ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тамирын голын хүү түүх бичсээр явна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-22

Хүчит комбайн, трактор нүргэлсэн хөдөлмөрийн ам­тыг мэдэрсэн тэртээх жаран оны өмнө газар тариа­лан­гийн салбарт залуу халуун насаа зориулсан олон, олон анхдагчдын түүхэн гавьяаг өнөө цагийн залууст таниулах нь сэтгүүлч бидний үүрэг билээ. Тэдний намтар түүх он цагийн хуудаснаа бүдгэрч арилаагүй байх үед нь түүх болгон бичиж үлдээх нь бахархалт үйл хэрэг байхаас өөр яалтай. 

Тиймдээ ч улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүний нутгийг зорьж, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, бүр цэл залуухан 28 насандаа “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цол хүртсэн хөдөлмөрч нэгэн эрхмийг “Эгэл амьдрал”-ын хоймортоо урилаа. Тэр хүн бол Сэлэнгэ аймгийн Түшиг суманд үйл ажиллагаа явуулж буй “Анх тамир” компанийн захирал Ш.Норовсамбуу гуай юм. Энэ нэрийг сэлэнгэчүүд андахгүй мэддэг.

Атар газар эзэмшсэн 60 жилийн хугацааны 40 жилийнх нь түүхийг бичилцэж, өдгөө ч энэ салбартаа хувийн бизнесээ амжилттай эрхэлж яваа Ш.Норовсамбуу гавьяат сэлэнгэчүүдийн бахархал гэдгийг нутгийн ахан дүүс нь дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх ажээ. Хөрөг нийтлэл бичихээр хэдэн хүнтэй уулзах зорилгоо хэлэхэд хамгийн түрүүнд “гавьяатыг ав, гавьяаттай уулз” хэмээн чиглүүлж өгсөн нь нутаг усандаа ямархуу нэр хүндтэй нэгэн болохыг илтгэх биз ээ. Ш.Норовсамбуу гуай 1958 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт эхээс мэндэлжээ.

Дүн өвлийн хүйтэн, ес эхэлчихсэн үед буюу арванхоёрдугаар сарын 25-нд Ул тамирын голд Шаравын тав дахь хүү болон мэндэлсэн гэдэг. Тамирын голын хөвөөнд бага насаа өнгөрүүлсэн бөгөөд эхээс 15-уулаа. Эхнийх нь долуулаа хүү байжээ. Нэг айлд долоон дэрсхэн хөвгүүд зэрэгцэж өснө гэдэг мэдээж чанга асуудал. Охид бол аав, ээжийнхээ үгэнд орно, үйл хийнэ, үнээ мал саахаас эхлүүлээд ээж, аавдаа тус нэмэр болцгоож өсдөг.

Гэсэн ч социализмын үед эдгээр хөвгүүд ахынхаа хувцсыг дүү нь өмсөх зарчмаар л “борогхон” атлаа, ажил хийвэл дуустал нь хий гэсэн эцэг, эхийн хатуу зарчмын дор өсч өндийцгөөжээ. Тиймдээ ч өдгөө бүгд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, тус бүртээ ажил хөдөлмөр эрхлэн амьдарч яваа гэв. Тэрбээр, Батцэнгэл суманд бага сургуулиа төгсчихөөд хоёр жил адуу маллаж, малчин болохоор шийдчихээд байжээ.

Харин эр цэргийн зарлан дуудах хуудас ирсэн нь 1976 оны үйл явдал. Ингээд л гурван жилийн эр цэргийн албаны дараа буюу 1979 онд ажил амьдралын гараагаа Автотээврийн 22 дугаар баазад жолоочоор ажиллаж, эхлүүлсэн түүхтэй. Сэлэнгэ аймгийн хойд талын зургаан суманд тээвэр хийдэг байсан гэв. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Алтанбулаг, Ерөө, Жавхлант зэрэг сумдын улаанбуудайг тус баазын жолооч нар татдаг байжээ.

Алтан шар замд тасралтгүй 20 жил жолоо мушгиж, улаан буудайг саадгүй тээвэрлэн хүргэж, байсан залуу насныхаа талаар дурсан ярихдаа “Би газар тариалангийн салбартай 40 жилийн амьдралаа холбосон хүн. Эхний 20 жилд нь Сэлэнгэ аймгийн улаан буудайг тээвэрлэсэн. Сүүлийн 20 жилд нь өөрөө компани байгуулж, тасралтгүй ажиллаж явна даа. Таванхан уултай хүйн холбоотой гэж хэлж болно. Бурхан гэж байдаг бол ийм сайхан нутаг, устай намайг холбож өгсөнд нь талархаж суудаг даа, ах нь.

Энэ нутаг ус бол дан ганц уугуул, суугуул иргэддээ ч бус Монгол Улсын ард түмэнд ээл, ивээлээ өгсөн өлзийтэй сайхан нутаг. Монгол Улсад мөн Сэлэнгэ аймагтаа ч атрын ууган сангийн аж ахуй бол Зэлтэрийн сангийн аж ахуй юм шүү дээ. Тиймдээ ч төрийн хүндтэй шагнал авсанд нь өөрөө авчихсан юм шиг баярлаж суулаа. Аливаа нэг шагнал өөрийн үнэ цэн, цаг хугацаатай ирдэг юм. Тэр цаг хугацаа нь иржээ.

Хөдөлмөрийг маань үнэлсэнд нь бид бүгд омогшиж, бас уул ус минь баярлаж байгаа” хэмээн ярив. Тэрбээр, 1979 оноос хойш 11 жил автобаазад жолоо мушгихдаа “Монгол Улсын аварга” цолыг долоон удаа авчээ. 10 жилийн хугацаанд 43 жилтэй тэнцэх хэмжээний ажил хийж, бас амжилт гаргасан хүн бол Ш.Норовсамбуу гавьяат. Энэ нь түүнийг ямархуу хөдөлмөрч, эрхэлсэн ажилдаа шаргуу, дайчин ажиллаж явсныг харуулах түүхэн амжилт гэдэгт хэн ч маргахгүй. Өдгөө ч яг л энэ зангаараа ажилласаар, бас амжилт бүтээсээр.

Түүний удирддаг “Анх тамир” компани гэхэд л Монгол Улсын хэмжээнд нэг “га”-гаас авах ургацын хэмжээгээрээ есөн удаа дээд рекорд тогтоожээ. Улсдаа тогтоосон энэ рекордыг нь өнөө хэр хэн ч эвдэж чадаагүй бөгөөд Монгол Улсын аварга тариаланч хамт олноор гурван удаа тодорч байснаа бахархан, ярьж хамт олныхоо амжилтаар ямагт омогшиж явдгаа бидэнд хуучлав. Мөн тус хамт олноос “Монгол Улсын Гавьяат механикжуулагч” хоёр ч төрөн гарчээ.

“Энэ бол миний амжилт гэхээс илүү хамт олны минь амжилт. Бас энэ нутгийн уул усны буян хэмээн үргэлж талархаж явдаг юм. Омогшихгүй байхын аргагүй амжилт шүү. Тиймдээ ч нутгийн зон олныхоо төлөө юу хийж бүтээх вэ, ард түмний амьдралд миний оруулах хувь нэмэр юу байх бол гэж үргэлж сэтгэлээ чилээдэг” хэмээн ярилаа. Түүний удирдаж буй компанийн хамт олон жил бүхэн орон нутагтаа бүтээн байгуулалт хийдэг гэнэ лээ.

Сургууль, цэцэрлэг, соёлын төвийн засвар гэх мэтээр хандив тусламжийг харамгүй өгдөг гэдгийг нутгийн удирдлагууд нь онцлов. Өнөө жил ч Атрын 60 жилийн ойг тохиолдуулж, Түшиг сумандаа 20 сая төгрөгийн хандив өргөсөн бөгөөд уул усны буян хишгийг зөв эдэлж, ард түмний хүлээлгэсэн хайр, итгэлийн хариуг заавал барих ёстой гэсэн зарчим баримталж явдгаа хэлж байлаа. Компаниа хэрхэн байгуулсан, яаж амжилтад хүрсэн талаар нь тодруулахад “Зах зээл эхэлж бүх л зүйл хувьчлагдаж эхэлсэн. Ямар ажилгүй суугаад байлтай биш.

Эхнэр, үр хүүхдээ тэжээхийн тулд ажил хийх шаардлагатай болно оо доо. Тэгээд л хувиараа зүтгээд үзье гэж шийдсэн нь буруудаагүй байх аа. Би их залуухандаа буюу 1991 онд 28-хан насандаа “Монгол Улсын гавьяат тээвэрчин” болж байлаа. Уг нь гаргасан амжилт маань “Хөдөлмөрийн баатар” цол авах хэмжээнд байсан ч нас залуу гэдэг шалтгаанаар хасагдсан юм гэсэн. Гэхдээ ах нь чамладаггүй. Энэ шагналтай хамт надад асар их үүрэг, хариуцлага ирсэн. Би ч чадахынхаа хэрээр зүтгэж, энэ хэмжээнд амжилттай ажиллаж явна.

Хүн юу хийж чадаж байна түүгээрээ л амжилт гаргах ёстой. Сэлэнгэд олон жил буудайн тээвэрт явж байсан учраас Сэлэнгэ аймгийн Түшиг сумын хоёрдугаар багийн нутагт компани худалдаж авсан нь буруудаагүй. Уул усны ивээлд сайн, сайхан амьдарч явна даа. Социализмын хамгийн гайхамшигтай зүйл нь хүний хийсэн хөдөлмөрийг үнэ цэнтэй үнэлж чаддаг байсан юм. Тийм учраас би гавьяагаа үнэлүүлж чадсан гэж боддог.

Тэр их амжилт минь Автотээврийн 22 дугаар баазын хамт олон Сэлэнгэ аймгийн ард түмэн, Таванхан уултай салшгүй холбоотой. Надад энэ нутагт талархах шалтгаан дэндүү олон доо. Манай Түшигт чинь хамгийн түрүүнд хавар ирдэг. Улаанбаатар хотод өвлөөрөө байхад миний нутагт хавар ирчихнэ.

Тариаланч хүн гэдэг чинь хавар цагт л сэтгэл нь их хөөрнө. Мөн намартаа ургацаа арвин авна гэдэг чинь мөн ч сайхан жаргал даа. Тариан түрүү салхины аясаар намилзтал найгаж буйг харахаар л хөдөлмөрийн үнэ цэнийг, ажлынхаа амтыг дэндүү их мэдэрдэг юм. Сүүлийн 20 жилд манай компани хамгийн багадаа л 15 центнер ургац авч байгаа. Ийм өндөр амжилт гаргана гэдэг яах аргагүй л нутгийн минь буян. Миний хамт олны нөр их хөдөлмөр зүтгэл. Өнөөдрийн энэ түвшинд хүргэхэд нүдийг минь нээж өгсөн “Гацуурт” компанийн захирал, Хөдөлмөрийн баатар 
 

Л.Чинбатад энэ дашрамд талархлаа илэрхийлье. Техник технологийн дэвшлийг газар тариалангийн салбарт оруулж ирсэн хүн учраас талархах ёстой. Үүний хүчинд социализмын үед 30 хүний хийж байсан ажлыг өнөөдөр гурван хүн л хийж байна шүү дээ” гэлээ. Ш.Норовсамбуу гуайтай хуучилж суухад яриа бүхэндээ нутаг, усаа магтаж, уул усны буян хишгийг зөвөөр хүртэж яваа гэдгээ цаг ямагт онцлон ярьж байсан юм.

Тэр үед “Нутаг, усандаа ойрхон яв. Өглөө бүхэн уул, усандаа залбирч явбал амжилт чамайг үргэлж дагана” гэсэн ээжийн минь үг эрхгүй санаанд минь тодхон бууж байв. Гайхалтай хөдөлмөрч буурал өдийгөөс төдийг хүртэл уул, усны буян хишгийг зөв хүртэж яваа учраас өнөөдөр ч үр хүүхэд нь сайн,сайхан амьдарч яваа биз хэмээн билэгшээн бодсон юм. Гавьяатын гэргийг Н.Амгаланжаргал гэдэг. Мөн л Тамирын голд төрж өссөн бөгөөд эмч, эдийн засагч гэсэн хос мэргэжилтэй хөдөлмөрч бүсгүй байдаг аж. Тэд гурван хүүхэдтэй. Гэргий нь Улаанбаатар хотод “Номин тамир” компанийн захирлаар ажилладаг гэлээ.

Гавьяатын удирдаж буй “Анх тамир” компани өдгөө 28 хүнийг ажлын байраар хангаж байна. Эндээс 20 нь жолооч нар бөгөөд газар тариалангийн чиглэлээр найман хүн ажилладаг хэмээлээ. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулдаг “Суварган тамир” компанийг салбарлаж байгуулсан бөгөөд мөн л улсын аваргыг таван удаа авчээ. Эдгээр компани нэгдэж, нийлээд “Монгол Улсын аварга” гэсэн эрхэм хүндтэй цол шагналыг нийтдээ есөн удаа авсан байгаа юм. Монгол Улсын газар тариалангийн салбарын 60 жилийн түүхэнд гараагүй амжилт нь эгэл даруухан гавьяатын удирдаж буй хамт олонтой хамт түүхэнд бичигдэх нь дамжиггүй ажээ.

Ш.Норовсамбуу ах 1980 оноос эхлээд л төрд зүтгэлээ үнэлүүлсэн. Тодруулбал, Эвлэлийн төв хорооны ажилтан залуу “Алтан медаль” /1983/, Хөдөлмөрийн хүндэт медаль /1985/, Монгол Улсын гавьяат тээвэрчин цолыг /1991/ тус, тус хүртсэн бөгөөд “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г алгасаж, гавьяатын тэмдгийг энгэртээ зүүсэн гавьяатай нэгэн юм. Бидний ярилцах хугацаа давчуухан байсан ч тэр богинохон хугацаанд гавьяатын өмнөөс гаргасан амжилт нь ярьчихсан гэвэл магтсан болохгүй байх.

“Дуугүй атлаа чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан амжилт чинь чиний өмнөөс ярина” гэдэг үгний тодорхойлтод нийцэх нэгэн хөдөлмөрч эрхэм бидний дунд өнөөдөр ч чимээгүй хөдөлмөрлөсөөр явна. Гаргасан амжилт бүхэн нь түүний өмнөөс ярьсаар байх нь дамжиггүй биз ээ. Таванхан уулын энгэртээ өглөө бүхэн, өдөр болгон шинэ түүх бичиж, амжилт өөдөө тэмүүлж, ажлаараа үргэлж манлайлж яваарай, гавьяат аа.

Тамирын голын хүү газар тариалангийн салбарт түүх бичсээр байна. Уул усны тань буян хишиг үргэлж ивээлээ хайрлаж яваг. Дараа очиход дахиад нэг амжилт бүтээчихээд сууна гэдэгт эргэлзэхгүй байна. Сайн бүхэнтэй зэрэгцэн амьдарч буй энэ цаг хугацаандаа сайхан бүхний тухай үзэг цаас нийлүүлнэ гэдэг юутай их аз завшаан билээ. Яг л тэр гайхамшигтай мэдрэмжийг энэхүү хөрөг нийтлэлийг бичиж суухдаа авав, би. Бидний эргэн тойронд энэ мэт эгэл хүмүүс чимээгүй хөдөлмөрлөж, “чимээтэй” амжилтыг бүтээсээр байх ажээ. Амьдрал ийм байхдаа л амттай, бас гоёхон.