ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зүрх бүхэн чиний төлөө залбирч байна, дүүлэн нис

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-11

Түүнийг би анх олон нийтийн сүлжээнд дэх нэгэн видео бичлэгээс харж байсан юм. Нүдээ цавчиж, гараа хөдөлгөхөөс өөрөөр хөдөлж чаддаггүй хэвтрийн байдлаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн болтлоо өдрөөс өдөрт өөрийгөө ялж, амьдрал тэмтэрч, тэмцэж ирсэн Буянжаргалын Болороо гэх залуухан охиныг тэгэхэд л анх харсан юм. Тэрбээр “Биднийг хүний тоонд оруулж тоолдог мөртлөө хүн шиг амьдрах боломж олгооч.

Гудамжинд таарахдаа зорилгоо мартталаа битгий хачирхан гөлрөөч. Нэг удаа ч болов бидний оронд өөрсдийгөө тавьж үзээч” хэмээн уриалж видео хийн олон нийтийн сүлжээнд зориг гарган байршуулсан нь тэр байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй байх нь хүний тооноос хасагдах шалтгаан юм уу хэмээн цөхрөнгөө баран учирлан гуйж байсан түүний чичигнэсэн хоолойг одоо ч тод санадаг юм. Хэсэгтээ л Б.Болороогийн видео ярианы сэдэв болж, тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонорт хүртэл хүрч, одоо л сэтгэлгээний хана хэрэм нурах нь дээ гэсэн горьдлого төрүүлсэн ч өнөөдрийг хүртэл хүний нийгэмд амьдардаг хэрнээ хүн хүнээсээ айдаг, адладаг байдал байгаа нь бодит үнэн билээ. Түүний биеийн хөдөлгөөн одоо ч өөрт захирагддаггүй хэвээр.

Тэглээ гээд нэг олдох амьдралаа дөрвөн хананы дунд хэвтэж өнгөрүүлэхийг хүсээгүй юм. Түүний хувьд хорвоо ертөнц зөвхөн хэвтэж буй ороор, хүрээлэл нь ээжээс нь өөр хэн нэгнээр тэлэхгүй байх гунигт амьдралыг хүлээн зөвшөөрөхгүйн тулд бүсгүй биедээ баймгүй их тэвчээр, зориг, бие болон сэтгэлийн их өвдөлтийг дааж ирсэн, давж гарсан зоригт эмэгтэй. Бахархмаар биш гэж үү.

Нүдээ цавчихаас өөрөөр хөдөлж чаддаггүй хүн хөл дээрээ босоод зогсохгүй, өөр шигээ зовлон туулж яваа мянга мянган хүмүүсийн төлөө тэмцэж, нийгэмд нөлөөлж явна гээд бодохоор эрж сурвал харанхуйд ч гэсэн гэрэл байдаг гэдгийг харуулж чадсан юм. Магадгүй надаас өөр мянга мянган хүн ийн бахархаж, сэтгэлийн мухарт гал ноцоон суугаа болов уу. Хүн бүхний хүүхэд нас жаргалтай өнгөрдөг. Харин Б.Болороогийн бага нас бусдынх шиг жаргал дунд байсангүй. Амттан нэхэж, эрхлэн дэгдэж явах насандаа хөл дээрээ босохын тулд бяцхан биедээ баймгүй тэвчээр, зорилго тавин өдөр бүрийг өвчинтэй тэмцэж өнгөрүүлжээ. Их тэвчээрийн эцэст хөл дээрээ боссондоо хөөрцөглөн ээж охин хоёр сургуульд оржээ.

Гэвч биеийнх нь хөдөлгөөн өөрт захирагддаггүй хөөрхий охиныг хүний нийгэм хүнээр нь хүлээж авсангүй. Харсан бүхэн хачирхан жигшиж, үеийнх нь хүүхдүүд айж ичин тэдний дунд байна гэдэг тэсвэрлэшгүй зовлон байжээ. Гэхдээ л түүний өвчинтэй тэмцэлдэж асан өдөр хоногуудтай үүнийг яахан зүйрлэж болох билээ.

Охиныхоо ганцаардлыг нимгэлэх гэсэндээ ээж нь үеийнх нь хүүхдүүдийг чихэр жимсээр хууран охинтойгоо тоглуулдаг байсан тухай ярьж байсныг нь санаж байна. Хорвоод хоёр биенээсээ өөр хэн ч үгүй ээж охин хоёр амьдралын шалгуурт бууж өгөлгүй тэмцсэн. Ээж нь түүнийг тэвчээртэй, зорилготой, ухаалаг, хатуу эмэгтэй болгон хүмүүжүүлснийг одоо та бид харж байна. Саажилт гэдэг бие эрхтэн нь тархиндаа захирагддаггүй өвчин.

Тийм ч учраас бусдын нүдэнд эвгүй харагдаж, оюуны хомсдолтой мэтээр төсөөлөгддөг. Өвчнөөсөө болж бусдад адлагдан, ганцаардлын гашууныг нялх зүрхээрээ мэдрэн бүлтгэнэн зогсох охиноо харсан эхийн сэтгэл ямар их эмтэрсэн бол гэхээс хамар шархирмаар. Гэхдээ л амьдрах хэрэгтэй. Аминаасаа амь тасалж унагасан ганц үрээ түүнийг хүлээж буй мянга мянган маргаашд бэлтгэх ёстой учраас эвийлэн энхрийлэхээс илүүтэй тэсэх, тэмцэхийг сургасан байна. Тийм дээ ч өнөөдөр Б.Болороо өдий зэрэгтэй яваа болов уу. 

Б.Болороо ээжийнхээ тухай ярих дуртай. Ярих тоолондоо хоолой нь зангирах боловч багаас суусан хатуужлаас болоод ч тэр үү нулимс нь аньсагаа давах нь үгүй. Түүний ээж н.Буянжаргал зөрсөн бүхэн эргэж харалгүй өнгөрөмгүй гоо эмэгтэй байсныг охин нь бахархан ярив. Харин гоо сайхан зүс, залуу халуун нас гээд бүхий л зүйлээ охиндоо зориулж, өнгөтнийг өмсөж амттаныг идэлгүй өнөөдрийг хүрсэн жирийн нэгэн эх хүн ажээ. Харин тэр аавынхаа тухай огтхон ч ярьдаггүй. Аавынх нь тухай асуухад “Би тэр хүний нэрийг нь ч мэдэхгүй. Амьдралдаа аав гэх үгийг хэлж ч үзээгүй. Ээж минь надад тэр хүний эзгүй орон зайг нэг ч удаа мэдрүүлж байгаагүй. Ээж минь л надад байхад би элэг бүтэн хүн” хэмээн ярьсан юм. 

Б.Болороогийн амьдрал дандаа зовлонтой байсан уу гэвэл үгүй. Яагаад ч юм хорвоо түүнд хатуурхсан гэмэндээ ч тэр үү түүнтэй дандаа сайн хүмүүсийг учруулдаг байна. Түүний ээж охиноо дурлахаас айж, дурласнаас болж шархалхаас нь айж байсан үе бий.  

Гэвч амьдрал алгаа дэлгэж охинд нь сайхан ханхүү илгээсэн гэдэг. Түүгээр ч барамгүй дөрвөн хананы дунд хөдөлж ч чадахгүй хэвтэж байсан Б.Болороо нэг л өдөр хүний эхнэр, хүүхдийн ээж болжээ. Амьдрал гайхалтай биш гэж үү. Дурласан залууг нь өвчиж төрсөн жаахан охины ээж болсон. Тэд хамтдаа охиноо хөлд орохыг, хэлд орохыг нь харж баясан өдөр бүр харвасан сум шиг өнгөрч байжээ.

Өдөр өдрөөр өөдөсхөн охин нь том болж, тэр хэрээр Б.Болороогийн дотор нууцхан айдас хурж байсан гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ханддаг нийгмийн сэтгэлгээнээс болоод түүний амьдралын бүх зүйл болох охин нь ээжээсээ ичих вий гэдгээс л тэр зүрхээ гартал айдаг аж. Тийм ч учраас нийгмийн энэ гажуу сэтгэлгээний ханыг эвдлэхийн тулд тэр өнөөдөр ч зүтгэсээр байгаа юм. Гэхдээ л амьдрал түүнийг шалгаж дуусаагүй ажээ. Б.Болороод хайр, амьдрал, итгэл дагуулж ирсэн сайхан ханхүү нь нэг л өдөр учирсан шигээ нэг л өдөр түүнээс явчихсан. Түүний нөхөр 2019 оны зургадугаар сард ажиллаж байсан компанийнхаа цахилгаан шатны хонгилоос нас барсан байдалтай олдов. Жаргал халгиж байсан гэрт нь өнчин хүүхэд, бэлэвсэн эмэгтэй, эмтэрсэн эх, эл хуль байдал л үлдсэн байна.

Хамгийн хэцүү нь зүв зүгээр ажлаа хийгээд гүйж байгаа бичлэг нь байтал түүний нөхрийг согтуурсны улмаас амиа алдсан гэх дүгнэлт гаргасанд Б.Болороо голдоо ортол гомдож, хэргийн үнэн мөнийг шийдүүлэхээр төв талбайд сууж буй. Нөхрийнх нь цогцсыг нас барснаас хойш бүтэн 19 хоногийн дараа олсон бөгөөд нас барсан хугацааг нь тогтоож чадахгүй байсан атал архи уусан байсан хэмээн дүгнэж байгаад Б.Болороо итгэхгүй байгаа юм. Согтуураагүй гэдгийг нь гэрчлэх хүн ч байгаа гэдгийг тэрбээр учирлаж буй. Аавыгаа асууж өдөр бүр элгийг нь эмтлэх учир мэдэхгүй жаахан охиндоо хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байгаа гэдгээ ч хөөрхий бүсгүй нуусангүй.

Тэр өнөөдөр ч тэмцсээр суугаа. Гэхдээ зовж, давж, тэвчиж сурсан хатуужилтай бүсгүй учраас тэр давж гарна. Санасандаа ч хүрнэ. Уйлах мянган шалтгаан байвч инээмсэглэх шалтгаан түүнээс олон гэдэг. Бүсгүй зүрх бүхэн чиний төлөө залбирч байгаа шүү, даваад  гараарай. Хүсэл байхад хясал дагадаг жамтай л гэдэг. Сорих тусам хатуужаарай. Дундуураа дүүргэж, дутуугаа гүйцээхийн төлөө дүүлэн нис ээ, бүсгүй минь.