээ нэгтгэх хэрэгтэй болж байгаа юм. Хамгийн түрүүнд тэнгэр үзлийн  тухай ойлголттой хүмүүс бол  удган,  зайран,  бөө нар шүү дээ. Мөн энэ чиглэлээр  судалгаа хийдэг ахмад эрдэмтэд бий. Энэ хоёрын  хооронд асар том зааг бий. Тухайлбал, бөө нар  бодит амьдралаасаа бий болж, ургаж гарч буй тэнгэр үзэл, нөгөө нь шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад үзчихсэн хүмүүсийн хоорондох зайг ойртуулаад,  тэдний мэдлэг, мэдээллийг  хооронд  нь сүлжиж чадвал оюун санааны том давалгааг өрнүүлэх боломжтой гэж ойлгож байгаа. Тиймээс тэнгэр үзэлтнүүд эхлээд ойлголцож, нэгдэж чадвал  цаашид  улс орны хэмжээнд өөрчлөлт хийх,  хүмүүсийн үзэл санааг өөрчлөхөд  том хүч болж чадна гэж үзэж байгаа.

-Таны хэлдэгээр тэнгэр үзэл гэхээр мэдээж бөө нар л санаанд  орж байна л даа. Гэхдээ нөгөө талаас  шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл ярьж байгаа хүмүүс өөрсдөө хэр ач холбогдол өгч байгаа вэ?

-Манай арга хэмжээний үндсэн илтгэгчид нь эрдэмтэн, судлаачид байгаа. Тэд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлана. Физикч нь физикээрээ,  оюун санаа судлаачид нь тархи судлаачынхаа өнцгөөс гэх мэтчилэн өнөөгийн хүмүүст  тэнгэр үзлийг  хэрхэн зөв ойлгуулах талаар  гарц гаргалгаа хайж илтгэл тавина. Нөгөө талаас бөө нараар илтгэл тавиулж байгаа. Энэ илтгэлүүд бөө нарын ёсзүй төлөвшил,  цаашдын ирээдүйн  хандлагын талаарх өөр өөрсдийн  гаргалгаа,  санааг  хэлж,  бид нар өөрсдөө үлгэрлэх, манлайлах шаардлагатай гэдэг талаар ярих юм. Тиймээс өөрсдөө илүү ихээр ёсзүй, хүмүүжил,  төлөвшлийг илүү  анхаарах уриалгыг нийгэмд өгөх юмсан гэдэг бодолтой байгаа. Тиймээс эрдэмтэд болон бөө нар, сонирхогчид уулзах цэг арваннэгдүгээр сарын 27-нд байх нь.

- ОХУ-ын Буриад улсаас ирсэн удган эмэгтэй та бүхэнтэй уулзаж байна. Тэгэхээр энэ удаагийн чуулган Монгол туургатныг хамарч байна гэж ойлгож болох уу?

-Тэнгэр үзлийн тухай ярьж эхлэхэд,  дэлхий даяар оршин сууж байгаа  монгол туургатанууд  маш  их сонирхож хандаж эхэлсэн. Гадагшаа явсан  олон хүн тухайн улс орон өөрийн гэсэн үндэсний үзэл баримтлал,  итгэл үнэмшлийн тогтолцоотой байдаг тухай ярьсан юм. Магадгүй ихэнхи  улс орон үзэл баримтлалаа өөрсдийн  шүтдэг шашнаасаа гаргаж авсан байгаа. Гэтэл манай улсад тийм зүйл байдаггүй юм байна. Хаа байсан баруун европоос гарсан лебралист үзэл  санаа, Кунз, Буддын  үзэл санаа манай үндэстний өөрийнх нь зан харилцааг  илэрхийлж чадахгүй байгаа юм байна. Магадгүй илэрхийлэх  боломж нь  тэнгэр үзэл гэдэг зүйлээр харагдах байх,  үүний талаар маш их судалгаа,  соён гэгээрлийн  ажил хийх ёстой гэдэгт гадаадад байгаа монголчууд санаа тавьж байгаад  бид баярлаж байгаа.  Магадгүй хөрш улс орнуудад байгаа бидний мах цусны тасархайнууд бас маш их талархалтай,  өөр өөрсдийнхөө санаа, итгэл үнэмшилтэй хандаж байгаа нь харагдсан. Үүнийг  сайн  анзаарч харах юм бол монгол үндэстний оюун  санааны том эвлэрэл үүсч бий болох боломжтой байгаа юм байна гэдэг нь ажиглагдсан.

-Магадгүй таны хувьд  тэнгэр үзлийг судалдаг бөө,  эрдэмтэн  судлаачидтай ажиллаж байгаа учир  тэнгэр үзэл  гээч зүйлийг ойлгож байгаа байх. Нөгөө талаас ойлгодоггүй,  мэддэггүй жирийн хүмүүст  тэнгэр үзэл гэдгийг  энгийнээр тайлбарлаж өгөөч. Ийм төрлийн ойлголтыг нийгэм төдийлөн  хүлээж авах нь  бага гэж боддог?

-Энэ хамгийн хэцүү асуудал.  Тэнгэр үзэл  гэж юу юм гэдгийг тайлбарласан хэдэн зуун тайлбар бий. Математикийн томъёо шиг нэг тодорхойлолтод нэгдэх боломжгүй. Байсан ч асар бага. Хүн бүрт  байж болох дундаж хувилбарыг гаргаж ирэх нь зүйтэй байх шиг. Миний хувьд  ойлгосноор, хамгийн  эхэнд байгаль дэлхий,  орчлон ертөнцийн  ерөнхий зүй тогтлыг таньж мэдээд,  түүнтэйгээ дасан зохицож амьдрал ахуйгаа  зохион байгуулах үзэл, онол  юм гэж бодсон. Үүнийг  хэн нэгэн хүн тархиараа бодоод гаргачихсан үзэл санаа биш. Энэ бол ердөө л ертөнцийн зүй тогтол, хорвоо дэлхийг бүрдүүлэгч бүх элементүүдийн  нэгж болгоны харилцан уялдаа шүтэлцээн дээр болж буй  ухаан гэж бодсон. Шинжлэх ухаан ч нээж амжаагүй, нээхийн төлөө тэмүүлж байгаа учир,  асар гүн гүнзгий танин мэдэхүй, эрдэм мэдлэг үүний цаана байгаа. Ийм цаг ч аль хэдийнэ иржээ.

-Монгол хүн  байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй гэж ярьдаг. Байгальд очихоор сэтгэл сэргэдэг,  өргөлөө өргөж явдаг нь тэнгэр үзэлтэй,  тэнгэрлэг  ард  түмэн гэдгийг  харуулдаг. Уул ус, байгаль дэлхийтэй холбоотой дуу дуулахад огшиж, омогшиж явдаг хүмүүс шүү дээ?

-Үл ойлгогдох сэжим бас байх шиг байна. Ардын жүжигчин А.Долгор гуай нэг удаа ярьж байсан юм. “Монгол эр хүн” гэдэг дуугаа дуулахад зритэлд байгаа бүх  эрчүүд суудлаа засаад, цээж нь дөвхийгөөд  суудаг тухай ярьж байсан. Энэ л  үл ойлгох, ямар нэгэн байдлаар хүний дотоод  сэтгэлд байгаа оч,  галыг нь өргөж байгаа үзэл санаа  байж таарах нь. Тэгэхээр тэнгэр үзэл нь хувь хүнийг хөгжүүлэх, өөрчлөх,  хүчирхэгжүүлэх үзэл санаа болж хувирч байна. Тэнгэр үзэл гэхээр байгаль дэлхийгээ хайрлан  хамгаалах, төр улсаа засан төвхнүүлэх, дэлхийн  энхтайван,  амар амгалан байдлыг бий болгох  гэх мэтчилэн маш  олон  санаа урган  гарч байгаа юм.  Маш өргөн,  гүнзгий ойлголт л доо.

-Тэнгэр үзэлтний анхдугаар их чуулганд хүн бүр оролцох боломтой юу?

- Уул овоон дээр гардаг  хүн ч тэнгэр үзэлтэй болж таарна. Бөө нарын ч юм уу,  судлаачдын  хэдхэн хүний чуулган биш шүү дээ. Магадгүй өглөө босоод  цай сүүнийхээ дээжийг нарандаа өргөчихдөг  эмээ нар  ямар учраас өргөдөг,  энэ цай сүүгээ өргөснөөр  надад  хэрхэн нөлөөлдөг  вэ гэдэг талаар ч  мэдэж авч болно. Тэгэхээр хэн ч ирж болно.  Ямар ч шашин шүтлэгтэй байж болно. Арваннэгдүгээр сарын 27-ны Монгол бахархалынхаа өдрөөр сонгосонд их учир байгаа юм. Ирэх хүмүүс монгол дээлээрээ гоёод Бөхийн өргөөнд ирээрэй гэж уриалмаар байна.