ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчдын автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-15

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар хэрэгжүүлж буй сурагчдын автобус өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ. Тус автобус Ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад үйлчилж байгаа юм. Үүнтэй холбогдуулан хүүхдээ хэдэн цагаас ямар буудлаас тосож авах талаар Нийслэлийн боловсролын газраар дамжуулан эцэг эхчүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Сурагчдыг тээвэрлэхээс гадна уг автобусанд ухаалаг системийг нэвтрүүлсэн учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана яваа, давтлага сургуулиасаа хоцорсон эсэх гэх мэт мэдээллийг хянах боломжтой аж. Энэ талаар Хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хамгийн түрүүнд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Нийт 33 чиглэлд 29 сургуулийн хүүхдийг тээвэрлэж байна. Энэ бол эхлэл нь. Цаашид тоог нь нэмэх талаар анхаарч ажиллана. Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөлнө. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Энэ мэт олон давуу талыг бий болгох юм. Автобусны зардлыг хотын захиргаанаас гаргаж байгаа. Автобус өглөө 7:00 цаг гэхэд зогсоолдоо очсон байна. Автобус дотор нийгмийн ажилтан явна. Гараас гарт гэдэг зарчмаар ажиллана. Хамгийн том дэвшил нь баар кодоо хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломжтой болж байгаа юм. Хүүхэд нь хаана буусан, хаанаас суусан, автобусанд байна уу үгүй юу гэх мэт бүх мэдээллийг хянах боломжтой. Ирэх оны эхэн үеэр нарийвчилсан төлөвлөгөөтэй ажиллана. Замын түгжрэл бөглөрлийн асуудлыг олон жил ярьж байна. Судалгаа тооцоогоо сайн хийж байж шийдвэр гаргах ёстой. Төрийн албаны 5000 орчим машин байна. Эдгээр машинуудыг дугаарын өнгийг өөрчилж, хяналтыг сайжруулна. Хэн ч харсан төрийн албаны машин байна гэдгийг таньдаг байхаар өөрчилнө. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм” хэмээн ярилаа.