ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Буутай цагдаа”

А.ОДСҮРЭН
2019-11-15

УИХ-ын дарга Г.Зандан­шатар өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаан удирдаж байхдаа гартаа барьсан цаасных нь ар талд буу зурсан байсныг мэдээгүй юу, эсвэл өөрөө зурсан уу, бүү мэд. Юутай ч “Уйддаг юм уу, яадаг юм...” гэж доог тохуу болов. Ангийн даргын хувиар үгэнд ордоггүй “хүүхдүүдээ” сүрдүүлэх гэж “зэвсэг үйлдвэрлэсэн” юм болов уу. Энэ бол хошигнол. 

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ нь түүнийг огцруулах үндэс болно гэж зарим эх сурвалж мэдээлэв. УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхээ 73 дугаар тогтоол гаргаж баталсан ч Ерөнхийлөгч эрх үүргийнхээ хүрээнд тогтоолд хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авахдаа хуулийн алдаа гаргаж дээрх тогтоолыг хүчингүй болгочихсон. Бүр тодруулбал, 85 дугаар тогтоолоор хүчингүй болгох шийдвэр гаргасан. Тиймээс УИХ-д хэлэлцэн батлах Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй, байх ёсгүй. Г.Занданшатарын ангийнхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хуулийн дагуу биш хулгайн замаар явуулж байгаа нь спикерийн алдаа гэх. 

Эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маш чухал, эгзэгтэй асуудалд процессын алдаа гаргасан. Түүнчлэн спикер саяхан БНСУ-д эвгүй асуудалд хутгалдсан Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өмгөөлж өмөөрсөн нь байж боломгүй үйлдэл. Өмөөрөх өмөөрөхдөө “тэр тийм зүйл хийгээгүй, арын суудалд сууж явсан хүн нь тийм ёсзүйгүй асуудал гаргасан” гэж худал ярьсан билээ. 

Төрийн тулгын гур­ван чулууны нэг Г.Занданшатарын хувьд Д.Одбаяртай ойр дотно найз нөхөд, хамаатан садан алин болох ч төрийн хүний ёсзүйгүй үйлдлийг хаацайлж болохгүй гэдгийг мэдэх л ёстой.  Энэ удаагийн парламентын гишүүдийн олонхи нь ёсзүйгүй үйлдлүүдэд нэр холбогдсоор байгаа. ЖДҮХС болон бусад сангуудын зээл, хүчингийн хэрэг, ах дүү, төрөл садан, найз нөхөд, гэр бүлийн хүмүүсээ төрийн албанд томоохон албан тушаалд томилуулсан, банк дампууруулсан гэхчлэн урьд өмнөх парламентын түүхэнд гарч байгаагүй “хэрэг”-үүд түүний ангийнхнаас гарсан. “Буутай” цаас барьсан спикер ангидаа “буутай цагдаа” болж тоглох гээгүй байлгүй дээ.